Есүс Христийн хоёр дахь ирэлт гэж юу вэ?




Асуулт: Есүс Христийн хоёр дахь ирэлт гэж юу вэ?

Хариулт:
Есүс Христийн хоёр дахь ирэлт нь Бурхан бүх зүйлсийг удирдан захирч байдаг бөгөөд Тэр Үгэн дэх амлалтууд болон эш үзүүлэгүүдээ итгэмжтэй биелүүлнэ гэсэн итгэгчдийн найдвар юм. Өөрийн эхний ирэлтэндээ Есүс Христ яг л эш үзүүлэгийн дагуу Бетлехемд модон тэвшинд нялх хүүхэд болж мэндлэн энэ дэлхийд ирсэн. Өөрийн төрөлт, амьдрал, үйлчлэл, үхэл болон дахин амилалтаараа Есүс Мессиагийн олон эш үзүүлэгийг биелүүлсэн. Гэвч Есүсийн хараахан биелүүлээгүй Мессиатай хамааралтай зарим эш үзүүлэгүүд байдаг. Христийн хоёр дахь ирэлт нь Христ эдгээр эш үзүүлэгийг биелүүлэхээр эргэн ирэх болно гэсэн үг. Өөрийн эхний ирэлтээрээ Есүс зовлон эдэлж буй Зарц мэт байсан. Харин хоёр дахь ирэлтээрээ Есүс байлдан дагуулж буй Хаан байх болно. Эхний ирэлтээрээ Есүс тухайн нөхцөл байдалд хамгийн даруу байдлаар ирсэн. Харин хоёр дахь ирэлтээрээ Есүс Өөрийн тэнгэрийн улсын армитай хамт сүр жавхлантай эргэн ирнэ.

Хуучин гэрээний эш үзүүлэгчид энэ хоёр ирэлтийн хооронд тодорхой ялгаа гаргаж өгөөгүй байдаг. Үүнийг Исаиа 7:14, 9:6-7 болон Зехариа 14:4 зэргээс харж болох юм. Эш үзүүлэгийг дүгнэн үзэхэд хоёр хүний тухай ярьж байгаа мэт харагдах бөгөөд олон Еврей эрдэмтэд энэ зовж буй Мессиа, байлдан дагуулж буй Мессиа гэсэн хоёр хүн байж болно гэж итгэсэн. Зөвхөн нэг Мессиа байгаад Тэрээр энэ хоёр дүрийг биелүүлэх болно гэдгийг ойлгохгүй тэд алдсан байна. Есүс эхний ирэлтээрээ зовлон эдэлсэн зарцын (Исаиа 53 бүлэг) үүргийг биелүүлсэн байдаг. Есүс хоёр дахь ирэлтээрээ Израилийн чөлөөлөгч болон Хааны үүргийг биелүүлэх болно. Зехариа 12:10 болон Илчлэлт 1:7 зэрэг нь хоёр дахь ирэлтийг дүрсэлж Есүсийн жадлагдсан нөхцөл рүү эргэн хардаг. Израиль болон бүх дэлхий Мессиагийн анхны ирэлтийг хүлээн аваагүйдээ гашуудах болно гэсэн.

Есүс тэнгэрт өргөгдсөний дараа тэнгэр элчүүд Есүсийн дагалдагчдад хандан “Галилын эрчүүд ээ, юунд та нар тэнгэр ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс нь та нарын Түүнийг тэнгэр өөд явсныг нь харсан лугаа адил тийн буцаж ирнэ гэв” (Үйлс 1:11). Зехариа 14:4 хоёр ирэлтийн байршлыг Чидун жимст уул гэж тодорхойлдог. Матай 24:30 “Тэгээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр сүр хүч болоод агуу цог жавхлантайгаар ирэхийг харна” гэж тунхагладаг. Тит 2:13 хоёр дахь ирэлтийг “цог жавхлант илэрхийлэл” гэж дүрсэлсэн байдаг.

Хоёр дахь ирэлтийн хамгийн их нарийвчилсан байдлаар өгүүлдэг хэсэг нь Илчлэлт 19:11-16 юм. “Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан зүсмийн морь байлаа. Түүн дээр суусан нь “Итгэмжит бөгөөд Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаараа шүүж дайтдаг. Түүний мэлмий нь галын дөл шиг, тэргүүн дээр нь олон титэм байна. Өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нэр дээр нь бичээстэй байлаа. Тэр цусанд дүрэгдсэн дээл өмсжээ. Түүний нэрийг “Бурханы Үг” гэдэг ажээ. Цагаан өнгөтэй цэвэрхэн, нарийн маалинган хувцас өмссөн, тэнгэр дэх дайчид цагаан зүсмийн морьд унан Түүнийг дагаж байв. Түүний амнаас нь хурц сэлэм цухуйх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг устгах юм. Тэр үндэстнүүдийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсан шахуургыг шахна. Тэр дээл болон гуян дээрээ “ХААДЫН ХААН, ЭЗДИЙН ЭЗЭН” гэж бичсэн нэртэй ажээ.”



Монгол хэл дээрх сайт руу буцах



Есүс Христийн хоёр дахь ирэлт гэж юу вэ?