Сайн эцэг эх байх тухай Библи юу гэж хэлдэг вэ?




Асуулт: Сайн эцэг эх байх тухай Библи юу гэж хэлдэг вэ?

Хариулт:
Эцэг эх болно гэдэг хамгийн бэрхшээлтэй, хүч чадал шаардсан эрсдэлтэй даалгавар мэт боловч бидний амьдралдаа хийж үзэх хамгийн гайхалтай, санаанд нийцсэн зүйл байдаг. Хүүхдүүдээ хэрхэн амжилттай өсгөн хүмүүжүүлж, Бурханы хайртай эрэгтэй, эмэгтэй болгох арга замын талаар Библи бидэнд маш их зүйл хэлсэн байдаг. Бидний хийх ёстой хамгийн эхний зүйл бол тэдэнд Бурханы Үгийн тухай үнэнийг заах явдал.

Бурханыг хайрлахын зэрэгцээ өөрсдөө Түүний тушаалуудыг сахиснаар бурханлаг үлгэр жишээч байж, ийм байдлыг хүүхдүүддээ заахын тулд Дэд хууль 6:7-9-д бид анхаарал хандуулах хэрэгтэй болно. Энэ багц ишлэл иймэрхүү заавар сургамж нь ер тасралтгүй байнга байх ёстойг тодотгон харуулдаг. Дээрх зүйлсийг бүх цаг үед, гэртээ байхдаа, замд явж байхдаа, шөнө ч байсан, өглөөд ч байсан хийж байх хэрэгтэй. Библийн үнэн бидний гэр бүлийн үндэс суурь байх хэрэгтэй. Эдгээр тушаалуудын хэлж буй үндсэн зарчмыг дагаснаар бид хүүхдүүддээ Бурханд мөргөл өргөнө гэдэг зүгээр л нэг бүтэн сайнд юмуу шөнийн залбиралд л зориулж хийдэг зүйл бус байнга, тогтмол байх хэрэгтэй болохыг сургадаг.

Хэдийгээр хүүхдүүдэд шууд сургах нь их зүйлийг зааж өгдөг ч тэд биднийг ажиглан харснаараа илүү их зүйлсэд суралцдаг. Ийм учраас л бид ямар ч зүйлс хийсэн болгоомжтой байх ёстой. Бид юуны түрүүнд Бурханы бидэнд өгсөн үүрэг ролийг таньж мэдэх ёстой. Нөхөр эхнэрүүд бие биендээ хүндэтгэлтэй хандаж, бас бие биедээ захирагддаг (Eфес 5:21). Мөн хажуугаар нь Бурхан эмх цэгцийг тогтоох эрх мэдлийн тогтолцоог байгуулсан. “Гэвч Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн мөн гэдгийг та нар ойлгоосой гэж би хүсэж байна” (1 Коринт 11:3). Бид Христийг Бурханаас доогуур гэж үздэггүйн адил, эхнэр хүн ч гэсэн нөхрөөсөө доогуур биш. Хэдий тийм боловч эрх мэдэлд дуулгавартай байхгүйгээр эмх цэгц оршин байдаггүйг Бурхан хүлээн зөвшөөрдөг. Нөхрийн гэрийн тэргүүний хувьд хүлээх хариуцлага нь Христ чуулганыг Өөрийгөө золиослон байж хайрласантай адил эхнэрээ өөрийн бие мэт хайрлах юм (Eфес 5:25-29).

Энэхүү хайр бүхий удирдлагын хариу болгож нөхрийн эрх мэдэлд эхнэр хүн дуулгавартай байх нь бэрхшээлтэй биш болно (Eфес 5:24; Колоссай 3:18). Түүний гол хариуцлага нь эр нөхрөө хүндэтгэж, хайрлан, мэргэн ухаан, цэвэр байдал дотор амьдарч, гэр бүлээ асран халамжлах юм (Тит 2:4-5). Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү төрөлхийн асран халамжлагч байдгийн учир нь тэд угаасаа хүүхдүүдээ асран хүмүүжүүлэхээр бүтээгдсэн юм.

Сахилгажуулалт, хүмүүжил нь эцэг эхийн дотоод үүргийн нэг болдог. Сургаалт үгс 13:24 ингэж хэлдэг. “Саваанаас хэлтрүүлэгч нь хүүгээ үл хайрлагч юм. Харин хүмүүжүүлэхдээ хичээнгүй нэгэн хүүгээ хайрладаг хүн мөн.” Сахилгажуулдаггүй гэр бүлд өссөн хүүхдүүд өөрсдийгөө үнэлдэггүй, хүсээгүй хүүхэд мэт сэтгэгдэл төрдөг. Тэдэнд чиглэл зорилго, биеэ барих чадвар дутагддаг учир өсч томрохдоо тэд ямар ч эрх мэдэлд, ялангуяа Бурханд захирагдаж, Түүнийг хүндлэхэд суралцаагүй, сул байдаг. “Найдлага байгаа цагт хүүгээ хүмүүжүүл. Түүний үхлийг бүү хүс” (Сургаалт үгс 19:18). Сахилгажуулах хүмүүжлийн хажуугаар баланстай хайрлах хэрэгтэй, тэгэхгүй бол хүүхэд хорсомтгой, сөргөлдөгч, эсвэл урам зориггүй болж өсдөг (Колоссай 3:21). Мөн сахилгажуулах нь тухайн үедээ зовлонтой байдаг гэдгийг Бурхан сайн мэддэг (Еврей 12:11), харин үүнийг хайр дүүрэн сургамж дагалдах юм бол хүүхдүүдэд чинь гайхалтай үр дүн үзүүлнэ. “Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл.” (Eфес 6:4).

Мөн хүүхдүүдийг бага наснаас нь чуулганы гэр бүл болон үйлчлэлд татан оролцуулах нь их ач холбогдолтой. Библид итгэлээ тавьдаг чуулганд тогтмол хамруулж (Еврей 10:25), өөрийнхөө Үгийг судалж байгаагаа тэдэнд харах боломжыг олгож, мөн тэдэнтэй хамт суралц. Тэдний өдөр бүр харж буй эргэн тойрных нь дэлхий ертөнцийн талаар ярилцаж, тэдэнд өдөр бүрийн амьдралаас харагдаж буй Бурханы алдарын тухай зааж сурга. “Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй” (Сургаалт үгс 22:6). Сайн эцэг эх байна гэдэг өөрийнхөө Бурханд хүндэтгэл өргөж, Түүнийг дуулгавартай дагаж буй жишээгээр хүүхдүүдээ дагуулж өсгөн хүмүүжүүлэх юм.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Сайн эцэг эх байх тухай Библи юу гэж хэлдэг вэ?