Үхлийн дараа амьдрал бий юу?




Асуулт: Үхлийн дараа амьдрал бий юу?

Хариулт:
Үхлийн дараа амьдрал бий юу? “Эмэгтэйгээс төрдөг хүн амьдралаар богино бөгөөд бэрхшээлээр дүүрэн ажгуу. Цэцэг мэт тэрээр соёолон гарч, хатан хорчийдог. Тэрээр бас сүүдэр мэт зугтан одож, зогсдоггүй ажээ... Хэрвээ хүн үхвэл тэрээр дахин амилах болов уу?” (Иов 14:1-2, 14) хэмээн Библи асууж байна.

Энэ Иовтой адил бид бүгдээрээ энэ асуултын талаар боддог. Үнэхээр бид үхсэний дараа юу болох бол? Бид зүгээр л бүр алга болчих юм болов уу? Хувь хүмүүсийн амжилт бүтээлийн дэнс болсон энэхүү дэлхий ертөнц гэдэг чинь ирэх буцахын үүд хаалга юм уу? Хүн болгон нэг газар луу явдаг болов уу? Эс бөгөөс ялгаатай газрууд уруу явдаг юм болов уу? Мөнхийн улс, там гээч зүйлсүүд нь байна уу, эс бөгөөс зүгээр л хүний зохиомол санаа юу?

Библи дээр өгүүлэхдээ үхлийн дараа амьдрал байгаад зогсохгүй энэхүү амьдрал нь мөнхийн бөгөөд “Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, хүний санаанд орохооргүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” (1 Коринт 2:9) хэмээн дүрсэлсэн байдаг. Бурханы хүү болох Есүс Христ газар дэлхий дээр буун ирээд мөнхийн амийн бэлгийг бидэнд өгсөн юм. “Тэр бидний гэм нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн” (Исаиа 53:5).

Есүс бидний авах ёстой байсан шийтгэлийг Өөртөө үүрч, амиа өргөсөн юм. Тэрбээр гурав хоногийн дараа булшнаас махан биеэр болон Сүнсээрээ дахин амилсанаараа үхлийг ялан дийлсэнээ баталсан. Есүс Мөнхийн улс дахь мөнхийн гэр лүүгээ өргөгдөн явахаасаа өмнө дэлхий дээр дөч хоног байсан бөгөөд олон мянган хүмүүс Түүнийг гэрчилдэг. “Есүс бидний нүгэл хилэнцээс болж тушаагдсан бөгөөд бидний зөвтгөлийн төлөө амилуулагдсан юм” Ром 4:25 ишлэлд бичигдсэн байдаг.

Есүсийн дахин амилсан тухай хангалттай баримт бий. Элч Паул нүдээр харсан гэрч нараас энэ гайхамшигт үйл явдлын талаар асуухад няцаах ганц ч хүн гараагүй билээ. Дахин амилалт нь Христ итгэгчийн итгэлийн тулгын чулуу нь юм. Христ үхлээс дахин амилсан болохоор бид ч мөн өөрсдийгөө дахин амилна гэдэг итгэлтэй байдаг билээ.

Паул элч тэрхүү үнэнд итгэдэггүй Христэд итгэгчид хандан: “Хэрэв Христ үхэгсдээс амилуулагдсан гэж тунхаглагдсан юм бол та нарын дотор зарим хүн үхэгсдийн амилалт байхгүй гэж юунд ярина вэ? Хэрэв үхэгсдийн амилалт байхгүй бол Христ ч амилуулагдаагүй болно” (1 Коринт 15:12-13) хэмээн хэлсэн.

Христ нь дахин амилах агуу ургацын хамгийн анхных нь болсон. Бие махбодын үхэл ганц хүн болох Адамаар дамжин ирсэн. Харин Бурханы гэр бүлд Есүс Христэд итгэсэн итгэлээр дамжуулагдан үрчлэн авагдсан хэн боловч шинэ амьдралыг хүлээн авах болно (1 Коринт 15:20-22). Есүсийн биеийг дахин амилуулсан шигээ Бурхан бидний махбодийг Есүсийн дахин ирэх үед үхлээс өндийлгөх болно(1 Коринт 6:14).

Хэдий бид бүгдээр дахин амилуулагдах боловч хүн бүр мөнхийн улс уруу явахгүй. Сонголтыг хүн бүр энэ амьдралдаа хийх хэрэгтэй бөгөөд мөнх амьдрал уруу орох эсэхээ шийдэх ёстой. Библи дээр хэлэхдээ бид ганц удаа үхэх бөгөөд түүний дараагаар хүн бүр шүүгдэх болно гэсэн байдаг (Еврей 9:27). Үнэн шударгын замаар явсан нэгэн нь Мөнхийн улс уруу орох бөгөөд үл итгэгч нэгэн нь мөнхийн шийтгэл буюу там уруу илгээгдэх болно (Матай 25:46).

Там гэдэг нь Мөнхийн улстай адил үнэн бодитойгоор оршоод зогсохгүй бодит газар юм. Энэхүү газарт нь үнэн шударгыг мөрдөөгүй хүмүүс, Бурханы хэзээ ч үл дуусах, мөнхийн шийтгэлийг амсах болно. Тэнд сэтгэл санаа, оюун бодол болон бие махбодын зовлонг хүмүүс амсах бөгөөд тэдгээр нь ичгүүр, харуусалтай хамт ирдэг.

Там гээч нь ёроолгүй нүх(Лук 8:31, Илчлэлт 9:1), хүхрээр хахаж байх галт нуур бөгөөд түүнд орогч нь үеийн үед өдөр шөнөгүй тарчлах болно (Илчлэлт 20:10). Тамд унасан нэгэн нь агуу их харамсал бухимдлаар уйлж, шүдээ хавиран илэрхийлэх бөлгөө. (Матай 13:42). Энэ газрын “өт хорхой нь үхэхгүй. Гал нь унтрахгүй.” (Марк 9:48). Бурхан хорон санаатны үхэлд хэзээ ч харамсдаггүй боловч бузар булай замаа орхиод амьдралыг аваасай хэмээн хүсдэг (Езекиэл 33:11).

Гэвч Эзэн биднийг хэзээ ч албадахгүй бөгөөд хэрэв бид Түүнээс татгалзвал Тэр бидний юу хүсэж буйг өгөхөөс аргагүйд хүрдэг. Тэгээд Түүнээс салангид амьдрах болно.

Энэ дэлхий дээрх амьдрал нь хожим ирэх зүйлийн шалгуур билээ. Итгэгчдийн хувьд Бурханы оршихуйд Мөнх амийг авна гэсэн үг. Харин бид хэрхэн зөвт байж тэрхүү мөнх амийг авах вэ? Зөвхөн ганц л зам байгаа. Бурханы Хүү болох Есүс Христэд итгэсэн итгэлээр дамжуулан авах юм. Есүс хэлэхдээ “Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна. Амьд бөгөөд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй...” (Иохан 11:25-26) гэсэн.

Мөнх амь нь хүн болгонд чөлөөтэйгөөр өгөгдсөн боловч махан биеийн хүсэл тачаалаасаа татгалзаж, өөрсдийгөө Бурханд өргөх хэрэгтэй болно. “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай. Харин Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй. Харин Бурханы уур хилэн тэр хүн дээр байдаг.” (Иохан 3:36). Бид үхсэнийхээ дараа гэм нүглээ гэмших боломж олдохгүй бөгөөд нэгэнт бид Бурхантай нүүр тулан уулзахад Түүнд итгэхээс өөр арга байхгүй юм. Тэрбээр биднийг Өөр лүүгээ нь итгэл болон хайраар одоо ирэхийг хүсэж байдаг. Хэрэв бид Есүс Христийн үхлийг бидний гэмийн төлөөх золиос хэмээн хүлээн зөвшөөрч чадах юм бол энэ газар дэлхий дээр утга учиртай амьдралаар амьдраад зогсохгүй Христийн оршихуйд Мөнх амийг авах болно.

Хэрэв та Есүс Христийг өөрийн Аврагчаар хүлээн зөвшөөрч, Бурханы уучлалыг авмаар байгаа бол дараах залбирлыг хэлээрэй. Энэ залбирлыг хэлсэнээр ч юм уу эсвэл өөр ямар нэгэн залбирал уншсанаар та аврагдахгүй. Зөвхөн бидний гэмийг уучлах чадалтай Есүс Христэд итгэх итгэл л аварч чадах билээ. Энэхүү залбирал нь Бурханд хандан өөрийнхөө итгэлийг илэрхийлэн уучлалыг өгсөнд нь Түүнд талархах энгийн залбирал юм. “Бурхан минь, би Таны эсрэг гэм нүглийг үйлдэж, үүнийхээ төлөө шийтгүүлбэл зохистой нэгэн билээ. Гэвч Есүс Христ миний авах ёстой шийтгэлийг үүрч, Түүнд өгсөн итгэлээр дамжуулан би уучлалыг авсан билээ. Би гэм нүглээсээ эргэн, бүх итгэлээ Танаас ирэх авралд тавьж байна. Таны өгсөн гайхамшигт нигүүлсэл болон уучлалд тань баярлалаа! Амээн!”

Энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээж авах шийдвэр гаргасан уу? Тэгвэл “Би өнөөдөр Христийг хүлээн авлаа” гэх товчыг дараарай.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Үхлийн дараа амьдрал бий юу?