settings icon
share icon
Асуулт

Библи үнэхээр Бурханы үг мөн үү?

Хариулт


Энэ асуултын хариулт бидний Библийг үзэх үзэл, түүнчлэн тэрээр бидний амьдралд ямар байр суурь эзэлж байгааг тодорхойлоод зогсохгүй, бидэнд үүрд мөнхөд нөлөө үзүүлэх болно. Хэрвээ Библи үнэхээр Бурханы үг мөн бол бид түүнд баярлаж, түүнээс суралцан, түүнд дуулгавартай байж, бүрэн итгэлтэй байх хэрэгтэй. Хэрвээ Библи Бурханы үг бол түүнийг үгүйсгэх нь бид Бурханыг Өөрийг нь үгүйсгэж байна гэсэн үг.

Бурхан бидэнд Библийг өгсөн гэдэг нь л Түүний бидэнд хандсан хайрыг тодорхой батлан харуулж байна. “Илчлэлт” гэсэн нэр томъёо нь Бурхан хүн төрөлхтөнтэй харилцаж, Өөрийгөө ямар болохыг, бид Түүнтэй хэрхэн зөв харилцаатай байхыг мэдүүлж байгааг хэлдэг. Эдгээр зүйлийг Бурхан Библи дээр бидэнд тэнгэрлэг байдлаар илчлээгүй байсан бол бид мэдэж чадахгүй байсан. Хэдий тийм боловч Бурханы Библид Өөрийгөө илчилсэн илчлэлт ойролцоогоор 1500 жилийн турш өсөн дэвжих байдлаар өгөгдсөн бөгөөд энэ нь хүн төрөлхтөн Бурхантай зөв харилцаатай байхын тулд Бурхан талаарх мэдэх хэрэгцээтэй бүхий л зүйлсийг агуулсан байдаг. Хэрвээ Библи үнэхээр Бурханы үг юм бол энэ ном бидний итгэл, шашны үйлдэл, ёс суртахууны бүхий л асуудлуудын дээд, эцсийн эрх мэдэл болно.

Бид өөрсдөөсөө заавал асуух ёстой нэг асуулт байна. Тэр нь Библи Бурханы үг үү эсвэл зүгээр л нэг сайн ном уу гэдгийг бид яаж мэдэж чадах вэ? Библийн онцлог тал нь юу вэ? Яагаад энэ ном бусад түүхэнд бичигдсэн шашны ном судруудаас тусдаа, ялгаатай байдаг вэ? Хэрвээ бид Библи бол Бурханы үг, тэнгэрлэг онгод оруулагдсан, итгэл, шашны үйлдлийн бүхий л асуудлуудад хангалттай хариулт өгч чаддаг гэдгийг нарийн шалгаж, шинжлэх гэвэл дээрх асуудлуудтай зайлшгүй тулгарах болно.

Библи өөрөө өөрийгөө Бурханы үг гэдгийг тунхагладагт бид эргэлзэхгүй байж болно. Энэ нь 2Тимот 3:15-17 гэх зэрэг зүйлүүд дээр тодорхой харагддаг. Үүнд: “Христ Есүст итгэх итгэлээр дамжуулан авралд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай Ариун Бичээсүүдийг чи бага наснаасаа мэдэх болсон. Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.”

Дээрх асуултнуудад хариулахын тулд бид Библи үнэхээр Бурханы үг гэдэг баталгааг библиэс гадуух хүчин зүйлүүд болон түүний дотоод агуулгаас харах ёстой. Библийн дотоод баталгаа гэдэг нь Библи өөрөө дотоод агуулгадаа бичсэн зүйлсээрээ өөрийгөө тэнгэрлэг эх үндэстэй гэдгээ гэрчлэн харуулах юм. Библи үнэхээр Бурханы үг болох нэг дотоод баталгаа нь түүний эв нэгдэлтэй байдал юм. Хэдийгээр жаран зургаан тусдаа номоос бүрддэг, гурван янзын тивд, гурван өөр хэлээр бичигдсэн, 1500 орчим жилийн урт хугацаанд 40 орчим зохиогчоор(амьдралын туршлагатай) бичигдсэн боловч Библи эхлэлээсээ төгсгөл хүртэл ямар ч зөрчилгүй нэгдсэн утга санаатай ном юм. Энэ нэгдэл нь Өөрийн үгээ Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөн бичүүлсэн гэдэг тэнгэрлэг эх сурвалжтай болохыг баталснаараа бусад бүх номнуудаас илүү онцлогтой.

Библи үнэхээр Бурханы үг гэж баталсан бас нэг дотоод баталгаа бол өөрийн хуудаснууд дотроо нарийвчлан бичигдсэн эш үзүүллэгүүдээс(зөгнөлүүдээс) харагддаг. Израилиас гадна олон хувь үндэстнүүдтэй холбогдсон эш үзүүллэг, тодорхой нэг хотуудын ирээдүйн тухай эш үзүүллэг, хүн төрөлхтөний ирээдүйн тухай эш үзүүллэг, зөвхөн Израилийг авраад зогсохгүй Түүнд итгэсэн бүх хүнийг аврах Мессиа(Аврагч) гэх Нэгэний ирэлтийн тухай эш үзүүллэг гэх зэргийг Библи агуулж байдаг. Бусад шашны номнууд эсвэл Нострадамус гэх зэрэг хүмүүсийн хэлсэн эш үзүүллэгээс ялгаатай нь библийн эш үзүүллэгүүд туйлын нарийвчилсан байдаг бөгөөд хэзээ ч биелэгдэхгүй алдаанд орж байсангүй. Зөвхөн Хуучин гэрээнд Есүс Христийн талаар бичигдсэн гурван зуу орчим эш үзүүллэг байдаг. Тэр ямар гэр бүлээс гаралтай байх, хаана төрөх талаар урьдчилан хэлээд зогсохгүй, бас Тэр хэрхэн нас барах, хэрхэн гурав дахь өдрөө дахин амилах талаар ч бичигдсэн. Энэхүү Библийн эш үзүүллэгүүдийн биелэлийг тэнгэрлэг эх сурвалжтай гэхээс өөрөөр тайлбарлах ямар нэгэн логик байхгүй. Библиэс гадна өөр ямар ч шашны номд ийм өргөн хэмжээний, олон төрлийн урьдчилсан таамаг байдаггүй.

Гурав дахь Библийн тэнгэрлэг эх сурвалжын талаарх дотоод баталгаа нь түүний эрх мэдэл, хүч чадлын онцлогоор харагддаг. Хэдийгээр энэ баталгаа нь эхний хоёр баталгааг бодоход тухайн хүний хэрхэн хүлээн авч байгаагаас шалтгаалах боловч Библийн тэнгэрлэг эх сурвалжын талаар хүчтэй гэрчлэл болдог. Библи түүхэнд бичигдсэн бусад номтой адилгүй маш онцлог эрх мэдэлтэй. Энэ эрх мэдэл, хүч чадал нь Библийг уншаад өөрчлөгдсөн тоо томшгүй олон хүний амьдралаас маш сайн харагддаг. Хар тамхинд донтогсод үүгээр эмчлэгдэж, гомосекс хүмүүс чөлөөлөгдөж, хаягдсан, ядарсан хүмүүс өөрчлөгдөж, хэрцгий гэмт хэрэгтнүүд засарч, гэм нүгэлтнүүд буруутгагдаж, үзэн яддаг хүмүүс үүнийг уншсанаар хайрлагсад болдог. Библид өөрчлөх, динамик хүч чадал байгаа нь түүнийг үнэхээр Бурхан үг мөн гэдгийг боломжтой болгож байна.

Библи үнэхээр Бурханы үг мөн болохыг баталсан дотоод баталгааны хажуугаар мөн түүнээс гадна орших хүчин зүйлийн баталгаанууд ч байдаг. Үүнийг гадаад баталгаа гэж нэрлэе. Тэдгээрийн нэг нь Библийн түүхэн өгүүлэмж юм. Библид түүхэн үйл явдлуудыг нарийвчлан тайлбарладаг болохоор бусад түүхэн баримтуудыг шалгадагтай адил түүний үнэн, зөвийг шалгаж болно. Археологийн баримт болон бусад түүхэн бичиг баримтуудаас Библийн түүхэн бичлэг зөв, үнэн болох нь өдрөөс өдөрт батлагдсаар л байна. Үнэн хэрэгтээ археологийн болон бусад түүхийн бичээс Библи эртний дэлхий дахины талаарх өгүүлэмжийг хамгийн шилдэг бичсэн ном гэж харуулдаг. Тэгэхлээр түүхээр батлагдсан үйл явдлуудын талаар Библи үнэн, зөвөөр бичсэнийг харснаараа түүний шашны үйл явдал, онол үзэл баримтлалууд нь үнэн бөгөөд үнэхээр Бурханы үг мөн болохыг батлан харуулах нэг хэрэгсэл болж чадна гэж үзэж болно.

Библи үнэхээр Бурханы үг мөн болохыг харуулсан бас нэг гадаад баталгаа бол хүмүүн зохиогчдын шударга байдал юм. Дээр дурьдсаны дагуу Бурхан удаан хугацааны амьдралын туршлагатай хүмүүсийг ашиглан Өөрийнхөө үгээ бидэнд бичүүлэн үлдээсэн. Эдгээр хүмүүсийн амьдралын талаар судалж харвал тэд итгэмжгүй, шударга бус эрчүүд байсан гэх ямар ч онцгой шалтгаан харагдахгүй. Тэдний амьдрал болон өөрсдийн итгэж байсан зүйлийнхээ төлөө үхэхээс ч буцахгүй байдал(ихэвчлэн аймшигтай, хэрцгий үхэл) нь эдгээр энгийн шударга эрчүүд Бурхан тэдэнд үнэхээр хэлсэн гэдэгт бат итгэж байсныг тодорхой ойлгож болно. Шинэ гэрээг бичсэн эрчүүд болон бусад хэдэн зуун итгэгчид(1 Коринт 15:6) Есүс Христийг үхлээс амилсны дараа Түүнийг харж, Түүнтэй хамт цагийг өнгөрүүлж байсан болохоор Түүний хэлсэн үгс үнэн гэдгийг мэдсэн. Амилсан Христийг харсан нь тэдгээр эрчүүдэд аугаа их нөлөөг үзүүлсэн. Тэд айдастай нуугдаж байснаа орхиж өөрсдөд нь илчилсэн Бурханы үгсийг тунхаглахын тулд үхэхээс ч айхгүй болсон. Тэдний амьдрал, үхэл Библи үнэхээр Бурханы үг гэдэг фактыг гэрчилсээр байдаг.

Библи үнэхээр Бурханы үг мөн болох эцсийн гадаад баталгаа бол Библийн устгагдашгүй байдал юм. Үүний үнэ цэнэтэй байдал болон Бурханы үнэн үг гэсэн тунхаглалаас болж Библи түүхэн дэх ямар ч номноос илүүтэй устгах гэсэн оролдлого, дайсагналд өртөж байсан. Эртний Ромын эзэн хаан Диоклатан гэх мэт хүмүүсээс коммунист удирдагчид, орчин үеийн атейст болон хонзогногч хүмүүсийн дайралтийн эсрэг зогсож байсан боловч өнөөгийн дэлхий дахинд хамгийн их өргөн хэвлэгдэж тараагдсан ном байсаар байна.

Цаг хугацааны туршид үл итгэгч хүмүүс Библийг домгийн номонд оруулж байсан боловч археологи энэ номыг түүхэн ном гэдгийг харуулсаар ирсэн. Эсэргүүцэгчид библийн сургаалийг цаг нь өнгөрсөн, анхан шатны зүйл гэж дайрч байгаа боловч түүний ёс суртахууны болон хуулийн үзэл баримтлалууд, сургаалиуд нь дэлхий даяарх нийгэм болон соёлд эерэг нөлөө үзүүлсээр байна. Шинжлэх ухаан, сэтгэл судлал, улс төрийн хөдөлгөөнүүдийн дайралтанд байнга өртсөөр байгаа боловч өнөө үед ч анх бичигдсэн үе шигээ үнэн, чухал хэрэгцээтэй хэвээрээ үлдсэн байна. Энэ ном өнгөрсөн 2000 жилийн турш тоо томшгүй хувь хүний амьдрал болон соёлыг өөрчилсөн. Эсэргүүцэгчид нь хичнээн дайрч, устган, итгэхгүй байсан ч Библи тэр хугацааны өмнө байсан шигээ л хүчирхэг, чухал хэрэгтэй, үнэн хэвээрээ үлдсэн байна. Ямар ч дайралт, буруутгал, устгах гэсэн үйлдлийг давж хадгалагдан үлдсэн байдал нь Библи үнэхээр Бурханы үг мөн болохыг тодорхой гэрчилж байна. Библи ямар ч дайралтанд өртсөн энэ нь бидэнд нэг их гайхаад байх зүйл бус бөгөөд тэрбээр үргэлж хувиршгүй, бүрэн бүтнээрээ үлдсэн. Эцэст нь хэлэхэд Есүс ингэж хэлсэн байна. “Тэнгэр, газар өнгөрөн одох боловч, Миний үгс өнгөрөхгүй”(Марк 13:31). Эдгээр баталгаа баримтуудыг харсны дараа хэн ч байсан “Тиймээ Библи бол үнэхээр Бурханы үг” гэж эргэлзээгүйгээр хэлж чадна.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Библи үнэхээр Бурханы үг мөн үү?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries