Асуулт
Баптисм авралд хэрэгтэй юу? Баптисман шинэчлэл гэж юу вэ?
Хариулт
Баптисман шинэчлэл гэдэг нь аврагдахын тулд хүн баптисм хүртэх шаардлагатай гэх итгэл. Бидний үзлээр баптисм бол Христитгэгчдийн дуулгавартай байдлын чухал алхам, гэвч бид баптисм нь авралд шаардлагатэй гэдгийг тууштайгаар эсэргүүцдэг. Христэч хүн бүр усан баптисмыг усанд булхаж хийх хэрэгтэй гэж бид бас хатуу итгэдэг. Баптисм нь Христийн үхэл, оршуулалт, болоод амилалттай бид адил байдалд холбогдсон гэдгийг зурагчилж үзүүлдэг. Ром 6:3-4 хэсэгт ийнхүү хэлсэн: “Христ Есүс руу баптисм хүртсэн бид цөмөөрөө Түүний үхэл уруу баптисм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тиймд бид үхэл уруу баптисм хүртсэнээрээ Түүнтэй хамт оршуулагдсан учраас Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явах юм.” Усанд булхах энэ үйлдэл нь Христтэй хамт үхэж, оршуулагдсан гэдгийг зурагладаг. Уснаас гарч ирэх үйлдэл нь Христийн амилалтыг зураглана.
Аврагдахын тулд Есүс Христэд итгэх итгэл дээр нэмж өөр зүйлс шаардах нь үйлс-суурилсан аврал болно. Сайнмэдээн дээр ямар нэг зүйл нэмэх нь Есүсийн загалмай дээрх үхэл бидний авралыг худалдаж авахад хангалтгүй байсан гэсэн үг. Бид аврагдахын тулд заавал баптисм хүртэх ёстой гэж хэлэх нь авралыг хангалттай болгохын тулд Христийн үхэл дээр бид өөрсдийн сайн үйлс ба дуулгавартай байдлыг нэмэх ёстой гэж хэлж байгаа хэрэг. Есүсийн үхэл дангаараа бидний нүглийг төлсөн (Ром 5:8; 2Коринт 5:21). Бидний нүглийн төлөөх Есүсийн төлөөс нь зөвхөн итгэл гэх “дансаар” л төлөгддөг (Иохан 3:16; Үйлс 16:31; Ефес 2:8-9). Тиймээс баптисм бол авралын дараа хийгдэх дуулгавартай байдлын чухал алхам боловч авралд зайлшгүй хэрэгтэй шаардлага байж чадахгүй.
Тийм, баптисм нь авралд хэрэгцээтэй мэт санагдуулах зарим ишлэл байдаг. Гэсэн хэдий ч, Библи аврал нь ганцхан итгэлээр ирдэг гэдгийг бидэнд маш тодорхой хэлснээс хойш (Иохан 3:16; Ефес 2:8-9; Тит 3:5), эдгээр ишлэлд өөр тайлал хийгдэх ёстой. Бичвэр Бичвэртэйгээ зөрчилддөггүй. Библийн цаг үед өөр шашинаас итгэлд орж ирэх үедээ түүнийгээ харуулах зорилготойгоор баптисм хүртдэг байсан. Баптисм нь олон нийтийн өмнө шийдвэр гаргаж байгаагаа харуулах хэрэгсэл. Баптисм хүртэхээс татгалзаж буй хүмүүс нь жинхэнээсээ итгээгүй гэж хэлж буй хэрэг. Тэгэхлээр анхны элч болон дагалдагчдын толгойд баптисм хүртээгүй итгэгч гэсэн ойлголт байж болохгүй гэсэн үг. Хүн Христэд итгэсэн гэж тунхагласан боловч итгэлээ олон нийтийн өмнө зарлахаас ичиж байгаа бол түүнд жинхэнэ итгэл байгаагүй гэж үзнэ.
Хэрвээ баптисм авралд хэрэгтэй бол яагаад Паул, “Крисп, Гаи хоёроос бусад та нарын хэнд чинь ч би баптисм хүртээгээгүйдээ [Бурханд] талархдагийн учир нь” (1Коринт 1:14) гэж хэлэх байсан гэж? Яагаад тэр “...Христ намайг баптисм хүртээлгэхээр бус харин Христийн загалмайг дэмий хоосон зүйл болгохгүйн тулд, үгийн мэргэн цэцнийг хэрэглэлгүй сайнмэдээг тунхаглуулахаар илгээсэн юм” (1Коринт 1:17) гэж хэлсэн юм бол? Мэдээж энэ хэсэгт Паул Коринт чуулганд тархсан хуваагдлыг зэмлэн маргаж байна. Гэсэн хэдий ч хэрвээ баптисм авралд шаардлагатай байсан бол Паул яаж “баптисм хүртээгээгүйдээ Бурханд талархдаг...” эсвэл “Христ намайг баптисм хүртээлгэхээр бус..." гэж хэлж чадна вэ? Хэрвээ баптисм авралд зайлшгүй шаардлагатай байсан бол Паул “Та нар аврагдаагүйн төлөө би Бурханд талархдаг... “ бас “Христ намайг аврахын тулд илгээгээгүй...” гэх мэт хэлэх байсан байж мэднэ. Энэ нь Паулын хийсэн итгэмээргүй хачин тунхаглал болох байв. Цаашилбал Паул сайнмэдээ гэж үздэг зүйлсийнхээ талаар нарийвчилсан тойм (1Коринт 15:1-8) гарган өгөхдөө яахлаараа тэр баптисмыг дурдалгүй орхисон байх вэ? Хэрэв баптисм нь авралд шаардлагатай юм бол сайнмэдээний талаарх ямар ч танилцуулгад нь баптисмыг дурдалгүй орхидог байна?
Баптисман шинэчлэл нь библийн үзэл санаа биш. Баптисм нүглээс авардаггүй харин муу мөс чанараас аварна. 1Петр 3:21 ишлэлд Петр баптисм нь бие махбодийг ариусгах ёслолын үйлдэл биш, харин Бурханд хандсан сайн мөс чанарын амлалт гэж маш тодорхой заасан. Баптисм бол Христийг Аврагч гэж найдан итгэсэн хүний амьдрал ба зүрхэнд аль хэдийн гарсан зүйлсийн бэлэгдэл төдий (Ром 6:3-5; Галат 3:27; Колоссай 2:21). Баптисм нь Христэч хүн болгоны гаргах ёстой дуулгавартай байдлын чухал алхам. Баптисм нь авралын зайлшгүй шаардлага байж чадахгүй. Ингэх нь Есүс Христийн үхэл болоод амилалтын хангалттай байдал руу довтолж буй хэрэг юм.
English
Баптисм авралд хэрэгтэй юу? Баптисман шинэчлэл гэж юу вэ?