settings icon
share icon
Асуулт

Мормонизм гаж урсгал уу? Мормончууд юунд итгэдэг вэ?

Хариулт


Мормончууд буюу Хожмын үеийн Гэгээнтнүүд (LDS) гэдгээрээ олонд танигдсан Мормоны шашинг (Мормонизм) хоёр зуу орчим жилийн өмнө Иосеф Смит гэх нэртэй хүн үндэслэсэн байна. Бурхан Эцэг болон Есүс Христ нар түүн дээр хувьчлан айлчилж тухайн үеийн бүх чуулганууд болон тэдний итгэлийн тунхаглалууд нь жигшүүртэй худал хуурмаг зүйлс гэж илчилсэн хэмээн тэр тунхагласан байдаг. Иосеф Смит тэгээд дэлхий дээрх цорын ганц үнэн чуулган гэж тунхагласан “цоо шинэ” шашныг эхлүүлэн тавьжээ. Мормонизмын асуудал нь тэдний сургаал хоорондоо зөрчилддөг, засан сайжруулдаг төдийгүй Библи дээр нэмдэг явдал юм. Христэд итгэгчдийн хувьд Библи үнэн биш бөгөөд хангалттай бус гэж итгэх ямар ч шалтгаан байхгүй. Үнэнээр итгэх болон Бурханд найдвараа тавих гэдэг нь Бурханаас шууд ирсэн буюу Түүгээр онгод оруулагдсан бүхий л Бичээс болох Түүний үгэнд итгэнэ гэсэн үг (2 Tимот 3:16).

Гэтэл Мормончууд үнэндээ тэнгэрлэг байдлаар онгод оруулагдсан ганцхан эх сурвалж биш, харин дөрвөн эх сурвалж байгаа гэдэгт итгэдэг байна. Үүнд: 1) Библи “гэхдээ энэ нь зөв орчуулагдсан байх ёстой.” Аль ишлэлүүд нь буруу орчуулагдсан бэ гэдэг нь байнга л тодорхой бус байсаар байгаа. 2) Мормоны ном, Смит “орчуулсан” гэх бөгөөд 1830 онд хэвлэгдсэн байна. Смит энэ номыг дэлхий дээрх “хамгийн зөв ном” бөгөөд “бусад ямар номноос илүү” үүний дэг журмыг нь дагаснаар Бурханд тухайн хүн илүү ойрхон болж чадна гэж дурьдсан. 3) Онол сургаал ба Гэрээнүүд, “дахин сэргэсэн Есүс Христийн чуулган”-тай холбоотой орчин үеийн илчлэлтүүдийн цуглуулгыг агуулсан. 4) Асар үнэтэй Сувд, Мормончууд энэ номыг Библиэс алдагдсан байсан онол сургаалуудыг “сэргээн оруулж, тодорхой болгосон” гэж үздэг бөгөөд дэлхий бүтээгдсэн талаарх өөрсдийн мэдээллээ нэмсэн байна.

Бурханы талаарх дорх үзэл баримтлалд Мормончууд итгэдэг: Тэр анхнаасаа энэ орчлон ертөнцийн Хамгийн Дээд Оршигч байгаагүй, харин зөвт амьдрал болон байнгын хичээл зүтгэлийн үр дүнд тэрхүү байр сууриа олж авсан. Эцэг Бурхан бол хүнтэй адилхан мэдэгдэхүйц бодит “мах яс бүхий биетэй” гэж тэд итгэдэг. Хэдийгээр орчин үеийн Мормоны удирдагч зайлсхийж байгаа ч Бригам Ёнг Адам бол үнэндээ Бурхан бөгөөд Есүс Христийн эцэг гэж заасан байдаг. Үүнтэй харьцуулахад Христэд итгэгчид Бурханы тухай дараах зүйлсийн тодорхой мэддэг: зөвхөн цорын ганц үнэн Бурхан байдаг (Дэд хууль 6:4; Исаиа 43:10; 44:6-8), Тэр үргэлж оршин байсан бөгөөд оршин байсаар байна (Дэд хууль 33:27; Дуулал 90:2; 1 Tимот 1:17). Мөн Тэр бол бүтээгдсэн бус харин Бүтээгч (Эхлэл 1; Дуулал 24:1; Исаиа 37:16). Тэр төгс төгөлдөр бөгөөд Түүнтэй харьцуулах тэнцүү нэгэн ер байхгүй (Дуулал 86:8; Исаиа 40:25). Бурхан бол хүнтэй адилхан биш, бас хэзээ ч тийм байгаагүй (Тооллого 23:19; 1 Самуел 15:29; Хосеа 11:9). Тэр бол Сүнс (Иохан 4:24), бөгөөд Сүнс махан бие болон яснаас бүрэлддэггүй (Лук 24:39).

Мөн Мормончууд үхлийн дараа гурван түвшин бүхий газар эсвэл хаанчлал байдаг гэж итгэдэг. Үүнд: селестиал хаанчлал, террестриал хаанчлал, телестиал хаанчлал болон гаднах харанхуй. Хүн төрөлхтөн юунд итгэсэн болон энэ амьдралдаа юу хийснээс шалтгаалаад эдгээр газруудад эцэст нь очино. Үүнтэй харьцуулахад Библи үхлийн дараах амьдралдаа тухайн хүн Есүс Христийг Эзэн болон аврагч гэж итгэсэн, итгээгүйгээс шалтгаалаад тэнгэрийн улс юмуу тамд очино гэж хэлдэг. Итгэгч хүмүүсийн хувьд өөрсдийн биеэсээ холдон явна гэдэг нь Эзэнтэй хамт байна гэсэн үг (2 Коринт 5:6-8). Итгэгч биш хүмүүс там эсвэл үхэгсдийн газар руу илгээгдэнэ (Лук 16:22-23). Есүс хоёр дахь удаагаа ирэх үед бид шинэ биеийг хүлээн авна (1 Коринт 15:50-54). Тэнд итгэгчдэд зориулагдсан шинэ тэнгэр, шинэ газар байх (Илчлэлт 21:1) бөгөөд итгэгч бус хүмүүс нь үүрд мөнхөд шатах галт нууранд хаягдана (Илчлэлт 20:11-15). Үхлийн дараа цагаатгал юмуу хоёр дахь боломж гэж ер байхгүй (Еврей 9:27).

Мормоны удирдагчид Есүсийн бие махбодийн төрөлт нь Эцэг Бурхан болон Марийн хооронд явагдсан бодит физикал харилцааны үр дүн байсан гэж заасан. Мормончууд Есүс бол бурхан бөгөөд ямар ч хүн бас бурхан болж болно гэж итгэдэг. Мормончууд авралыг итгэл болон сайн үйлсийг хамтад нь сахиж байж олж авч чадна гэж заадаг. Үүнтэй харьцуулахад Христэд итгэгчид түүхийн туршид хэн ч Бурханы байр сууринд хүрч чадахгүй бөгөөд Тэр л зөвхөн ариун Нэгэн(1 Самуел 2:2) гэж заасаар ирсэн. Бид Бурханы нүдэнд Есүс Христэд итгэх итгэлээр л ариун болгогдож, ариун гэж үзэгдэх болсон (1 Коринт 1:2). Есүс бол Бурханы цорын ганц Хүү (Иохан 3:16) бөгөөд энэ дэлхий дээр цор ганцаараа нүгэлгүй, гэм зэмгүй амьдралаар амьдарч, харин одоо тэнгэрийн улсад хамгийн дээд байр сууринд залрах болсон (Еврей 7:26). Есүс болон Бурхан хоёр мөн чанарын хувьд нэг оршигч бөгөөд Есүс махан биеийг өмсөн ирэхээсээ өмнө цорын ганц Нэгэн байсаар байсан (Иохан 1:1-8; 8:56). Есүс Өөрийгөө бидэнд тахил болгон өгсөн учраас Бурхан Түүнийг үхлээс амилуулан өргөсөн төдийгүй нэг өдөр бүх хүн Есүс Христ бол Эзэн гэж өчин тунхаглах болно (Филиппой 2:6-11). Бид өөрсдийн ажил үйлсээр тэнгэрийн улсад хүрэх ямар ч боломжгүй бөгөөд зөвхөн Түүнд итгэснээр л боломжтой болно гэж Есүс хэлсэн (Maтай 19:26). Бид бүгд өөрсдийн гэмийн улмаас мөнхийн шийтгэл авах ёстой байсан ч Бурхан хязгааргүй хайр болон нигүүлслийнхээ улмаас гарах арга замыг бидэнд зөвшөөрсөн. “Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн” (Ром 6:23).

Авралыг хүлээн авах цорын ганц арга зам нь Бурхан болон Түүний Хүү Есүсийг таньж мэдэх явдал гэдэг нь тодорхой харагддаг (Иохан 17:3). Үүнийг ажил үйлсээр гүйцэтгэж чадахгүй, харин итгэлээр л боломжтой (Ром 1:17; 3:28). Бид ямар хүмүүс ч бай, ямар ч үйлс, буруу үйлдэл хийсэн байсан ч энэ бэлгийг хүлээн авч чадна (Ром 3:22). “Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй гэв” (Үйлс 4:12).

Ер нь Мормончууд байнга нөхөрсөг, халамжтай, сайхан сэтгэлтэй байдаг ч тэд Бурхан, Есүс Христийн хүмүүн чанар, авралын утга учрын талаар гажиж бохирдсон хуурамч шашинд мунхарсан хүмүүс юм.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Мормонизм гаж урсгал уу? Мормончууд юунд итгэдэг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries