Яагаад Бурхан Израилийг Өөрийн ард түмэн болгон сонгосон бэ?




Асуулт: Яагаад Бурхан Израилийг Өөрийн ард түмэн болгон сонгосон бэ?

Хариулт:
Израиль үндэстний талаар Дэд хууль 7:7-9-д ингэж хэлсэн. “Та нар бусад үндэстнээс олон байсан учраас ЭЗЭН та нарыг хайрлаж, сонгосон юм бус. Та нар бол бүх үндэстнээс хамгийн цөөхөн нь билээ. Харин ЭЗЭН та нарыг хайрласан учраас, бас та нарын өвөг дээдэст андгайлсан тангаргаа сахихын тулд та нарыг Тэр хүчирхэг мутраараа гарган авч, боолчлолын гэрээс, Египетийн хаан Фараоны гараас зольсон билээ. Тиймээс чи мэдэж ав. Чиний Бурхан ЭЗЭН бол Бурхан, Тэр бол итгэмжит Бурхан. Тэр Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад мянган үеийг хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрлээ үзүүлдэг.”

Бурхан Израилийг Өөрийн ард түмэн болгон сонгосон нэг шалтгаан нь гэм нүгэл болон үхлээс аврах Аврагч Есүс Христийг тэдний дундаас төрүүлэх гэсэн (Иохан 3:16). Бурхан Адам Еваг гэм нүгэлд унасны дараа Мессиаг анх амласан (Эхлэл 3 бүлэг). Бурхан дараагаар нь Мессиаг Абрахам, Исаак, болон Иаковын шууд үр удмаас төрүүлнэ гэж баталгаажуулсан (Эхлэл 12:1-3). Есүс Христ бол Бурхан Израилийг Өөрийн ард түмэн болгохоор сонгосны түлхүүр шалтгаан. Бурханд хүмүүсийг сонгох хэрэгцээ байхгүй ч Тэрээр ийм арга замаар хийхээр шийдсэн. Есүс зайлшгүй нэг ард түмний дунд төрөх шаардлагатай байсан бөгөөд Бурхан Израилийг сонгосон.

Бурханы Израилийн ард түмнийг сонгосон шалтгаан нь Мессиаг төрүүлэх зорилго дангаараа байсан гэж бас хэлж чадахгүй. Бурханы Израильд тавьсан бас нэг хүсэл нь тэднээр Өөрийн тухай бусдад мэдүүлэх, заалгах байв. Израиль нь дэлхийд тахилч, эш үзүүлэгч, миссионер үндэстэн болсон байв. Израиль тусгаар ард түмэн байж бусдын анхаарлыг Бурхан болон Түүний амласан Аврагч, Мессиа, Золигч нэгэнд хандуулах хүмүүс байгаасай гэж Бурхан хүссэн. Өнгөрсөн цаг хугацааны турш ихэнхдээ Израильчууд энэ үүргээ биелүүлж чадаагүй. Гэвч Бурхан Израильд тавьсан туйлын зорилго болох Мессиаг дэлхийд авчирах үүргээ Есүс Христийн хүмүүн төрөлтөөр бүрэн төгс гүйцэтгэсэн.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Яагаад Бурхан Израилийг Өөрийн ард түмэн болгон сонгосон бэ?