Есүс бидний гэм нүглийн төлөө үхсэнээс өмнө амьдарч байсан хүмүүс аврагдсан уу?




Асуулт: Есүс бидний гэм нүглийн төлөө үхсэнээс өмнө амьдарч байсан хүмүүс аврагдсан уу?

Хариулт:
Хүн анх гэм нүгэл үйлдснээс хойш хүний аврагдах үндэс нь Христийн үхэл үргэлж байсаар байсан. Загалмайгаас өмнө байсан, эсвэл хойно байсан хэн ч байсан тэрхүү дэлхийн түүхийн чухал үйл явдалгүйгээр аврагдаж чадахгүй. Христийн үхэл Хуучин гэрээний ариун хүмүүсийн өнгөрсөн үеийн гэм, Шинэ гэрээний ариун хүмүүсийн ирээдүйн гэм нүглүүдийн төлөөх шийтгэлийг бүрэн төлсөн.

Авралын шаардлага нь ч бас үргэлж итгэл байсаар ирсэн. Авралын төлөөх хэн нэгний итгэлийн гол тулгуур обьект нь Бурхан байсаар ирсэн. Дуулал номыг бичигч “Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!” (Дуулал 2:12) гэж бичсэн. Эхлэл 15:6 бидэнд Абрахам Бурханд итгэсэн бөгөөд тэрхүү итгэл нь Бурхан түүнийг зөвт шударга хүн гэж үзэхэд хангалттай шалтгаан байсан болохыг хэлж өгдөг (Ром 4:3-8-г мөн харж болно). Еврей 10:1-10 нь Хуучин гэрээний тахилын систем гэм нүглийг зайлуулдаггүй болохыг бидэнд тодорхой зааж өгдөг. Хэдий тийм боловч энэ нь Бурханы Хүү гэмт хүн төрөлхтөний төлөө Өөрийн цусыг урсгах өдрийг зааж байдаг байсан.

Цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж байсан зүйл нь итгэгчдийн итгэлийн агуулга байв. Юунд итгэх ёстой вэ гэх Бурханы шаардлага нь тухайн үеийг хүртэл Бурхан хүн төрөлхтөнд өгч байсан илчлэлтийнх нь хэмжээн дээр үндэслэдэг байв. Үүнийг үйл явц дахь илчлэлт гэж нэрлэдэг. Адам Бурханы Эхлэл 3:15д өгсөн эмэгтэйн Үр удам Сатаныг ялах болно гэсэн амлалтанд итгэсэн. Адам Түүнд итгэсэн бөгөөд үүнийгээ тэрээр Ева гэх нэр өгснөөр харуулж(20р ишлэл), Эзэн мөн тэдэнд амьтны арьсаар хийсэн хувцас өмсүүлснээр тэднийг шууд хүлээн авсан болохоо харуулсан (21р ишлэл). Хэдийгээр яг тэр үед Адамын мэдэж байсан зүйл нь бага боловч тэр итгэсэн байдаг.

Абрам Бурханы түүнд өгсөн амлалтууд болон Эхлэл 12 ба 15 бүлэгт Түүнд өгсөн шинэ илчлэлтийн дагуу Бурханд итгэсэн. Мосегоос өмнө ямар ч Бичээс бичигдээгүй байсан бөгөөд хүн төрөлхтөн Бурханы илэрхийлсэн илчлэлтэнд бүрэн хариуцлага хүлээж байсан. Хуучин гэрээний туршид итгэгчид аврал руу ирж байсан бөгөөд тэд Бурхан нэг л өдөр тэдний гэм нүглийн асуудлыг шийдвэрлэнэ гэж итгэсэн. Өнөөдөр бид арагшаагаа харж Тэр бидний гэм нүглийн асуудлыг загалмай дээр аль хэдийн шийдсэн болоход итгэдэг (Иохан 3:16; Еврей 9:28).

Христийн үед буюу Түүний загалмай болон амилалтынх нь өмнө амьдарч байсан итгэгчид яах вэ? Тэд гэм нүглийнх нь төлөө загалмай дээр Христийн үхэж буй байдлыг бүрэн агуулгаар нь ойлгож байсан болов уу? Өөрийн үйлчлэлийн төгсгөл орчим буюу “Тэр цагаас эхлэн Есүс Христ шавь нартаа Өөрийн Иерусалим уруу явах, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах, гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо илэрхийлж эхлэв” (Матай 16:21-22). Энэ үгийг нь сонссон дагалдагчдынх нь хариу үйлдэл ямар байв? “Петр Түүнийг татаж “Эзэн минь, Таныг Бурхан өршөөг. Ийм юм Танд хэзээ ч тохиолдохгүй” гэж зэмлэж эхэлсэн”. Петр болон бусад дагалдагсад үнэнийг бүрэн төгсөөр нь мэдэж чадаагүй байсан боловч тэдний аврагдсан учир нь Бурхан тэдний гэм нүглийн асуудлыг шийдэж өгнө гэдэгт итгэсэнд байгаа юм. Тэд Адам, Абрахам, Мосе эсвэл Давидын мэдэж байснаас илүүгүйгээр Бурхан яг яаж шийдвэрлэхийг нь мэдэхгүй байсан ч Бурханд итгэсэн.

Өнөөдөр Христийн амилалтаас өмнө амьдарч байсан хүмүүсээс илүү илчлэлт бидэнд байгаа төдийгүй бид бүхэл зургаар нь харж байна. “Эрт үед эш үзүүлэгчдээр дамжуулан эцэг өвгөдөд олон хэсгээр болон янз бүрийн арга замаар айлдсан Бурхан эдгээр эцсийн өдрүүдэд Өөрийн Хүүгийн дотор бидэнд хандаж айлдав. Тэр Хүүгээ бүхний өвлөгчөөр томилсон бөгөөд Хүүгээрээ ертөнцийг бүтээсэн билээ” (Еврей 1:1-2). Бидний аврал Христийн үхэл дээр үндэслэсэн хэвээр, бидний итгэл ч авралын шаардлага болсон хэвээр, итгэлийн гол обьект нь Бурхан байсан хэвээр л байна. Өнөөдөр бидэнд өгөгдсөн итгэлийн агуулга маань Есүс Христ бидний төлөө үхэж, оршуулагдан гурав дахь өдөртөө амилсан гэдэг зүйл юм (1 Коринт 15:3-4).



Монгол хэл дээрх сайт руу буцах



Есүс бидний гэм нүглийн төлөө үхсэнээс өмнө амьдарч байсан хүмүүс аврагдсан уу?