Библи алдаа, зөрчил, ялгаа зөрөөнүүдийг агуулж байдаг уу?




Асуулт: Библи алдаа, зөрчил, ялгаа зөрөөнүүдийг агуулж байдаг уу?

Хариулт:
Хэрвээ бид Библийг ямар нэг урьдаас төлөвлөж алдаа эндэгдлийг нь олж харах гэсэн нүдээр бус, харин ч үнэ цэнийг нь эрхэмлэн уншиж үзэх юм бол хоорондоо нэгдмэл авцалдаатай, алдаа мадаггүй, харьцангуй ойлгоход амархан ном гэдгийг мэдэх болно. Мэдээж хэрэг бэрхшээлтэй багцлалууд байдаг. Хоорондоо зөрчилдөөд байгаа мэт санагдах ишлэлүүд ч бас бий. Харин бид Библи бол 1500-н жилийн туршид ойролцоогоор 40 орчим бичээчийн гараар бичигдсэн гэдгийг санаж байх ёстой. Бичигч бүр өөр өөр хэв маягтай, өөр бодлын өнцгөөс, өөр хүмүүст зориулж, өөр зорилготой бичсэн. Тиймээс бид бага зэргийн ялгаануудыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэвч ялгаа гэдэг бол зөрчил гэсэн үг биш. Хэрвээ тухайн ишлэл юмуу багцлалууд хоорондоо нэгдмэл зөрчилгүй байдлаар ойлгогдох ямар нэг арга зам ер байхгүй тохиолдолд л түүнийг алдаа гэж тооцож болно. Хэдийгээр яг одоо хариулт нь тодорхой байхгүй гэж үзлээ ч тэр нь хариулт ер байхгүй гэсэн үг биш болно. Түүх эсвэл газарзүйтэй холбоотой Библийн алдаа оллоо гэж олон хүн зарласан боловч тодорхой археологийн нотолгоо олдсоны дараа дахин Библи алдаа мадаггүй болох нь тогтоогдсон байдаг.

Бид үргэлж л “эдгээр ишлэлүүд яагаад хоорондоо зөрчилдөхгүй байгааг тайлбарла!” эсвэл “Хар!, энд Библийн алдаа байж байна!” гэсэн асуултуудыг хүлээн авдаг. Зарим хүмүүсийн тавьж буй асуултууд нь хариулахад бэрхшээлтэй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Библийн зөрчил юмуу алдаа гэж таамаглагдсан зүйл болгонд сэтгэлгээний хувьд бодит үнэмшилтэй, амьдралд ашиг тус бүхий хариултууд байдаг гэж бид үздэг. “Библи дэх алдаанууд” гэсэн жагсаалт бүхий ном, вэб сайт их байдаг. Ихэнх хүмүүс өөрсдөө тэрхүү алдаатай байдлыг олоогүй, харин эдгээр газруудаас авчихдаг байна. Гэтэл бас алдаа гэж үзсэн зүйлсүүд болгоныг тайлбарласан ном, вэбсайтууд байж л байдаг. Харамсалтай нь Библи рүү дайрч байгаа ихэнх хүмүүс хариултыг нь сонирхож, ойшоодоггүй. Олон “Библи рүү дайрагчид” эдгээр хариултуудыг өөрсдөө мэдэж байдаг боловч тэд үргэлжлүүлэн янз бүрийн хуучин үнэмшмээр бус арга барилуудаа ашиглан дахин давтсаар байдаг.

Тиймээс, хэн нэгэн Библийн алдааны шалтаг гарган бидэнтэй ярилцах гэвэл юу хийх хэрэгтэй вэ? 1) Залбирч Бичээсийг судлан энгийн хариулт байгаа эсэхийг харна. 2) Зарим энгийн Библийн тайлбар толиуд, “Библи хамгаалсан” номнууд, библийн судалгааны вэбсайт ашиглан судалгаа хийх хэрэгтэй. 3) Чуулганыхаа пастор, удирдагч нарт хариулт байгаа эсэх талаар асуух. 4) Эхний гурван алхамыг хийгээд тодорхой хариулт олдохгүй байсаар байвал Бурханд найдлага тавьж, өнөө үед хэдийгээр энгийн байдлаар ойлгох боломжгүй боловч шийдвэрлэх арга барил байж таарна хэмээн Түүний үг үнэн гэдэгт итгэх хэрэгтэй (2 Тимот 2:15, 3:16-17).



Монгол хэл дээрх сайт руу буцах



Библи алдаа, зөрчил, ялгаа зөрөөнүүдийг агуулж байдаг уу?