Библид дайны тухай юу гэж хэлдэг вэ?




Асуулт: Библид дайны тухай юу гэж хэлдэг вэ?

Хариулт:
Олон хүмүүс Библийн “Египетээс гарсан нь” номны 20:13 ишлэл болох “чи хүн бүү ал” гэсэн хэсгийг уншаад үүгээрээ дайнтай холбоотой асуудлыг тайлбарлах гэж оролдсоноороо алдаа гаргадаг. Харин үүний Еврей үгийн хадмал утга “өөр хүнийг санаатай, урьдаас бодож төлөвлөөд амийг нь хороох, өс хонзонгоо авах нь аллага” юм. Бурхан байнга л Израильчуудыг бусад үндэстнүүдтэй явж дайн хийхийг тушаасан байдаг (1 Самуел 15:3; Иошуа 4:13). Бурхан олон тооны гэмт хэргүүдэд үхлийн шийтгэл өгсөн (Eгипетээс гарсан нь 21:12, 15; 22:19; Левит 20:11). Тиймээс, Бурхан ямар ч нөхцөлд байсан амь хороохын эсрэг бус, харин аллагын эсрэг зогсдог. Дайн хэзээ ч сайн юм биш, гэвч заримдаа энэ бол зайлшгүй хэрэгцээтэй зүйл болдог. Гэмтэй хүмүүсээр дүүрсэн энэ дэлхийд (Ром 3:10-18), дайн нь зайлшгүй. Заримдаа гэмтэй хүмүүсийг гэм зэмгүй сул дорой хүмүүст аюул учруулахыг нь зогсоох цорын ганц арга зам нь дайн хийх явдал болдог.

Хуучин гэрээнд Бурхан “Израилийн хөвгүүдийн төлөө мидианчуудаас өшөөгөө бүрэн ав” гэж тушаасан байдаг (Тооллого 31:2). Дэд хууль 20:16-17 “Харин Эзэн Бурханаас чинь чамд өв болгон өгч буй эдгээр ард түмнүүдийн хотуудаас амьсгаатай юуг ч бүү үлдээ. Эзэн Бурханыхаа тушаасан ёсоор… хүйс тэмтэр.” Мөн 1 Самуел 15:18 “Эзэн таныг аян замд илгээн, “Явж, нүгэлтнүүд болох амалекчуудыг устган, тэднийг бүрмөсөн устаж дуустал нь тулалд” гэсэн.” Эндээс харвал Бурхан бүх дайны эсрэг зогсдог гэдэг нь үнэн биш болж байна. Есүс үргэлж л Эцэгтэйгээ бүрэн төгс нэгдэл, хүлээн зөвшөөрөл дотор байсан (Иохан 10:30), тиймээс дайн бол зөвхөн Хуучин гэрээн дэх Бурханы хүсэл байсан гэж хэлж чадахгүй. Бурхан өөрчлөгддөггүй (Maлахи 3:6; Иаков 1:17).

Есүсийн хоёр дахь ирэлт нь маш хэрцгий байх тухай илэрхийлэл бас бий. Илчлэлт 19:11-21 ишлэлд Христийн хийх эцсийн дайны тухай тайлбарладаг бөгөөд тэрээр “шударгаар” дайн хийж, шүүн, байлдан дагуулах жинхэнэ жанжин болох нь харагдана (11 ишлэл). Энэ нь маш их цус урсгасан (13 иш), аймшигтай болох ажээ. Шувууд Түүнийг эсэргүүцсэн бүх хүмүүсийн тасар татагдсан цогцосуудыг идэх болно гэсэн (17-18 иш). Тэрээр дайснууддаа ямар ч өршөөл үзүүлэхгүй төдийгүй бүрэн байлдан дагуулж, “хүхэрт галт нууранд” хаяна (20 иш) гэжээ.

Бурхан хэзээ ч дайныг дэмждэггүй гэж хэлэх нь алдаатай. Есүс дайныг эсэргүүцэгч байгаагүй. Хорон муу хүмүүсээр дүүрсэн энэ дэлхийд заримдаа дайн нь бүр аймшигтай хорон мууг зайлуулах шаардлагатай хэрэгсэл болдог. Хэрэв Гитлер Дэлхийн II дайны үед ялагдаагүй байсан бол хичнээн олон сая хүн нэмж алагдах байсан бол? Хэрэв Америкийн Иргэний Дайн гараагүй байсан бол Африкийн Америкчууд хэр илүү удаан хугацаанд боолчлолын дор зовох байсан бол?

Дайн бол аймшигтай зүйл. Зарим дайн нь бусдаасаа илүү “зөвт” харагдаг боловч дайн нь гэм нүглийн үр дүн байсаар ирсэн нь тодорхой (Ром 3:10-18). Үүний хажуугаар Номлогчын үгс 3:8 “Хайрлах хийгээд үзэн ядах цаг, дайтах хийгээд найрамдах цаг байдаг ажээ” гэж тунхагладаг. Гэм нүгэл, үзэн ядалт, хорон муугаар дүүрсэн энэ дэлхийд (Ром 3:10-18) дайн нь гарцаагүй. Христитгэгчид дайныг хүсэн тэмүүлэх ёсгүй ч гэсэн бас Бурханы эрх мэдэл болгон тавьсан засгийн газрын эсрэг тэмцэх нь ухаалаг бус хэрэг (Ром 13:1-4; 1 Петр 2:17). Дайн байлдааны цаг үед бидний хамгийн чухал хийж болох зүйл нь удирдагчдын дээр мэргэн ухаан өгөгдөхийн төлөө, цэргийн үйл ажиллагааны аюулгүй байдлын төлөө , зөрчилдөөн хурдан шийдэгдэхийн төлөө, хоёр талын энгийн номхон иргэд аль болох бага өртөхийн төлөө залбирах ёстой (Филиппой 4:6-7).



Монгол хэл дээрх сайт руу буцах



Библид дайны тухай юу гэж хэлдэг вэ?