Хамтарсан залбирал чухал уу? Хамтарсан залбирал хувь хүн ганцаараа залбирсанаас илүү хүчтэй юу?




Асуулт: Хамтарсан залбирал чухал уу? Хамтарсан залбирал хувь хүн ганцаараа залбирсанаас илүү хүчтэй юу?

Хариулт:
Хамтарсан залбирал гэдэг бол чуулганы амьдралын нэгээхэн чухал хэсэг болдог бөгөөд мөргөл, зөв сургаал, ариун ёслол, нөхөрлөл зэрэгтэй адил ач холбогдолтой. Анхны чуулган хамтдаа цугларч элч нарын сургаалийг суралцан, талх хуваан идэж, хамт залбирч байсан (Үйлс 2:42). Бид0 бусад итгэгчидтэй хамт залбирах нь маш эерэг үр нөлөөтэй байдаг. Хамтарсан залбирал нь бидний хуваалцсан нийтлэг итгэлийг улам нэгтгэж, заримдаа засан залруулдаг. Бидний Эзэн болон Аврагчыг магтан хүндэтгэж буй үгсийг сонсох нь бидний зүрх сэтгэлийг баяр хөөртэй болгож, итгэгч бүрийн дотор оршин байгаа нэг Ариун Сүнс энэ дэлхийн өөр ямар ч амьдралд байхгүй дотно нөхөрлөлийн онцгой харилцаагаар биднийг нягт холбож өгдөг.

Амьдралын хүнд ачаанд дарагдан, тэмцэлдэж, ганцаараа унасан байсан хүмүүс бусдыгаа сонсох нь тэднийг нигүүлслийн хаан суудалд өргөх маш том урамшуулал, тайвшруулал болж чадна. Бид хүмүүстэй хамт, тэдний төлөө зуучлан залбирна гэдэг нь мөн бидний дотор бусдад хандсан хайр болон анхаарал халамж бий болж байгуулагдана гэсэн үг. Үүний хажуугаар хэлэхэд хамтарсан залбирал гэдэг бол оролцож буй хувь хүмүүсийн зүрх сэтгэлийнх нь илэрхийлэл л байх болно. Бид Бурханы өмнө даруу төлөв байдлаар (Иаков 4:10), үнэнээсээ (Дуулал 145:18), дуулгавартайгаар (1 Иохан 3:21-22), мөн талархалтайгаар (Филиппой 4:6) түүнчлэн итгэлтэйгээр (Еврей 4:16) очих ёстой. Харамсалтай нь хамтарсан залбирал заримдаа оролцож буй хүмүүсийн хэлж буй үгс нь шууд Бурхан руу хандсан бус харин сонсогчид руу хандсан байдалтай болчихсон байдаг. Ийм зан төлөв гаргаж болохгүй гэж Есүс Матай 6:5-8 ишлэлд анхааруулсан бөгөөд үүнд залбирахдаа бусдад харагдах гэж, эсвэл олон үг хэлэх, хоёр нүүр гаргахгүй байхыг заасан төдийгүй ийм уруу таталтаас зайлсхийхийн тулд өөрийн дотоод өрөөндөө орж нууцаар залбирах нь чухал гэсэн.

Бичээсийг нарийвчлан харвал хувь хүний ганцаараа залбирсан залбиралаас хамтарсан залбирал нь “илүү хүчтэй” байж Бурханы гарыг хөдөлгөх боломжтой гэж дурьдсан ямар ч хэсэг байхгүй. Дэндүү олон Христэд итгэдэг хүмүүс залбиралыг “Бурханаас хэрэгтэй юмсаа авах” гэдэгтэй адилтган бодож, бүлгээрээ залбирах нь ихэнхдээ өөрсдийн хүссэн зүйлсийг давтан хэлэх үйл явдал болж хувирсан байдаг. Хэдий тийм ч Библийн хэлсэн залбирал нь олон талтай бөгөөд бүхий л зүрх сэтгэл хүслээ нэгтгэн бидний ариун, төгс, зөвт шударга Бурхантай дотно болоод ухамсартай харилцаа, нөхөрлөлтэй байхыг хүсэх явдал хамаардаг. Бидний Бурхан Өөрийн бүтээлүүдийн хүсэлтэнд чих тавин анхаарч чин сэтгэлээс хүндэтгэх, бишрэх зүрх сэтгэлийг дүүргэн өгч (Дуулал 27:4; 63:1-8), зүрх сэтгэлийн гүнээс ундрах гэмшил, улайлтанд хүргэн (Дуулал 51; Лук 18:9-14), сэтгэл хангалуун талархал, магтаалыг урсган (Филиппой 4:6; Колоссай 1:12), бусдын төлөө гэх чин сэтгэлийн зуучлан залбиралыг бий болгодог (2 Tесалоник 1:11; 2:16).

Тэгэхлээр залбирал гэдэг нь Түүний төлөвлөгөөг биелүүлэхийн тулд Бурхантай хамтран ажиллах явдал болохоос өөрийн хүслийн төлөө Түүнийг барьж, хүлэх явдал биш. Бид өөрсдийн хүслээсээ татгалзан бүхий л нөхцөл байдлыг бидний мэдэхээс хамаагүй илүү сайн тодорхой мэдэх буюу “асуухаас өмнө юу хэрэгтэйг нь мэддэг” (Maтай 6:8) Нэгэнд бууж өгөх нь бидний залбиралыг тэрхүү өндөр түвшинд хүргэнэ. Тийм болохоор Тэнгэрлэг Түүний хүсэлд бүрэн бууж өгч өргөсөн залбиралууд нь нэг хүн хийсэн байна уу эсвэл хэдэн мянган хүн хийсэн байна уу хамааралгүй үргэлж эерэг байдлаар хариулагддаг.

Хамтарсан залбирал нь Бурханы гарыг илүү хөдөлгөх боломжтой гэх буруу ойлголт нь Матай 18:19-20 ишлэлийг алдаатай тайлбарласнаас голчлон шалтгаалж байгаа юм. Үүнд: “Би та нарт дахин хэлье. Хэрэв та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл, тэнгэр дэх Миний Эцэг үүнийг чинь тэдний төлөө биелүүлэх болно. Учир нь хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.” Эдгээр ишлэлүүд нь чуулганы гэм нүгэл үйлдсэн гишүүнийг сахилгажуулах тохиолдолын зарчимын талаар өгүүлж байгаа томоохон багц ишлэлүүдийн нэг хэсэг болдог. Ийм хэсгийг итгэгчид хичнээн гэм нүгэлтэй, эсвэл хичнээн гэнэн тэнэг байсан ч хамаагүй хамтдаа нийлж тохироод асуусан зүйлсийг нь Бурханы биелүүлэх гарын үсэгтэй чек адил амлалт гэж тайлбарлах нь чуулганы сахилгажуулалтын хам сэдэвт тохирохгүй байгаад зогсохгүй Бичээсийн бусад бүх хэсгийг, ялангуяа Бурханы эрх мэдлийг үгүйсгэсэн зүйл болж таарна.

Нэмж хэлэхэд “хоёр юмуу гурвуулаа хамтдаа цуглараад” залбирахад нь ид шидийн хүч үйлчилж залбирсан зүйлсийг нь автоматаар биелүүлнэ гэж итгэхийг библи ямар ч байдлаар дэмждэггүй. Мэдээж хэрэг хоёр юмуу гурван хүн залбирахад Есүс хамт байна, тэр байтугай нэг хүн залбирахад, тэрхүү залбирч байгаа хүн бусад хүмүүсээсээ хэдэн мянган километр хол байсан ч Тэр адилхан л хамт байна. Хамтарсан залбирал гэдэг бол маш их ач холбогдолтой. Яагаад гэвэл энэ нь нэгдмэл байдлыг бий болгож (Иохан 17:22-23), итгэгчдийн бие биенээ урамшуулах үйлдлийн гол түлхүүр, (1 Tесалоник 5:11) хайр болон сайн үйлсээр бие биенээ хөхүүлэн дэмжихэд хүргэдэг (Еврей 10:24).



Монгол хэл дээрх сайт руу буцах



Хамтарсан залбирал чухал уу? Хамтарсан залбирал хувь хүн ганцаараа залбирсанаас илүү хүчтэй юу?