Гэм нүглийн тодорхойлолт нь юу вэ?




Асуулт: Гэм нүглийн тодорхойлолт нь юу вэ?

Хариулт:
Гэм нь Библид Бурханы хуулийн тогтсон хэм хэмжээнээс хэтрэх (1 Иохан 3:4) болон Бурханы эсрэг тэрслэх (Дэд хууль 9:7; Иошуа 1:18) гэж дүрслэгдсэн. Гэм нүгэл анх хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн хүчирхэг байсан байж магадгүй Лусифер гэх тэнгэр элчээс гаралтай гэдэг. Өөрийн байр сууриндаа сэтгэл хангалуун байж чадалгүй Бурханаас илүү дээгүүр хүсэмжилсэн нь түүний уналт болж гэм нүгэл эхэлсэн (Исаиа 14:12-15). Сатан гэж дахин нэрлэгдсэн тэрээр Адам Ева нарыг яг л өөрийнхөө адил “Бурхантай адилхан болох болно” гэсэн өдөөлтөөр уруу татаж Еден цэцэрлэгт хүн төрөлхтөнд гэм нүгэл авчирсан. Эхлэл 3 бүлэгт Адам Ева нарын Бурханы эсрэг, мөн Түүний тушаалын эсрэг тэрслэлийг дүрсэлсэн. Тэр цагаас хойш гэм нүгэл бүх хүн төрөлхтөний бүхий л үед дамжин улбаалагдаж ирсэн бөгөөд Адамын үр удам болох бид ч түүнээс гэм нүглийг залгамжлан авсан. Ром 5:12 дээр Адамаар дамжин гэм нүгэл энэ дэлхийд орж ирснээр “гэмийн төлөөс бол үхэл (Ром 6:23)” учир бүх хүмүүст үхэл тархсан гэдэг.

Адамаар хүн төрөлхтөнд гэм нүглийн гажуу байдлыг хүлээн авч, төрөлхөөсөө гэмтнүүд болж хувирсан. Адам гэм хийх үед түүний дотоод мөн чанар нь тэрслэлийн гэмээр дахин өөрчлөгдөж, түүнийг сүнслэг үхэл болон завхралд хүргэсэн бөгөөд энэ байдал нь түүний араас гарч ирсэн бүх хүнд дамжсан. Бид гэм нүгэл үйлдээд гэмтэн болдог бус харин ч бид гэмтнүүд учраас гэм нүгэл үйлдэж байдаг. Энэхүү дамжуулагдсан завхралыг өвлөгдсөн гэм гэж нэрлэдэг. Яг л бид эцгээсээ махбодийн онцлог чанаруудыг өвлөж авдаг шиг Адамаас гэмт чанарыг нь ч өвлөн авдаг. Давид хаан Дуулал 51:5-д энэхүү завхарсан хүний мөн чанарын нөхцөл байдлын талаар ингэж гашуудсан байдаг. “Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд нүглийн дунд эх минь намайг олж тээсэн.”

Бас нэг төрлийн гэм нүглийг тооцох гэм нүгэл гэдэг. Санхүү болон хуулийн орчинд хоёуланд нь хэрэглэгдсэн утгаараа “тооцох” гэж орчуулагдсан Грек үгийн утга нь “хэн нэгэнд хамааралтай байсан зүйлийг авч өөр хүнийх болгон үзэх” юм. Мосед хууль өгөгдөхөөс өмнө хэдийгээр өвлөгдсөн гэм нүглийн улмаас хүмүүс гэмтнүүд байсан ч хүмүүсийн гэм нүгэл тооцогдоогүй. Хууль өгөгдсөний дараа Хуулийг зөрчсөн байдлаар үйлдэгдсэн гэм нүглүүд нь тэдэнд тооцогдох болсон (Ром 5:13). Хуулийн хэм хэмжээнээс хэтэрсэн гэм нүгэл хүмүүст тооцогдохоос бүр өмнө гэм нүглийн эцсийн төлөөс (үхэл) тэдний дээр ноёрхсоор байсан (Ром 5:14). Адамаас Мосе хүртэлх бүх хүн төрөлхтөн бүх хүмүүс Мосегийн хуулийн эсрэг гэмт үйлдэл гаргасан (тэдэнд хараахан өгөгдөөгүй байв) учраас бус харин гэмт чанарыг өвлөн авсан байсан учраас үхэх ёстой байсан. Мосегоос хойш хүн төрөлхтөн Адамаас өвлөн авсан гэм, Бурханы хуулиудыг зөрчсөн гэмийн аль алинаас нь болж үхэх ёстой болов.

Бурхан энэхүү тооцогдох зарчмыг бүх хүн төрөлхтөнд ашиг тус болгон хэрэглэсэн бөгөөд итгэгчдийн гэм нүглийг Есүс Христэд тооцсон. Есүс Христ тэрхүү гэмийн төлөөс загалмай дээрх үхлээр төлсөн. Бидний гэм нүглийг Есүст тооцсоноор хэдийгээр Тэр гэмгүй байсан ч Бурхан Түүнийг гэмтэн мэт тооцож, бүх дэлхийн гэм нүглүүдийн төлөө Тэрээр үхэх шаардлагатай болсон (1 Иохан 2:2). Гэм нүгэл Түүнийх болж тооцогдсон болохоос Тэрээр Адамаас гэм нүглийг нь өвлөн аваагүй гэдгийг ойлгох нь маш чухал байдаг. Тэр гэм нүглийн төлөөсийг үүрсэн болохоос үнэндээ хэзээ ч гэмтэн байсангүй. Түүний төгс болон цэвэр чанар гэм нүглээр бохирлогдоогүй. Тэр бүх хүн төрөлхтөний үйлдсэн гэм нүглүүдээс болж аймшигтай гэмтэн мэт үзэгдсэн болохоос Өөрөө ямар ч гэм үйлдээгүй. Харин үүний солилцоонд Бурхан яг л бидний гэм нүглийг Христэд тооцсон шигээ Христийн зөвт байдлыг итгэгчдэд тооцох болсон (2 Коринт 5:21).

Гурав дахь төрлийн гэм бол хүн болгоны өдөр бүр үйлдэж байдаг хувийн гэм нүгэл. Адамаас гэмт чанарыг өвлөн авсан учраас бид аллага гэх хүнд гэм нүглээс өчүүхэн шудрага бус байдал хүртэл хувь хүний, хувьчилсан буруу үйлдэл гэмийг үйлдэж байдаг. Есүс Христэд итгэлээ өгөөгүй хүмүүс эдгээр хувийн гэм нүгэл, мөн өвлөн авсан, бас тооцогдох гэм нүгэл бүхнийхээ төлөөсийг төлөх ёстой. Гэвч гэм нүглийн мөнхийн шийтгэл болох там болон сүнслэг үхлээс итгэгчид чөлөөлөгдөөд зогсохгүй бас энэ амьдралдаа гэмийг эсэргүүцэх хүчтэй болдог. Бидний дотор оршиж биднийг ариусган, гэм нүгэл үйлдэхээс сэргийлэн ятгаж байдаг Ариун Сүнсээр гэмийг эсэргүүцэх хүч бидэнд байгаа тул тухайн хүн хувийн гэм нүгэл үйлдэх эсэхээ сонгож чадна (Ром 8:9-11). Нэгэнт үйлдсэн өөрсдийн хувийн гэм нүглээ Бурханд өчин улайж, уучлал хүсэх юм бол бид Түүнтэй харилцан нөхөрлөх төгс харилцаандаа буцан сэргэнэ. “Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ.” (1 Иохан 1:9).

Бид өвлөгдсөн гэм, тооцогдох гэм, бас хувийн гэм зэргээсээ болж гурван удаа ял тулгагдсан мэт байдаг. Эдгээр гэм нүглийн цорын ганц төлөөс нь үхэл (Ром 6:23) бөгөөд зөвхөн махан биеийн бус үүрд мөнхийн үхэл (Илчлэлт 20:11-15) юм. Харин гайхалтай нэг мэдээ нь эдгээр өвлөгдсөн гэм, тооцогдох гэм, болон хувийн гэм нүгэл нь бүгд Есүсийн загалмай дээр цовдлогдсон бөгөөд одоо Есүс Христийг Аврагч гэж итгэх итгэлээр “Түүний нигүүлслийн баялгийн дагуу Түүний дотор цусаар нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бидэнд байдаг” (Eфес 1:7).



Монгол хэл дээрх сайт руу буцах



Гэм нүглийн тодорхойлолт нь юу вэ?