Асуулт
Яагаад ийм олон Христэч урсгал чиглэлүүд байдаг байна?
Хариулт
Энэ асуултанд хариулахын тулд бид эхлээд Христийн биеийн доторх урсгал чиглэлүүдийг Христэч бус гаж урсгал, хуурамч шашнуудаас ялгаж сурах ёстой. Пресбитерианчууд болон Лютерианчууд нь Христэч урсгал чиглэлийн нэг жишээ. Мормончууд болон Ёховагийн гэрчүүд нь гаж урсгалуудын жишээ (Хэдий өөрсдийгөө Христэч гэж нэрлэдэг боловч Христэч итгэлийн үндсэн гол ухагдхуунуудаас нэг юмуу түүнээс дээш олныг үгүйсгэчихсэн байдаг) юм. Ислам болон Буддизм бол бүр шал өөр шашныг илтгэнэ.
Христэч итгэлийн доторх урсгал чиглэлүүд гарч ирсэн явдлыг Протестант Шинэчлэлийн үетэй холбох ёстой бөгөөд 16-р зууны үеийн Ромын Католик Чуулганыг "шинэчлэх" гэсэн хөдөлгөөнөөс Протестантизмийн дөрвөн гол хуваагдал эсвэл уламжлал төрөн гарсан юм. Үүнд: Лютеран, Шинэчлэгдсэн, Анабаптист, болон Англикан чуулган орно. Эдгээр дөрвөөс өнгөрсөн зуунуудад бусад урсгал чиглэлүүд гарч ирсэн байдаг.
Лютеран урсгал нь Мартин Лютерийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд түүний сургаалиуд дээр суурилжээ. Методистууд өөрсдийн нэрээ үндэслэн байгуулагч Жон Вэсли нь сүнслэг өсөлтийн янз бүрийн "арга барил (метод гэх англи үг)" бий болгох талаар гаршсан байсан учир түүнээс нь авсан байна. Пресбитерианчууд өөрсдийн чуулганы удирдлагын талаарх үзэл баримтлалаасаа болж уг нэрээ авсан байна. Пресбитерос гэх Грек үг нь ахлагч гэсэн утгатай юм. Баптистууд нь усан баптисмын ач холбогдлыг байнга тодотгодог учраас ийм нэртэй болсон байна. Тухайн урсгал чиглэл бүр бусдаасаа ялгаатай онцлогтой, эсвэл онол сургаалийн жижиг ялгаануудтай. Үүнд баптисмын хэлбэр, Эзэний зоогийг бүгдэнд нь өгөх юмуу эсвэл чуулганы удирдагчдад гэрчлэлээрээ баталгаажсан хүмүүст өгөх үү гэх ялгаа, авралд Бурханы хэмжээлшгүй эрх мэдэл чухал уу эсвэл хүний эрх чөлөөтэй сонголт чухал үү гэх ялгаа, Израиль болон чуулганы ирээдүйн тухай асуудал, өргөгдөлт нь зовлонгийн өмнө байх юмуу эсвэл зовлонгийн дараа байх юмуу гэх асуудал, орчин үед "тэмдэг" бэлгүүд байгаа эсэх зэрэг асуудлууд орно. Эдгээр хуваагдлын гол асуудлууд нь Христийг Эзэн ба Аврагч гэж үзэх асуудалтай ямар ч хамааралгүй бөгөөд харин бурханлаг боловч өө сэвтэй хүмүүс Бурханыг хүндэтгэх арга замаа өөрсдийн Бурханы үгийг ойлгох ойлголт болон өөрсдийн мөс чанарын дагуу онол сургаалийн цэвэр байдлаар баримтлах гэж оролдсон, шударгуу бас илэн далангүй санал бодлын зөрөө юм.
Урсгал чиглэлүүд өнөөдөр их олон, бас янз бүрийн хэлбэртэй болжээ. Анхандаа "гол төвийн" гэж дээр дурьдсан урсгал чиглэлээс Бурханы Чуулган (AOG), Христэч ба Илгээлтийн Эвсэл (C&MA), Назаренчүүд, Эвангэлийн Чөлөөт сүм, бие даасан Библийн чуулганууд гэх мэт олон тооны мөчир салаа үүсгэсэн байна. Зарим урсгал чиглэлүүд нь онол сургаалийн жижиг ялгааг хэлэх боловч тэдний ихэнх нь Христитгэгчдийн янз бүрийн тааламж, хүсэлд нийцсэн мөргөлийн янз бүрийн хэлбэрийг л санал болгодог. Гэхдээ алдаатай дүгнэж болохгүй. Итгэгчдийн хувьд бид итгэлийн хамгийн гол чухал зүйлсүүд дээр нэг санаатай байх ёстой боловч хамтдаа бид ямар мөргөлийн хэлбэртэй байх тал дээр өргөн хэмжээний орон зайнд илэрхийлэгдэх боломжтой. Энэхүү өргөн хэмжээний үзэл баримтлалуудаас болж Христитгэл нь янз бүрийн "ялгаатай хэлбэрийг" бий болгодог. Уганда улсад байгаа Пресбитериан чуулган нь АНУ-н Колорадо мужид байх Пресбитериан чуулганаас мөргөлийн хэв маягаараа ялгаатай байх боловч тэдний онол сургаалийн байр суурь нь ихэнхдээ ямар ч ялгаагүй байна. Ялгаа төрөл гэдэг сайн зүйл боловч нэгдмэл бус байдал нь сайн биш. Хэрэв хоёр чуулган онол сургаалийн хувьд бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй бол Үгийн талаарх маргаан, харилцан яриаг өрнүүлэх хэрэгтэй. Энэ "төмөр төмрөө хурцалж байгаа" хэлбэр нь (Сургаалт үгс 27:17) бүх хүмүүст ашиг тустай. Хэрэв тэд хэв маяг болон хэлбэрээсээ болж бие биенээ зөвшөөрөхгүй бол тусдаа байхад ямар ч асуудалгүй. Гэвч энэхүү тусдаа байдал нь бие биенээ хайрлах гэсэн Христэч хариуцлагыг (1Иохан 4:11-12), цаашлаад Христ дотор нэг байх гэсэн нэгдмэл байдлыг (Иохан 17:21-22) сахин дээдэлж чадаагүй нь харагдана.
English
Яагаад ийм олон Христэч урсгал чиглэлүүд байдаг байна?