Асуулт
Библид Гурвалын тухай юуг заадаг вэ?
Хариулт
Гурвалын талаарх Христитгэлийн үзэл санааны хамгийн бэрхшээлтэй тал нь үүнийг бүрэн дүүрэн тайлбарлах боломжгүйд байдаг. Гурвалын үзэл санаа нь хүн төрөлхтөн бүрэн ойлгох боломжгүй, тайлбарлаж чадахгүй зүйл юм. Бурхан биднээс илүү төгс агуу учир бид Түүнийг бүрэн ойлгож чадна гэж найдаад хэрэггүй. Библи Эцэг бол Бурхан, Есүс бол Бурхан, Ариун Сүнс бол Бурхан гэж заадаг. Мөн Библи зөвхөн цор ганц Бурхан байгаа гэж заадаг. Хэдийгээр бид Гурвалын нэг нь нөгөөтэйгөө ямар харилцаатай тухай баримтуудыг ойлгож болох авч үнэндээ хүний оюун санаагаар түүнийг бүрэн төсөөлөх боломж байхгүй. Хэдий тийм боловч энэ байдлаар Гурвалыг худал зүйл, Библийн зарчимд үндэслэсэн зүйл огт байхгүй гэж хэлж болохгүй.
“Гурвал” гэдэг үг энэ хэвээрээ Бичээст ерөөсөө хэрэглэгдээгүй гэдгийг сайн санах хэрэгтэй. Гурван Бурхан буюу гурвуулаа зэрэгцэн оршдог, гурвуулаа мөнхөд байж Бурханы оршихуйг бий болгодог байдлыг тайлбарлах гэж оролдсоноор энэ нэр томъёог гаргаж ирсэн. Гэхдээ үүнийг гурван ширхэг Бурхан байдаг гэж ерөөсөө ойлгож болохгүй. Гурвал гэдэг бол гурван оршигчоос бүрдсэн 1 Бурханы тухай ярьж байгаа юм. Хэдийгээр Библиэс “Гурвал” гэдэг нэр томъёог олохгүй боловч үүнийг хэрэглэхэд буруутгах шалтгаан байхгүй. “Гурвал” гэдэг үг нь “3-н зэрэгцэн оршигч, үүрд мөнх байгч 1 Бурханыг бүрдүүлж байгаа” гэсэн илэрхийллийг товчилж байгаа юм. Хэрвээ энэ үгийг хэрэглэх нь танд ямар нэг асуудал болж байгаа бол үүнийг нэг тунгаан бодоод үзээрэй. Өвөг эцэг гэдэг үг Библид бас ерөөсөө гардаггүй. Гэвч Библид өвөг эцгүүдийн тухай байдаг гэдгийг бид мэднэ. Абрахам Иаковын өвөг эцэг байсан. Тийм болохоор “Гурвал” гэдэг энэ нэр томъёог асуудал болгон үзэх хэрэггүй. Бидний чухалчлан авч үзэх ёстой асуудал бол тухайн үзэл баримтлал Библид дурьдагдаагүй “Гурвал” гэдэг үгээр төлөөлөгдөж байгаа юм. Одоо танилцуулгыг орхиод Гурвалын талаар авч үзэх шаардлагатай Библийн ишлэлүүдийг судалж үзье.
1) Зөвхөн нэг Бурхан байдаг: Дэд хууль 6:4; 1Коринт 8:4; Галат 3:20; 1Тимот 2:5.
2) Гурвал гурван оршигчоос бүрэлддэг: Эхлэл 1:1; 1:26; 3:22; 11:7; Исаиа 6:8; 48:16; 61:1; Матай 3:16-17; Матай 28:19; 2Коринт 13:14. Хуучин гэрээний багш ишлэлүүдийг ойлгоход Еврей хэлний мэдлэг маш их тус болдог. Эхлэл 1:1-д Бурханы нэрийг хэрэглэхэд олон тооны “Елохим” гэдэг үг хэрэглэгдсэн байдаг. Эхлэл 1:26; 3:22; 11:7 болон Исаиа 6:8-д олон тооны “бид” гэсэн хэллэг хэрэглэгдсэн. Энэ "Елохим" болон "бид" гэдэг нь хоёроос илүү тоог тодотгож байгаа гэдэг нь хэнд ч асуудал байхгүй. Монгол хэлэнд бид зөвхөн ганц тоо, олон тоо гэсэн хоёр хэлбэрийг авч үздэг. Харин Еврей хэлэнд ганц тоо, хос тоо, олон тоо гэсэн гурван хэлбэрийг авч үздэг байна. Хос гэдэг нь зөвхөн хоёр гэдэгт хамаатай. Еврей хэлний бүтцийг харвал энэ хос гэдэг тоо нь нүд, чих, гар гэх мэт хосоор нэрлэгдэх зүйлсэд хэрэглэгддэг байна. “Елохим” болон “бид” гэдэг олон тооны хэлбэрүүд нь хоёроос илүү тоог зааж байгаа гарцаагүй бөгөөд гурав эсвэл түүнээс илүү байдлыг илэрхийлдэг(Эцэг, Хүү, Ариун Сүнс).
Исаиа 48:16 болон 61:1 зэрэг ишлэлд Хүү Бурхан болон Ариун Сүнсийн тухай тодотгон ярьж байгааг харж болно. Матай 3:16-17д Есүсийн баптисм хүртэж байгаа үйл явцыг тайлбарласан. Энэ хэсгээс харвал Ариун Сүнс Бурхан Хүү Бурханы дээр бууж ирж байх үед Эцэг Бурхан Хүүгийнхээ талаар тааламжтай ханддаг гэж тунхаглаж байна. Матай 28:19 болон 2Коринт 13:14 Гурвалд гурван тусдаа оршигч байгаа гэдэг жишээгээр харж болно.
3) Гурвалын гишүүн тус бүр нэг нэгнээсээ ялгаатай болохыг олон тооны ишлэл харуулдаг: Хуучин гэрээнд "ЭЗЭН" гэдгийг “Эзэн" гэх үгнээс ялгадаг(Эхлэл 19:24; Хосеа 1:4). “ЭЗЭН” “Хүү”-тэй байдаг(Дуулал 2:7, 12; Сургаалт үгс 30:2-4). Сүнс “ЭЗЭН”(Тооллого 27:18) болон “Бурхан”(Дуулал 51:10-12)-с тусгаарлагдсан байдаг. Хүү Бурхан Эцэг Бурханаас тусдаа байдаг(Дуулал 45:6-7; Еврей 1:8-9). Шинэ гэрээний Иохан 14:16-17-д Есүс Эцэг Өөрөө туслагч болох Ариун Сүнсийг илгээнэ хэмээн хэлсэн. Энэ нь Есүс Өөрийгөө Эцэг юмуу эсвэл Ариун Сүнс гэж авч үзээгүй гэдгийг харуулдаг. Түүнээс гадна сайн мэдээний бүх л номнуудад олон зуун удаа Есүс Эцэгийн тухай ярьсан байдаг. Тэр Өөрийнхөө тухай ярьж байсан гэж үү? Үгүй. Тэр Гурвал доторх Өөр нэгэн оршигч Эцэгийн тухай ярьсан.
4) Гурвалын гишүүн бүр Бурхан: Эцэг бол Бурхан: Иохан 6:27; Ром 1:7; 1Петр 1:2. Хүү бол Бурхан: Иохан 1:1, 14; Ром 9:5; Колоссай 2:9; Еврей 1:8; 1Иохан 5:20. Ариун Сүнс бол Бурхан: Үйлс 5:3-4; 1Коринт 3:16 (Бидний дотор оршигч нэгэн бол Ариун Сүнс - Ром 8:9; Иохан 14:16-17; Үйлс 2:1-4).
5) Гурвалын доторх харъяалал: Ариун Сүнс Эцэг болон Хүүд харъяалагдан захирагддаг бөгөөд Хүү Эцэгт захирагддаг тухай Бичээс өгүүлдэг. Энэ бол Гурвалын дотоод харилцаа болохоос Гурвал доторх гишүүдийн бурхан чанарыг үгүйсгэж байгаа хэрэг биш юм. Энэ бол хязгааргүй Бурханы талаарх ойлголтыг бидний хязгаартай оюун санаа ойлгож чадахгүй хэсэг юм. Хүүгийн талаарх хэсгийг дараах ишлэлээс харж болно. Үүнд: Лук 22:42; Иохан 5:36; Иохан 20:21; 1 Иохан 4:14. Ариун Сүнсний талаарх хэсэг: Иохан 14:16; 14:26; 15:26; 16:7 болон ялангуяа Иохан 16:13-14.
6) Гурвалын гишүүн бүрийн хувьчилсан үүрэг: Эцэг бол туйлын эх сурвалж, эсвэл шалтгаан болдог. Үүнд 1) орчлон ертөнцийн(1Коринт 8:6; Илчлэлт 4:11); 2)тэнгэрлэг илчлэлтийн(Илчлэлт 1:1); 3)авралын(Иохан 3:16-17); болон 4)Есүсийн хүний биеэр хийсэн үйлчлэлийн(Иохан 5:17; 14:10). Эцэг бүхий л зүйлийг САНААЧИЛСАН.
Хүү бол Эцэгийн дамжуулан хийсэн дараах ажлуудын гол гүйцэтгэгч болсон. Үүнд: 1)бүтээл болон дэлхийг тэтгэх үйлчлэл(1Коринт 8:6; Иохан 1:3; Колоссай 1:16-17); 2)тэнгэрлэг илчлэлт (Иохан 1:1; Матай 11:27; Иохан 16:12-15; Илчлэлт 1:1); болон 3)аврал (2Коринт 5:19; Матай 1:21; Иохан 4:42). Эцэг эдгээр бүхий л зүйлсийг Хүүгээрээ дамжуулан хийсэн бөгөөд Хүү бол гүйцэтгэгчийн ажил үүрэгтэй.
Ариун Сүнс бол Эцэгийн хүслийн дагуу дараах ажлуудын илэрхийлэл болсон байдаг. Үүнд: 1) бүтээл болон дэлхийг тэтгэн, дэмжих(Эхлэл 1:2; Иов 26:13; Дуулал 104:30); 2)тэнгэрлэг илчлэлт (Иохан 16:12-15; Eфес 3:5; 2Петр 1:21); 3)аврал(Иохан 3:6; Тит 3:5; 1Петр 1:2); болон 4)Есүсийн ажил үйлчлэл(Исаиа 61:1; Үйлс 10:38). Иймэрхүү байдлаар дээрх бүхий л зүйлсийг Эцэг Ариун Сүнсний хүчээр хийсэн байна.
Гурвалыг тайлбарлахад ямар ч алдартай жишээ байсан яг гарцаагүй илэрхийлж чадахгүй. Өндөг(эсвэл алим) хальс, цагаан хэсэг, шар хэсэг зэрэг бол хуваагдах боловч тухайн хэсэг бүр нь өндөг гэж илэрхийлэгдэж чадахгүй байдлаараа алдаатай байдаг. Эцэг, Хүү, Ариун Сүнс бол Бурханы хэсгүүд бус харин Өөрсдөө тус бүр Бурхан. Усны тухай жишээ зарим талаараа арай илүү байдаг боловч бас л Гурвалыг бүрэн тайлбарлахад алдаанд унадаг. Шингэн, уур, болон мөсөн төлөв нь бүгдээрээ усны хэлбэрүүд. Эцэг, Хүү, Ариун сүнс бол Бурханы хэлбэрүүд бус харин Өөрсдөө тус бүр Бурхан. Иймэрхүү байдлаар тодорхой жишээнүүд бидэнд Гурвалын талаарх зураглалыг өгч чадах боловч зураглал нь үнэндээ яг зөв тодорхой байж чадахгүй. Бүрэн төгс, хязгааргүй Бурхан хязгаартай төгс бус зураглалаар илэрхийлэгдэж чадахгүй. Харин Гурвал дээр анхаарлаа тавихын оронд Бурханы агуу байдал болон бүрэн төгс байдал биднийхээс хавьгүй илүү дээр гэдгийг мэдэх гэж хичээх нь дээр юм. "Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ? Учир нь хэн Эзэний оюун ухааныг мэдсэн бэ? Хэн Түүний зөвлөгч нь болсон бэ?" (Ром 11:33-34)
English
Библид Гурвалын тухай юуг заадаг вэ?