Асуулт
Христэд итгэгч диаволд эзэмдүүлэх үү?
Хариулт
Библид Христэд итгэгч хүн чөтгөрт эзэмдүүлэх боломжтой эсэх талаар тодорхой зүйл бичигдээгүй. Гэвч Христэд итгэгч хүн Ариун Сүнсний орших газар болдог (Ром 8:9-11; 1 Коринт 3:16; 6:19) учир Ариун Сүнс өөрийн оршиж буй хүнийг муу сүнсэнд эзэмдүүлэхийг зөвшөөрөхгүй байна гэж таамагладаг. Энэ талаар заримдаа маргаан гардаг боловч Христэд итгэгч чөтгөрт эзэмдүүлж чадахгүй гэж бид хатуу итгэдэг. Чөтгөрт эзэмдүүлсэн байх ч юмуу чөтгөрийн нөлөө эсвэл дарамт дор байна гэх ойлголтын хооронд ялгаа байгаа гэж бид итгэдэг. Чөтгөрт эзэмдүүлэх гэдэг нь тухайн хүний бодол санаа болон үйлс нь эсвэл аль нэг нь чөтгөрийн бүрэн хяналтан дор байдаг (Лук 4:33-35; 8:27-33; Maтай 17:14-18). Чөтгөрийн дарамт, нөлөөн дор байна гэдэг нь чөтгөр юмуу чөтгөрүүд сүнслэг байдлаар унагаж, тухайн хүнийг гэмт нүгэлтэй зан үйлдэл гаргахад хүргэдэг (1 Петр 5:8-9; Иаков 4:7). Шинэ гэрээний сүнслэг тэмцэлтэй холбоотой бүх ишлэлүүдэд итгэгчдийн дотроос чөтгөрийг хөөж гаргасан тохиолдлын тухай ер дурьдаагүйг тэмдэглэх хэрэгтэй (Ефес 6:10-18). Итгэгчдэд муу сүнсийг эсэргүүц (1 Петр 5:8-9; Иаков 4:7) гэсэн тушаал байхаас биш муу сүнсийг дотроосоо хөөж гарга гэсэн зүйл байхгүй.
Бурхан Христийн цусаар худалдаж аван (1 Петр 1:18-19), шинэ бүтээл болгосон (2 Коринт 5:17) Өөрийн хүүхдүүдийн нэгийг чөтгөрт эзэмдүүлсэн байлгахаар зөвшөөрнө гэдэг ой тойнд ч орохооргүй зүйл мөн. Итгэгчид бид Сатан болон түүний чөтгөрүүдтэй дайтаж байгаа хэдий ч, өөрсдийн дотроо дайтаагүй. Элч Иохан “Бяцхан хүүхдүүд ээ, та нар Бурханых бөгөөд тэднийг дийлсэн. Учир нь та нарын дотор байгаа Тэр бол дэлхийд байгч нэгнээс аугаа” гэж тунхагласан (1 Иохан 4:4). Бидний дотор байгаа “Тэр” гэж хэн бэ? Ариун Сүнс. Дэлхийд байгч нэгэн гэж хэн бэ? Сатан болон түүний чөтгөрүүд. Тийм болохоор чөтгөрүүдийн ертөнцийг итгэгчид даван туулж чадах төдийгүй итгэгчид чөтгөрт эзэмдүүлнэ гэдэг бичээсийн хувьд боломжгүй.
English
Христэд итгэгч диаволд эзэмдүүлэх үү?