settings icon
share icon
Асуулт

Хэрэв бидний аврал өнө мөнхийнх юм бол Библи яагаад урвалтын эсрэг тийм хүчтэй анхааруулдаг юм бэ?

Хариулт


Библи урвалтын талаар тийм хүчтэй анхааруулж байгаа шалтгаан нь жинхэнэ итгэл нүдэнд харагдах үр жимсээрээ хэмжигддэг учраас юм. Иохан Баптист Иордан голд хүмүүст усан баталгаа хүртээж байхдаа өөрсдийгөө зөвт гэж боддог хүмүүсийг “гэмшилд зохистой үр жимсийг гарга” хэмээн зэмлэсэн (Матай 3:8). Есүс уулан дээр сургаал зааж байхдаа хүмүүст хандан мод бүр үр жимсээрээ танигддаг (Матай 7:16) бөгөөд сайн үр жимс төрүүлдэггүй мод бүрийг огтолж галд хаяна хэмээн анхааруулсан (Матай 7:19).

Энэ олон анхааруулгын цаад санаа нь зарим хүмүүсийн хэлдгээр “хялбар итгэлтэй” хүмүүс рүү чиглэсэн. Өөрөөр хэлбэл, Есүсийг дагана гэдэг бол “Би Христэд итгэгч” гэж хэлэхээс илүү зүйл юм. Хэн ч Христийг Аврагчаа хэмээн хүлээн зөвшөөрч чадах боловч үнэхээр аврагдагсад нь харагдахуйц үр жимсийг төрүүлдэг. Харин одоо хэн нэг нь “Үр жимс гэж яг юуг хэлээд байна вэ?” гэж асууж магад. Паул Ариун Сүнсний үр жимсний талаар өгүүлсэн хамгийн тод жишээ Галат 5:22-23 багц хэсэгт бий: хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй. Өөр төрлийн үр жимс ч бас бий (магтаал, сүнснүүдийг Христ рүү хөтлөх гэх мэт). Гэвч дээрх жагсаалт бидэнд христитгэлийн хамгийн чухал үр жимсийг зааж өгч байна. Үнэн итгэгчид Христтэй хамт алхах тусам амьдралд нь эдгээр үр жимс улам л гялалзан тодорсоор байдаг (2 Петр 1:5-8).

Мөнхийн амийг авсан үнэн, үр жимс ургуулдаг дагалдагчид нь эцсийг хүртэл явах болно. Энэ талаар өгүүлсэн ишлэл Библид олон бий. Ром 8:29-30 багц хэсэгт Бурхан хүмүүсээ урьдаас мэдэж тогтоосон, тогтооснуудаа дуудсан, дуудсануудаа зөвтгөсөн, зөвтгөснүүдээ алдаршуулсан тухай өгүүлэх авралын “алтан гинж” харж болно – тэд замдаа ердөө ч хаягдахгүй. Филиппой 1:6 ишлэлд бидний дотор сайн үйлийг эхлүүлсэн Бурхан үүнийгээ мөн төгс болгон дуусгах тухай өгүүлсэн. Бурхан хожим авах өв залгамжлалыг маань батлан Ариун Сүнсээр биднийг тамгалсан тухай Ефес 1:13-14 багц хэсэгт заадаг. Мөн Иохан 10:29 ишлэлд хэн ч Бурханы хоньдыг Түүний гараас булаан авч чадахгүй гэдгийг баталсан байдаг. Үнэн итгэгч нарын аврал баталгаажсан болохыг батлан өгүүлэх ийм ишлэл Библид зөндөө бий.

Библид урвалтын талаар өгүүлдэг нь хоёр үндсэн зорилготой. Нэгдүгээрт, үнэн итгэгч нар “дуудлага ба сонголт” зэргээ баталгаажуулахыг ятгах явдал юм. 2 Коринт 13:5 ишлэлд Паул биднийг итгэл дотор байгаа эсэхээ шалгаж байгаарай гэж хэлсэн. Бид үр жимс ургуулж, Есүс Христийг үнэнээр дагаж байгаа бол аврал маань баталгаатай. Итгэгчдийн сүнслэг бэлгүүд, мөн хэр дуулгавартай байгаа зэргээс нь хамаарч үр жимс нь харилцан адилгүй байж болох ч бүх итгэгчид үр жимс ургуулдаг. Мөн бид өөрсдийгөө шалгаснаар үүний баталгааг харж болно.

Итгэлийн амьдралд нүдэнд харагдах үр жимсгүй байх үе байдаг. Нүгэлд автах, дуулгаваргүй байх үед ийм байдаг. Бид дуулгаваргүй байдлаа үргэлжлүүлсээр байвал юу болох вэ гэвэл Бурхан биднээс авралын баталгааг зайлуулдаг. Ийм учраас Давид “авралын баяр баясгаланг” сэргээж өгөөч хэмээн залбирсан байдаг (Дуулал 51:12). Бид нүгэл дотор амьдрах үедээ баяр баяслаа алддаг. Библи бидэнд “Итгэл дотор байгаа эсэхээ үргэлж шалга” хэмээн анхааруулдаг (2 Коринт 13:5). Үнэн итгэгч өөрийгөө шалгаад сүүлийн үед үр жимс гаргаагүй байх юм бол үнэн сэтгэлээсээ гэмшиж, Бурхан руу эргэх ёстой.

Библид урвалтын талаар анхааруулж буй хоёр дахь шалтгаан нь бидэнд үүнийг таниулахын тулд юм. Итгэл бишрэлээ орхидог хүнийг урвагч гэдэг. Есүс Христэд итгэдэг хэмээн явах боловч Түүнийг хэзээ ч өөрийн Аврагчаар үнэндээ хүлээн аваагүй хүмүүсийг Библид урвагч хэмээн тодорхой хэлсэн байдаг. Матай 13:1-9 (Үр таригчийн сургаалт зүйрлэл) багц хэсэгт энэ санааг төгс илэрхийлдэг. Энэхүү сургаалт зүйрлэлд тариачин Бурханы Үгийг бэлэгдсэн үрийг дөрвөн төрлийн хөрсөнд тарьдаг: зам, чулуурхаг газар, хогийн ургамалтай хөрс, сайн хөрс. Энэ дөрвөн хөрс нь хүний сайнмэдээнд хандах дөрвөн төрлийн хандлагыг төлөөлдөг. Эхнийх нь цэвэр эсэргүүцлийг илэрхийлдэг бол үлдсэн гурав нь сайн мэдээг хүлээн авч байгаа гурван түвшинг илэрхийлсэн. Чулуурхаг болон хогийн ургамалтай хөрс нь сайнмэдээг анх сонсоод дуртайяа хүлээн авдаг боловч хавчлага ирэх үед (чулуурхаг хөрс), эсвэл дэлхийн амьдралын асуудал гарч ирэх үед (хогийн ургамалтай хөрс) тэд зайлан зугтдаг. Энэ хоёр төрлийн хүмүүс сайнмэдээг эхлээд “хүлээн авдаг” ч үр нь (сайнмэдээ) тэдний зүрх сэтгэлд гүн үндэслээгүй учир хэзээ ч үр жимс төрүүлдэггүй гэдгийг Есүс тодорхой хэлсэн. Зөвхөн Бурханаар “бэлтгэгдсэн” дөрөв дэх хөрс үрийг хүлээн авч жимс ургуулж чаддаг. Есүс уулан дээрх сургаалиа зааж байхдаа мөн “Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй” хэмээн онцолсон (Матай 7:21).

Библи урвалтын эсрэг анхааруулахтай зэрэгцэн үнэн итгэгч хэзээ ч урвахгүй гэж хэлж байгаа нь хачин санагдаж болох юм. Гэсэн ч, энэ бол Библийн хэлж буй зүйл. 1Иохан 2:19 ишлэлд урваж шарваж байгаа хүмүүс анхнаасаа үнэн итгэгч байгаагүй хэмээн тодорхой хэлсэн байна. Тиймээс урвалтын эсрэг Библийн эдгээр анхааруулга нь үнэн итгэлийг хүлээн аваагүй хэрнээ “итгэл дотор” байгаа хүмүүст хандсан. Библийн Еврей 6:4-6, 10:26-29 зэрэг ишлэл нь “дүр эсгэгч” итгэгчид өөрсдийгөө шалгах хэрэгтэй бөгөөд, хэрэв тэд урваж шарвахыг бодож байгаа бол тэд үнэндээ аврагдаагүйг илэрхийлсэн анхааруулга юм. Матай 7:22-23 хэсэгт Бурханы эсэргүүцдэг тэдгээр “дүр эсгэгч итгэгчид” итгэлээ алдсаныхаа улмаас биш, харин Бурхан тэднийг хэзээ ч мэддэггүй учраас тэд хаягдсан болохыг өгүүлдэг.

Өөрсдийгөө Есүстэй холбох дуртай хүмүүс олон байдаг. Мөнх амь ба ивээл ерөөлийг хүсэхгүй хэн байх вэ? Гэхдээ, Есүс биднийг дагалдагч байхын өртгийг тооцож үзэхийг анхааруулж байна (Лук 9:23-26, 14:25-33). Үнэн итгэгчид тэрхүү өртгийг тооцсон байдаг ч, урвагч нар бол тийм биш. Урвагч нар анхнаасаа л огт аврагдаагүй хүмүүс байсан гэдгийг нь тэдний итгэлээ орхиж байгаа байдлаас нь мэдэж болно (1Иохан 2:19). Урвалт гэдэг бол авралаа алдах явдал биш, харин анхнаасаа хэзээ ч авралыг авч байгаагүй гэдгийг нь нотлон харуулдаг.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Хэрэв бидний аврал өнө мөнхийнх юм бол Библи яагаад урвалтын эсрэг тийм хүчтэй анхааруулдаг юм бэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries