Библи элч нарын үхлийн талаар тэмдэглэсэн үү? Элч нар хэрхэн нас барсан бэ?




Асуулт: Библи элч нарын үхлийн талаар тэмдэглэсэн үү? Элч нар хэрхэн нас барсан бэ?

Хариулт:
Үхлийг нь Библи тэмдэглэсэн цор ганц элч бол Иаков (Үйлс 12:2). Херод хаан Иаковыг “цавчин алуулжээ” гэдэг нь толгойг нь авсан болохыг тэмдэглэсэн мэт харагддаг. Бусад элч нарын үхлийн тухай онцлон тэмдэглэсэн зүйл нь чуулганы уламжлалтай холбогдсон байдаг. Тиймээс бид энэхүү гаднах баримтуудад дэндүү их анхаарал, итгэлээ тавихгүй байх хэрэгтэй. Чуулганы уламжлалаас элч нарын үхэлтэй холбоотой хамгийн нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдол нь Есүсийн эш үзүүлгийн биелэл болж Ромд х хэлбэртэй загалмай дээр уруугаа харж цовдлогдсон элч Петрийн үхэл байдаг (Иохан 21:18). Бусад элч нарын үхэлтэй хамааралтай олонд тархсан “уламжлалт” түүх нь ийм байна:

Матай Етиопд илдэнд цавчигдаж, өөрийн амиа сайн мэдээний төлөө өргөсөн байдаг. Иохан Ромд нэг хүчтэй хавчилгын үеэр буцалж буй том савтай тосонд хаягдан үхэх аюултай тулгарсан. Гэвч Эзэний гайхамшгаар тэр үхэхээс зайлуулагдсан. Тэгээд Иоханыг Патмос гэх шоронгийн аралд уурхайд ажиллуулахаар ял шийтгэсэн. Тэр Патмос аралд байхдаа Илчлэлт нэртэй эш үзүүллэгийн номоо бичжээ. Амьдралынхаа сүүл үед элч Иохан чөлөөлөгдөж, өнөөгийн Туркын газар нутагт эргэж ирсэн. Тэрээр өндөр нас насалж, насныхаа эцэст амар тайвнаар амьдралаа дуусгасан цорын ганц элч болдог.

Есүсийн дүү Иаков (албан ёсны элч биш) Иерусалимын чуулганы удирдагч байсан. Тэр Христэд итгэх итгэлээсээ татгалзахыг шаардахад зөвшөөрөөгүй учраас сүмийн зүүн өмнөх өндөрлөгөөс (ойролцоогоор зуун тохой өндөр) доош түлхэгджээ. Дайснууд нь өндрөөс унаад үхээгүй амьд үлдсэнийг нь мэдмэгцээ Иаковыг мод, чулуугаар цохиж үхэлд хүргэжээ. Энэ нь Сатан Есүсийг уруу татах үедээ авчирсан сүмийн орой мөн байх гэсэн бодолд хүргэдэг.

Натанаел гэж нэрлэгддэг Бартоломай Ази руу илгээгдсэн миссионер байв. Тэрээр өнөөгийн Турк нутагт сайн мэдээг гэрчилсэн бөгөөд Армениад номлож байх үедээ баригдан ташуурдуулж, арьсаа хуулуулан амиа өргөсөн гэдэг. Андрей Грект х хэлбэртэй загалмайд цовдлогдсон. Цэргүүд түүнийг маш хэрцгий ташуурдсаныхаа дараа биеийг нь загалмайд олсоор хүлж зовлон тарчлалыг нь уртасгажээ. Тэрээр загалмай руу чирэгдэж байх үедээ “би энэ аз жаргалтай мөчийг удаан хугацаанд хүсэн хүлээлээ. Загалмайг Христийн өлгөгдсөн цогцос ариусгасан байгаа” гэж хэлснийг нь дагалдагсад нь гэрчилсэн. Үхэх хүртлээ тэрээр хоёр өдрийн турш өөрийг нь тамлагчдад үргэлжлүүлэн номложээ. Элч Томас Энэтхэг рүү аялж, тэнд чуулган байгуулах гэж оролдож байсан нэгэн илгээлтийн аяллынхаа үеэр жадаар сүлбүүлэн нас баржээ. Урвасан Искариотын Иудагийн оронд сонгогдсон элч Маттиас чулуугаар шидүүлж, дараа нь толгойгоо авахуулсан. Элч Паул МЭ 67 оны үед Ромд цуст Эзэн хаан Нерогийн гарт тамлагдаж дараа нь толгойгоо авахуулсан. Бусад элч нарын талаарх янз бүрийн уламжлалт түүх байдаг боловч тэдний аль нь ч найдвартай түүхэн, эсвэл уламжлалт бичээсийн дэмжлэг байдаггүй.

Элч нар хэрхэн үхсэнийг мэдэх нь тийм ч их чухал зүйл биш. Илүү ач холбогдолтой зүйл нь тэд итгэлийнхээ төлөө амиа өгөхөөс буцахгүй байсан явдал юм. Хэрэв Есүс дахин амилуулагдаагүй бол дагалдагчид нь учраас үүнийг хамгийн сайн мэдэх хүмүүс. Хүмүүс өөрсдөө худал гэж мэдэж байгаа зүйлийнхээ төлөө амиа өгөхгүй. Элч нар өөрсдийн Христэд итгэх итгэлээсээ ер татгалзалгүй аймшигтай үхлээр үхэхийг сонгож байсан явдал нь Есүс Христийн дахин амилалтыг тэд үнэхээр гэрчилж байсан гэсэн гайхалтай нотолгоог харуулдаг.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Библи элч нарын үхлийн талаар тэмдэглэсэн үү? Элч нар хэрхэн нас барсан бэ?