Асуулт
Яагаад Еврейчүүд болон Арабууд / Муслам хүмүүс бие биенээ үзэн яддаг вэ?
Хариулт
Нэгдүгээрт, бидний ойлгох хэрэгтэй нэг чухал зүйл бол бүх Арабчууд Муслим шашинтан биш, бас бүх Муслим шашинтан хүмүүс Арабчууд биш юм. Хэдийгээр Арабчуудын дийлэнх нь Муслим хүмүүс боловч Муслим биш Араб хүмүүс одоо ч байсаар байгаа. Цаашилбал Араб бус Муслим хүмүүс Индонез, Малайз гэх мэт газар Араб Муслимчуудаас илүү олон тоогоор байдаг гэдгийг мэдэх нь ач холбогдолтой. Хоёрдугаарт, бүх Арабчууд еврейчүүдийг үзэн яддаггүй, бүх Муслимчууд еврейчүүдийг үзэн яддаггүй, бүх Еврейчүүд Араб болон Муслимчуудыг үзэн яддаггүй гэдгийг ойлгох нь чухал. Бид хэвшмэл ойлголттой хүмүүсээс зайлсхийж, сэрэмжтэй байх ёстой. Ерөнхийд нь дүгнэж үзвэл Араб болон Муслим хүмүүс Еврейчүүдэд дургүй байх юмуу итгэлгүй ханддаг бөгөөд эсрэгээрээ ч ялгаагүй.
Энэхүү дайсагналын маш тодорхой библийн тайлбарыг эрж хайя гэвэл Абрахамын үе рүү очих хэрэгтэй болно. Еврейчүүд нь Абрахамын хүү Исаакын үр удам юм. Арабчууд нь Абрахамын хүү Ишмаелийн үр удам. Ишмаел боол эмэгтэйн хүү (Эхлэл 16:1-16) байхын зэрэгцээ Исаак нь Абрахамын ерөөлүүдийг залгамжлан авахаар амлагдсан хүү (Эхлэл 21:1-3) болохоор энэ хоёр хүүгийн хооронд дайсагналцал төрөх нь зайлшгүй болсон. Ишмаел Исаакыг дооглож байхыг хараад (Эхлэл 21:9) Сара Абрахамд хэлж Хагар Ишмаел хоёрыг гэрээсээ хөөлгөдөг (Эхлэл 21:11-21). Энэ нь Ишмаелийн сэтгэлд Исаакыг үзэн ядах шалтгааныг улам дэвэргэсэн байж болох талтай. Тэнгэр элч Хагарт Ишмаелийг “ах дүүсийнхээ эсрэг дайсагнаж амьдрах” болно гэж эш үзүүлсэн (Эхлэл 16:11-12).
Арабчуудын дийлэнх нь шүтэн биширдэг Исламын шашин энэхүү дайсагналыг улам гүн гүнзгий болгосон. Куран судар Еврейчүүдийн талаар Муслим хүмүүст хоорондоо зөрчилтэй заавруудыг өгсөн байдаг. Нэг удаа Муслимчүүдэд Еврейчүүдийг ахан дүүс шигээ үзэх хэрэгтэй гэж заасан боловч өөр нэг газар Исламын шашныг дагахыг эсэргүүцсэн Еврейчүүдийг довтлохыг Муслимчуудад тушаасан байна. Куран мөн Абрахамын аль хүү жинхэнэ амлалтын хүү болох талаар зөрчилтэй санааг танилцуулсан байдаг. Еврейн Бичээс Исаак байсан гэж хэлдэг. Куран болохоор Ишмаел байсан гэдэг. Абрахамын Бурханд өргөх гэж байсан хүү нь Исаак бус Ишмаел байсан гэж Куран бичсэн (Эхлэл 22 бүлгээс огт өөр зүйлийг дурьдсан). Аль хүү нь амлалтын хүүхэд байсан талаарх энэ маргаан өнөөгийн энэ дайсагналд бас л хувь нэмэр оруулдаг.
Гэсэн хэдий ч Исаак болон Ишмаелийн хоорондох үзэн ядалтын энэ эртний үндэс язгуур нь өнөөдрийн Арабчууд, Израильчуудын хоорондын дайсагнал бүрийн бүрэн тайлбар болж чадахгүй. Үнэндээ Ойрхи Дорнодын мянга мянган жилийн түүхэнд Еврей болон Арабчууд харьцангуй энх тайвнаар, бие биенээсээ ялгарахгүй амьдарч байсан нь их. Үзэн ядалтын үндсэн гол шалтгаан нь орчин үеийн эх сурвалжтай. Дэлхийн II дайны дараа НҮБ Израилийн газар нутгийн зарим хэсгийг Еврейчүүдэд олгох үед тэрхүү газар нутагт голдуу Арабчууд (Палестинчууд) оршин сууж байсан. Тэрхүү газар нутгыг нь Израиль үндэстэн эзэмшихийн эсрэг ихэнх Арабчууд ширүүн тэмцсэн. Араб үндэстнүүд нэгдэж тэднийг газар нутгаас нь үлдэн хөөхөөр Израиль руу довтолсон боловч ялагдал хүлээсэн. Тэр үеэс хойш Израильчууд болон хөрш Арабчуудын хооронд ширүүн дайсагнал тогтсон байна. Израиль эргэн тойрондоо Иордан, Сир, Саудын Араб, Ирак, болон Египет гэх мэт өргөн хэмжээний газар нутагтай Араб үндэстнүүдээр хүрээлүүлсэн жижиг газар нутагт оршдог. Библийн дагуух үзэл баримтлалаар харвал Бурхан Абрахамын ач хүү Иаковын үр ач нарт өгсөн өөрсдийн газар нутагтаа нэг үндэстэн болж оршин суух эрх Израильчуудад бий. Үүний хажуугаар Израиль энх тайвныг баримталж, хөрш Араб үндэстнүүдийг хүндэтгэн үзэх ёстой гэж бид хатуу итгэдэг. Дуулал 122:6 “Иерусалимын амар амгалангийн төлөө гуй. “Чамайг хайрлагчид өлзийтэй байх болтугай.” гэж тунхагладаг.
English
Яагаад Еврейчүүд болон Арабууд / Муслам хүмүүс бие биенээ үзэн яддаг вэ?