settings icon
share icon
Асуулт

Библи алдаа мадаггүй гэдэгт итгэх нь ямар ач холбогдолтой вэ?

Хариулт


Ямар нэг алдаатай тулгарах үед мөрөө хавчаад л өнгөрдөг хандлагатай цаг үед бид амьдарч байна. Пилаттай адилхан "үнэн гэж юу вэ?" хэмээн асуухын оронд постмодерн үеийнхэн "үнэн гэж юу ч байхгүй" эсвэл магадгүй "үнэн байгаа, гэхдээ хэн ч мэдэж чадахгүй" гэцгээдэг. Худлаа хэлэхэд ямар ч асуудалгүй гэсэн нөхцөлд бид нар өссөн учир олон хүмүүс Библид бас алдаа байдаг гэсэн худал нотолгоог ямар ч асуудал биш гэж харах нь бий.

Библийн алдаа мадаггүй байдлын онол сургаал нь туйлын чухал, яагаад гэвэл үнэн өөрөө чухал байдаг. Энэ асуудал нь Бурханы зан чанарыг тусгадаг бөгөөд Библийн юу зааж буй бүх зүйлсийн талаарх бидний ойлгоцын тулгуур болдог байна. Библийн алдаа мадаггүй гэдэгт бүрэн итгэх хэрэгтэй хэд хэдэн шалтгааныг энд дурдъя:

1. Библи өөрөө төгс төгөлдөр гэдгээ тунхагладаг. "Шавар хайлуурт тунгаагдаж, долоо тунгаасан мөнгө мэт ЭЗЭНий амлалт цэвэр юм" (Дуулал 12:6). "ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр" (Дуулал 19:7). "Бурханы үг бүр тунгаагдсан байдаг" (Сургаалт үгс 30:5). Цэвэр болон төгс байдлын эдгээр тунхаг нь абсолют байдлын нотолгоо юм. Бурханы үг нь "ихэнхдээ" цэвэр, эсвэл Бичвэр нь "бараг" төгс гэж хэлээгүй байгааг тэмдэглэн үз. Библи бүрэн гүйцэд төгс байдлын талаар ярьдаг бөгөөд "хэсэгчилсэн төгс" байдлын онолын талаар юу ч хэлдэггүй.

2. Библи бүхэл бүтнээрээ шалгуурт орох ёстой. Хэрэв том сонин дотор байнга л алдаа гараад байх юм бол тун удалгүй нэр хүнд нь унана. "Алдаа нь бол ер нь гуравдугаар нүүрэнд нь л гардаг" гэж хэлээд ямар ч нэмэр байхгүй. Ямар нэг бичлэгийн аль нэг хэсэг нь найдвартай гэдэг нь харагдахын тулд бүхэлдээ бодит баримттай байх ёстой. Үүнтэй адил, хэрэв Библи геологийн талаар ярихдаа зөв бус гэж үзэгдэх юм бол теологийн талаар ярихдаа яагаад найдвартай байх ёстой гэж? Энэ нь нэг бол найдвартай бичиг баримт, эсвэл үгүй л байна.

3. Библи өөрийн Зохиогчийн тусгал юм. Бүх номнууд нь тийм. Библи Бурханаар Өөрөөр нь бичигдсэн бөгөөд Тэрбээр хүмүүн зохиогчдыг "онгод оруулалт" гэх үйл явцаар удирдан ажилласан. "Бичвэр бүр Бурханы амьсгалснаар" (2 Tимот 3:16). Мөн 2 Петр 1:21 болон Иеремиа 1:2 нарыг үз.

Орчлон ертөнцийг бүтээсэн Бурхан бол ном бичих чадвартай байж таарна гэж бид итгэдэг. Бас Бурхан Өөрөө төгс учир төгс ном бичих боломжтой. Энэ асуудлын гол нь зүгээр л "Библид алдаа байдаг уу?" гэсэн үг бус харин "Бурхан алдаа гаргаж чадах уу?" гэдэгтэй холбоотой. Хэрэв Библи өөрөө баримтын алдаа агуулж байгаа бол Бурхан бүхнийг мэдэгч байж чадахгүй бөгөөд алдаа гаргах боломжтой болно. Хэрэв Библи буруу мэдээлэл агуулж байгаа бол Бурхан үнэнч бус, харин худалч болж хувирна. Хэрэв Библи хоорондоо зөрчилдсөн зүйлс агуулж байгаа бол Бурхан самуурлын эзэн болж таарна. Өөрөөр хэлбэл, хэрэв библийн алдаа мадаггүй байдал гэж байхгүй бол Бурхан нь Бурхан биш болно л гэсэн үг.

4. Библи биднийг шүүдэг бөгөөд эсрэгээрээ байж таарахгүй. "Учир нь Бурханы үг ... зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм" (Еврей 4:12). "Зүрх" хийгээд "үг" хоёрын хоорондын харилцааг тэмдэглэн үз. Үг шинжлэн шүүдэг бөгөөд зүрх нь шүүгддэг. Үгийн зарим хэсгийг ямар ч шалтгаанаар үнэлгээгүй болгох нь энэ процессийг эсрэг эргүүлэх гэсэн явдал. Бид шинжлэн шүүгч болох бөгөөд Үг бидний "илүү хэрсүү бодол"-д бууж өгөх ёстой. Гэвч Бурхан "Харин Бурханы эсрэг хариу хэлдэг хүн чи хэн юм бэ?" гэдэг (Ром 9:20).

5. Библийн дамжуулж буй мэдээ нь Библийн бүхий л хэсгийг бүхэлд нь багтаах ёстой. Энэ нь бид дотроос нь чөлөөтэй сонгох боломжтой онол сургаалын хольц биш. Олон хүмүүс Бурхан тэдэнд хайртай гэсэн ишлэлүүдэд дуртай боловч Бурхан гэмтнийг шүүх болно гэсэн ишлэлд дургүйцдэг. Гэвч бид зүгээр л Библийн тухай дуртай хэсгээ сонгож аваад бусдыг нь хаях боломж байхгүй. Хэрэв жишээлэхэд Библийн тамын тухай сургаал нь буруу бол тэнгэрийн улсын тухай эсвэл өөр юуны ч тухай байсан зааж байгаа нь зөв гэж хэн хэлж чадах вэ? Хэрэв Библийн бүтээлийн тухай хэсэг нь буруу гэвэл авралын тухай хэсэгт ч мөн итгэж чадахгүй байдалд хүрнэ. Хэрэв Ионагийн түүх нь домог юм бол Есүсийн тухай түүх ч мөн тийм байж магадгүй болно. Эсрэгээр Бурхан Өөрийн хэлсэн зүйлсийнхээ тухайд мөн айлдсан бөгөөд Библи Бурхан хэн бэ гэдэг талаар бүрэн зураглалыг бидэнд өгдөг. "Аяа ЭЗЭН, үг тань тэнгэрт мөнхөд бат тогтжээ" (Дуулал 119:89).

6. Библи нь бидний итгэл болон практик үйлдлийн цор ганц дүрэм болдог. Хэрэв энэ нь найдваргүй юм бол бид юун дээр өөрсдийн итгэл үнэмшлийг суурилуулах вэ? Есүс бидэнд итгэл найдвартай байхыг заасан бөгөөд үүнд нь Түүний үгсэд Түүний хэлсэн зүйлсэд итгэж найдах мөн орно. Иохан 6:67-69 багц хэсэг нь маш чухал зүйлсийг өгүүлдэг. Есүс Түүнийг дагана гэж амласан олон хүмүүс түүнийг орхиж явахыг харсан байлаа. Тэгээд Тэрээр Өөрийн арван хоёр элч нар руу эргэж, "та нар ч гэсэн явахыг хүсэхгүй байна уу?" гэж асуусан. Энэ үед Петр бусдыг төлөөлөн "Эзэн, бид өөр хэн дээр очих вэ? Таньд мөнх амийн үгс байдаг" гэсэн. Бид ч бас амийн талаарх Түүний үгсэд болон Эзэнд итгэх ийм итгэл үнэмшилтэй байхыг хүсч байна.

Энд бидний дурдсан бүхнээс болоод жинхэнэ эрдмийн судалгааг үгүйсгэж болохгүй. Библийн алдаа мадаггүй байдал гэдэг нь бид Библийн хэлсэнд сохроор итгэх юмуу эсвэл өөрийн оюун санаагаа ашиглахгүй байх явдал биш. Бидэнд Үгийг судлахыг тушаасан байдаг (2 Тимот 2:15), бөгөөд ингэж шинжилж, судлахыг эрэлхийлэгсдийг магтсан байдаг (Үйлс 17:11). Мөн Библийг судлахад бэрхшээлтэй багц хэсгүүд байдаг төдийгүй, зарим тайлал дээр бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол байгаа гэдгийг бид хүлээн зөвшөөрнө. Бидний зорилго нь Бичвэрийг хүндэтгэлтэйгээр, залбиралтайгаар судлах арга барил байх хэрэгтэй бөгөөд бидний ойлгохгүй ямар нэг зүйлстэй тааралдах юм бол илүү залбирч, илүү судлах юм. Хэрэв үүний хариултийг бид олж чадахгүй бол Бурханы төгс Үгийн өмнө өөрсдийн хязгаарлагдмал байдлаа даруугаар хүлээн зөвшөөрөх болдог.

English


Монгол хэл дээрх сайт руу буцах
Библи алдаа мадаггүй гэдэгт итгэх нь ямар ач холбогдолтой вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries