Христэч эцэг хүний тухай Библи юу хэлдэг вэ?




Асуулт: Христэч эцэг хүний тухай Библи юу хэлдэг вэ?

Хариулт:
Бичээст байгаа хамгийн агуу тушаал нь: “Чи Өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла” (Дэд хууль 6:5). Харин өмнөх 2 ишлэл дээр очвол, “Ингэснээр чи болон чиний хүү, ач хүү чинь насан туршдаа Эзэн Бурханаасаа айн эмээж, миний та нарт тушаасан бүх зарлиг тушаалыг даган мөрдөх бөгөөд чи урт наслах юм” гэсэн байна. Дэд хууль 6:5-с цаашилбал “Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай” (6-7 иш) гэжээ.

Израилийн түүх эцэг хүн хүүхдүүддээ Эзэний үгс болон арга замуудыг хичээнгүйлэн заан сургаж, тэгснээрээ тэд өөрсдийн оюун санаа, итгэл бишрэлийн хөгжил, сайн сайхан байдалд хүрдэг байсныг харуулж байна. Бичээсийн тушаалуудад дуулгавартай байсан эцэг хүн яг ийм зүйлсийг үйлдсэн. Энэ нь бидэнд Сургаалт үгс 22:6-г сануулдаг. “Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй.” “Сурга” гэдэг нь эцэг болон эх хүн хүүхдээ багаас нь эхлэн боловсрол олгохыг хэлж байна. Сургалт нь өөрсдийн хүсэж буй амьдралын маягыг хүүхдүүддээ тодорхой ойлгуулж заахад зориулагдсан. Хүүхдүүдийг багаас нь эхлүүлэн ийм арга замаар сургах нь маш их ач холбогдолтой.

Ефес 6:4 бол эерэг болон сөрөг аль аль талаар эцэг хүнд өгөгдсөн нийтлэг сургамж юм. “Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл.” Энэ ишлэлийн сөрөг тал нь эцэг хүн хатуу ширүүн, шударга бус, ялгаварласан, шалтгаангүйгээр эрх мэдлээ хэрэглэн хүчирхийлэх байдал зэргээр хүүхдүүдийнхээ дотор сөрөг байдлыг бий болгож болохгүйг илэрхийлдэг. Хүүхдэд хандсан шалтгаангүй, хэрцгий зан авир нь хүний зүрх сэтгэлд муу муухай зан авирыг бий болгоход л хүргэнэ. “Уурлуул” гэдэг нь “цухалдуулах, бачимдуулах, буруу байдлаар залхаах, эсвэл турхирах гэсэн утгатай гэнэ”. Энэ нь хатуурхал, шалтгаангүй буруутгал, харгислал, хэрцгий шаардлага, хэрэгцээгүй хорио, диктатуртай эрх мэдэл бүхий хувиа бодсон хандлага гэх зэрэг буруу сэдлээр буруу арга барил хэрэглэх явдал юм. Ийм өдөөх явдал нь байнга сөргөлдөх хариу үйлдлийг бий болгож, хүүхдүүдийн сэтгэлийн хөдөлгөөнийг үхүүлж, ариун байдалд тэмүүлэх хүслийг нь багасган, тэд юу ч хийсэн эцэг эхдээ таалагдахгүй гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Ухаантай эцэг эхчүүд хайр болон дөлгөөн байдлаар хандаж, түүгээр дуулгавартай байх явдлыг бий болгох аргыг эрж хайдаг.

Ефес 6:4-н эерэг тал нь тэднийг сурга, хүмүүжүүл, Эзэний дэг журам, сургамжаар бүхий л амьдралынх нь зан авирыг хөгжүүл гэсэн өргөн хүрээний чиг хандлагыг илэрхийлсэн байдаг. Энэ бол сургаж, дасгалжуулахын нийтлэг үйл явц юм. “Дэг журам” гэдэг үгэнд хүүхдийн алдааг босгон байгуулах байдлаар болон үүрэг хариуцлагыг нь сануулах гэсэн санаа явж байдаг.

Христэч эцэг бол Бурханы гар дахь гайхалтай зэмсэг юм. Дасгалжуулалт болон сургамжын бүхий л процесс нь Бурханы тушаасан, амьдралд сахиулах гэсэн зүйлс байх ёстой бөгөөд ингэснээр хүүхдүүдийн ой ухаан, зүрх сэтгэл, оюун санаанд нэн тэргүүнд, мөн байнга Түүний эрх мэдэл байх болно. Хүмүүн эцэг нь өөрийгөө хэзээ ч үнэн зөв, үүрэг хариуцлагыг тогтоодог туйлын эрх мэдэл мэтээр дүрслэн үзүүлж болохгүй. Энэ бол Бурханыг л зөвхөн багш болон захирагч болгож бүх зүйлс тэр эрх мэдлээр хийгдэж, боловсролын зорилго ч гэсэн үүнийг агуулах юм бол хамгийн шилдэг болж чадна.

Мартин Лютер “шилбүүрийнхээ хажууд бас алим байлгаж, хүүхдээ сайн байвал өг” гэж хэлсэн байдаг. Сахилгажуулалт маш хянуур анхаарал халамж, тогтмол сургамж, хичээнгүй залбиралын хамт хийгдэх ёстой. Шийтгэл, дасгалжуулалт болон Эзэний үгээрх зөвлөгөө, зэмлэл, урамшууллын аль алиныг өгөх нь “дэг журмын” гол цөм болдог. Заавар нь Эзэнээс ирж, Христэч туршлагын сургуульд сургагдах бөгөөд голдуу аав нь, мөн аавынх нь удирдлаган дор ээж нь байх буюу эцэг эхээр удирдан зохион байгуулагддаг. Христэч дасгалжуулалт нь хүүхдүүдийг Бурханаас эмээдэг, эцэг эхийн эрх мэдлийг хүндэлдэг, Христэч хэм хэмжээсийн мэдлэгтэй, биеэ захирах зуршилтай болгоход тусалдаг.

“Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай” (2 Tимот 3:16-17). Эцэг хүний хамгийн анхны хариуцлага бол өөрийн хүүхдээ Бичээстэй танилцуулах юм. Эцгүүдийн Бурханы үнэнийг заахдаа хэрэглэх хэрэгсэл, арга барилууд нь янз бүр байна. Эцэг хүн итгэмжтэй байж гол үлгэр жишээ болоход хүүхдүүдийн Бурханы тухай суралцсан зүйл нь тэдний энэ дэлхийд амьдрах хугацаанд нь юу хийж, хаашаа явсан ч сайн байр сууринд зогсоох гол хүчин зүйл нь байдаг.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Христэч эцэг хүний тухай Библи юу хэлдэг вэ?