Асуулт
Бурхан санаагаа өөрчилдөг үү?
Хариулт
Малахи 3:6 дээр "ЭЗЭН Би өөрчлөгдөшгүй. Тиймд Иаковын хөвгүүд ээ, та нар сөнөхгүй" гэж тунхагладаг. Мөн Иаков 1:17 бидэнд "Аливаа соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч өөрчлөгдөх сүүдэр ч үгүй" гэж хэлдэг. Тооллого 23:19 дээр тодорхойгоор "Бурхан бол худал хэлдэг хүн биш, Гэмшин харамсдаг хүмүүн ч бус. Тэрээр айлдчихаад, Түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр яръчихаад, Түүнийгээ сайн болгохгүй гэж үү?" гэсэн. Эдгээр ишлэлээс харвал Бурхан өөрчлөгддөггүй гэж ойлгоно. Бурхан өөрчлөгдөшгүй бас өөрчлөгдөхгүй. Тэр бол бас бүрэн ухаалаг. Тиймээс Тэр "санаагаа өөрчилж" чадахгүй, өөрөөр хэлбэл алдаагаа ухаараад, эргэж буцан, дахин шинээр эхэлнэ гэдэг ямар ч боломжгүй үйлдэл гэсэн үг.
Тэгвэл Бурхан Өөрийн санаагаа өөрчилж байгаа нь тодорхой харагдаж байгаа мэт ишлэлийг бид яаж тайлбарлах вэ? Эхлэл 6:6 дээр "Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав." Бас Гэтлэл 32:14 хэлэхдээ: "Тиймээс ЭЗЭН ард түмэн дээр буулгана гэж айлдсан хөнөөлт санаагаа өөрчилжээ." Эдгээр ишлэл нь Бурхан өөрчилдөг, эсвэл харамсдаг гэж ойлгогдож, энэ нь Бурханы хувьсдаггүй гэх онол сургаальтай зөрчилдөж байгаа мэт санагддаг.
Бурхан санаагаа өөрчилж байгаа гэж үзэгддэг өөр нэг багцлал бол Ионагийн түүх. Өөрийн эш үзүүлэгчээрээ дөчин өдрийн дотор Ниневег устгана гэж Бурхан хэлдэг (Иона 3:4). Гэвч Ниневе гэм нүглээ гэмшсэн (5-9 ишлэл). Ассирчуудын гэмшлийн хариу болгон Бурхан өөрчлөгдсөн: "Муу замаа орхисон үйлсийг нь Бурхан үзээд тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшгийн талаарх бодлоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй билээ" (Иона 3:10).
Бурхан санаагаа өөрчилсөн гэх багц ишлэлүүдтэй холбоотой хоёр чухал нөхцлийг авч үзнэ. Нэгдүгээрт, "Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав (Эхлэл 6:6)" гэх мэт тунхаг нь "антропопатизм (эсвэл антропопатиа)"- н жишээ гэж үзэж болно. Антропопатизм гэдэг нь хязгаарлагдмал хүмүүний мэдрэмж эсвэл бодлын процессийг хязгааргүй Бурханд харъяалан хэлж буй өгүүлэмжэн дүрслэл гэнэ. Энэ нь хүмүүс бид өөрсдийн талаас Бурханы ажлыг ойлгоход тусалдаг арга зам юм. Эхлэл 6:6 дээрээс хүнийг гэм нүгэл үйлдсэнд Бурхан харамссан гэж бид тодорхой ойлгож байна. Бурхан мэдээж хэрэг хүнийг бүтээсэн шийдвэрээ буцаан өөрчилсөнгүй. Өнөөдөр бид амьдарч байгаа нь Бурхан бүтээсэн "Өөрийн санаа бодлоо өөрчлөөгүй" гэх чухал баталгаа мөн.
Хоёрдугаарт, Бурханы болзолтой тунхаг болон Бурханы болзолт бус шийдвэр хоёрын хооронд бид ялгаатай байлгах ёстой. Өөрөөр хэлбэл Бурхан "дөч хоногийн дараа Ниневег хөмрөнө" гэх үедээ Ассирчуудын гаргах хариу үйлдлээс хамааран болзолтойгоор тунхагласан гэсэн үг. Ассирчууд гэмшсэн бөгөөд үнэндээ Бурхан шүүлтээсээ буцсан учраас дээрх зарчмыг бид ойлгодог. Бурхан санаагаа өөрчилсөнгүй; харин Түүний Ниневчүүдэд хэлсэн тунхаг нь гэмшлийг бий болгох гэсэн сэрэмжлүүлэг байсан бөгөөд энэ сэрэмжлүүлэг нь амжилттай болсон.
Бурханы болзолт бус тунхагын жишээ нь Давидад хэлсэн Эзэний амлалт юм. "Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно" (2Самуел 7:16). Энэ тунхагт ямар нэг болзол, шалгуур илэрхийлэгдсэн, эсвэл шууд бусаар шаардсан юм алга. Давид юу хийсэн, эсвэл юу ч хийгээгүй байсан ч Эзэний үг биелэгдэх болно.
Түүний зарим тунхаг нь сэрэмжлүүлгийн мөн чанартай бөгөөд бидний сонголтоос хамаарч Тэрээр үйлдэл гаргах болно гэж Бурхан бидэнд хэлдэг. "Би үндэстнийг эсвэл хаанчлалыг үндсээр нь тастаж, нурааж, устгах тухай нэгэнтээ ярьж магадгүй. Нөгөө талаар, хэрэв Миний эсэргүүцэн ярьсан тэр үндэстэн бузар муугаасаа эргэвэл, тэдэн дээр буулгахаар төлөвлөж байсан гамшгийн тухайд Би зөөлөрнө. Би үндэстнийг эсвэл хаанчлалыг барьж босгон тарьж ургуулах тухай нэгэнтээ ярьж магадгүй. Нөгөө талаар, хэрэв тэр нь дуу хоолойг минь дагахгүй байснаар мэлмийд минь муу муухайг үйлдвэл, Би түүнийг ерөөхөөр амласан сайнаасаа харуусна." Тиймээс одоо Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдын эсрэг ярихдаа "ЭЗЭН ингэж айлдаж байна «Үзэгтүн, Би та нарын эсрэг гай гамшиг бэлтгэж, төлөвлөгөө сэдэж байна. Та нарын хүн нэгбүр чинь муу замаасаа эргэж, зам ба үйлсээ шинэчил» хэмээв" гэж хэл" (Иеремиа 18:7-11). Болзол илэрхийлсэн үг болох "хэрэв"-г үз: "... хэрэв... тэр үндэстэн бузар муугаасаа эргэвэл (яг л Иона 3 дээрх Ассирчууд шиг) ... Би зөөлөрнө." Үүний эсрэгээр Бурхан үндэстэнд та нар ерөөгдөх болно гэж болох бөгөөд харин "хэрэв тэд дуу хоолойг минь дагахгүй байснаар мэлмийд минь муу муухайг үйлдвэл (яг л Мика 1 дээр бичигдсэн Израиль шиг) Би түүнийг ерөөхөөр амласан сайнаасаа харуусна."
Дүгнэн хэлвэл Бурхан зан характер бүхэлдээ тогтмол, тууштай байна. Ариун байдлаасаа болоод Бурхан Ниневег гарцаагүй шүүх байсан. Гэвч Ниневе гэмшсэн бөгөөд өөрсдийн замаа өөрчилсөн. Үр дүнд нь Бурхан, мөн л ариун байдлаасаа болон Ниневэд өршөөлөө үзүүлж, тэднийг үлдээсэн. Энэхүү "санаагаа өөрчилсөн" явдал нь Түүний зан чанартай бүрэн нийцтэй харагдаж байна. Түүний ариун байдал нь нэг ч хэм хэлбэлзсэнгүй.
Мөн бидний сонголтоос шалтгаалан Бурхан хариу үйлдэл болох хандлага нь өөрчлөгдөх явц нь Түүний зан чанартай ямар ч хамаагүй. Үнэндээ Бурхан өөрчлөгдөхгүй учраас зөвт бус хүмүүстэй зөвт хүмүүсээс ялгаатай байдлаар хандах ёстой. Хэрэв хэн нэгэн гэмшвэл Бурхан тууштайгаар уучилдаг. Харин хэн нэгэн гэмшихээс татгалзвал Тэр тууштайгаар шүүлтээ харуулдаг. Тэрбээр мөн чанар, төлөвлөгөө, оршихуйн хувьд хэзээ ч өөрчлөгдөшгүй. Тэр нэг өдөр гэмшсэн нэгнийг таалж хүлээн авчихаад маргааш нь гэмшсэн нэгэнд уур хилэнгээ харуулж чадахгүй. Хэрэв ингэвэл энэ нь Түүнийг өөрчлөгддөг бөгөөд найдваргүй нэгэн болохыг харуулна. Бурхан Ниневчүүдэд "Би та нарыг шүүн устгана" гэж хэлчихээд (тэднийг гэмшсэний дараа) шүүхээ больсон нь Бурхан санаагаа өөрчилсөн мэт харагдаж болно. Үнэндээ Бурхан Өөрийнхөө зан чанартай нийцтэйгээр л ажилласан. Тэр өршөөлд дуртай бөгөөд гэмшсэн хүнийг уучилдаг. "Бурхан нигүүлсэнгүй байхаа мартсан гэж үү?" (Дуулал 77:9). Хариулт нь мэдээж үгүй!
Бид нэгэн цагт нүглээсээ болж Бурханы дайснууд байсан (Ром 8:7). Бурхан биднийг гэмшилд хүргэхийн тулд нүглийн төлөөс байгаа гэдгийг сануулсан (Ром 6:23). Бид гэмшиж, авралынхаа төлөө Христэд итгэх үед Бурхан бидний талаар "Өөрийн санаагаа өөрчилдөг" бөгөөд одоо бид Түүний дайснууд байхаа больж харин Түүний хайртай хүүхдүүд болсон (Иохан 1:12). Бид нүгэлдээ үргэлжлүүлэн байсаар байсан бол Бурхан шийтгэхгүй байх нь Түүний зан чанард зөрчил авчирах байсан шиг бид гэмшсэн байхад биднийг шийтгэх нь Түүний зан чанарын эсрэг байна. Бидний зүрх сэтгэлийн өөрчлөлт нь Бурхан өөрчлөгддөг гэсэн утгатай юу? Үгүй, хэрэв ямар нэг юм байгаа бол бидний аврал нь Бурхан өөрчлөгдөхгүй гэсэн нотолгоо руу зааж байгаа. Яагаад гэвэл Тэр биднийг Христийн төлөө авраагүй бол Түүний зан чанарт сөрөг зүйл болох байсан юм.
English
Бурхан санаагаа өөрчилдөг үү?