Асуулт
Библийн дагуух тусгаарлал гэж юу вэ?
Хариулт
Библийн дагуух тусгаарлал гэдэг нь Бурхан итгэгчдийг дэлхийгээс дуудаж, гэмт аж соёлын дунд хувиараа болон бүлгээрээ цэвэр байдлыг сахиулдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх тухай юм. Библийн дагуух тусгаарлал гэж яригдах шалтгаан нь хоёр чухал талбарт ач холбогдолтой. Үүнд хувийн болон чуулганы хэв маяг орно.
Хувийн тусгаарлал гэдэг нь хувь хүн зан төлвийн бурханлаг стандарт өөртөө тогтоож, үүндээ өөрийгөө бүрэн зориулахыг хэлнэ. Даниел "…хааны идээ тэргүүтэн, түүний уудаг дарснаас хувь хүртэн биеэ бохирлохгүй гэж…" шийдэх үедээ хувийн тусгаарлал сахисан байна(Даниел 1:8). Түүний стандарт нь Мосегийн хуулиар илэрхийлэгдсэн Бурханы илчлэлт дээр суурилж байсан учир Библийн дагуух тусгаарлал гэж үзэж болно.
Хувийн тусгаарлалын нэг орчин үеийн жишээ бол архи их уух үдэшлэгийн ямар нэг урилгаас татгалзах шийдвэр байж болох юм. Шалтгаан нь уруу татлагаас зайлсхийх (Ром 13:14), "ёр муугийн алив хэлбэрээс" холдох (1 Тесалоник 5:22), эсвэл хувийн бодолдоо бат итгэлтэй байх (Ром 14:5) гэж иймэрхүү шийдвэр гаргадаг байж болох юм.
Бурханы хүүхэд нь дэлхийгээс тусгаар байна гэдгийг Библи тодорхой заадаг. "Үл итгэгчидтэй буруу буулганд бүү ор. Зөвт байдал ба ёс бусын түншлэл гэж юу байх? Гэрэл ба харанхуйн нөхөрлөл гэж юу байх юм? Христ ба Белиарын хооронд ямар зохицол байх гэж? Итгэгч хүн итгэгч бус хүнтэй юугаараа адил билээ? Бурханы сүм ба шүтээнүүдийн хооронд ямар зөвшилцөл байх билээ? Учир нь бид амьд Бурханы сүм мөн. Бурхан айлдахдаа «Би тэдний дотор оршино, Би тэдний дунд алхана. Би тэдний Бурхан болно. Тэд Миний ард түмэн болно. Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай» гэж Эзэн айлддаг" (2 Коринт 6:14-17; мөн 1 Петр 1:14-16 үз).
Чуулганы тусгаарлал нь тухайн чуулган өөрийн теологи эсвэл үйл ажиллагааны хүрээнд бусад байгууллагуудтай харилцах харилцааны асуудлаар шийдвэрүүд гаргахтай холбоотой байна. Тусгаар байдал нь чуулган гэх үгийн үндсэн утгатай шууд холбоотой бөгөөд Грек үг болох экклесиа нь "дуудагдсан бүлэг хүмүүс" аж. Есүс Пергамын чуулганд бичсэн захидалдаа хуурамч сургааль заасан хүмүүсийг хүлцэн, хүлээж авсныг онцлон зэмлэсэн (Илчлэл 2:14-15). Чуулган тусгаар байж, тэрс үзлээс салах ёстой байв. Чуулганы тусгаарлалын өнөөгийн жишээ нь итгэлээсээ ухарсан чуулгануудтай нэгтгэж байгаа эвслийн эсрэг урсгал чиглэлийн байр сууриа хадгалах зэрэг нь байж болох юм.
Библийн тусгаарлал нь Христитгэгчдийг үл итгэгч хүмүүстэй ямар ч харилцаагүй байх явдлыг шаардахгүй. Есүстэй адил бид гэмтнүүдийн гэм нүгэлд нь оролцохгүйгээр тэдэнтэй нөхөрлөх хэрэгтэй (Лук 7:34). Паул тусгаарлалын талаар баланстай үзлийг ийнхүү илэрхийлжээ: "Садарлагчидтай холбогдож болохгүй гэж би та нарт захидалдаа бичихдээ, энэ ертөнцийн садарлагчид эсвэл шунахайрагчид эсвэл дээрэмчид эсвэл шүтээн шүтэгчидтэй холбогдож болохгүй гэж ерөөсөө хэлээгүй. Хэрэв тийм байсан бол та нар энэ ертөнцөөс гарч явах ёстой болно" (1 Коринт 5:9-10). Өөрөөр хэлбэл бид энэ дэлхийд байх боловч, энэ дэлхийн харъяалалтай биш юм.
Бид дэлхийд гэрэл байх ёстой бөгөөд дэлхий биднийг гэрлийг сулруулахыг зөвшөөрч болохгүй. "Та нар ертөнцийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. Хэн ч дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг" (Матай 5:14-16).
English
Библийн дагуух тусгаарлал гэж юу вэ?