Асуулт
Яагаад ийм олон эвангелийн Христэч удирдагч нар ичгүүрт явдалтай холбогдоод байна вэ?
Хариулт
Юуны түрүүнд хэлэхэд "ийм олон" гэж хэлэх нь сайн дүрслэл биш гэдгийг онцлох нь чухал. Эвангелийн олон удирдагчид ичгүүрт явдалтай холбогдож байгаа мэт санагдаж болох авч үнэндээ иймэрхүү явдал нь маш их өргөн хэмжээний анхааралд ордогтой хамааралтай байна. Мянга мянган эвангелийн Христэч удирдагчид, пасторууд, профессорууд, илгээлтийн эзэд, зохиолчид болон сайнмэдээ тараагчид хэзээ ч иймэрхүү "ичгүүрт явдал"-д оролцохгүйгээр амьдарч байна. Эвангелийн Христэч удирдагчдын дийлэнх олонхи нь Бурханыг хайрладаг эрчүүд, эмэгтэйчүүд бөгөөд өөрсдийн хань, гэр бүлдээ итгэмжтэй байж, өдөр дутмын ажил хэргээ туйлын шударга, үнэнчээр хөтлөн авч явж байна. Цөөхөн хэдхэний алдаа дутагдал нь бүхний зан төлөв рүү довтлоход хэрэглэгдэх ёсгүй.
Гэсэн ч өөрсдийгөө эвангелийн Христэч гэж нэрлэсэн хүмүүсийн дунд иймэрхүү ичгүүрт хэрэг гарсаар байгаа нь бол тодорхой. Алдартай Христэч удирдагчид завхайрах юмуу биеэ үнэлэгчтэй холбогдсон явдал нь олонд ил болж байна. Зарим эвангелийн Христэч хүмүүс татвараас зайлсхийсэн эсвэл ямар нэг санхүүгийн хууль бус зүйлс үйлдсэн ялд унасан. Яагаад ийм зүйлс тохиолдож байна вэ? Энэ талаар дор хаяж гурван янзын тайлбар өгч болно: 1) Өөрсдийгөө эвангелийн Христэч гэж хэлж буй зарим хүмүүс нь итгэдэггүй зальт этгээд байдаг, 2) Зарим эвангелийн Христэч удирдагч нар өөрсдийн байр сууриа завхруулж, бардамналд унадаг, 3) Христэч удирдлагад байгаа хүмүүсийг Сатан болон түүний чөтгөрүүд байнга дайрч, уруу татдаг шалтгаан нь хэрэв удирдагч нар ичгүүрт явдалтай холбогдвол Христэч болон Христэч бус хүмүүст нөлөөлөх үр дүн нь ямар аймшигтай хүнд байх вэ гэдгийг тэд мэддэг юм.
1) Ичгүүрт явдалтай холбогдсон зарим "эвангелийн Христэч хүмүүс" бол аврагдаагүй зальт этгээд юмуу хуурамч эш үзүүлэгчид байдаг. Есүс ийнхүү өгүүлжээ: "Хонины арьс нөмрөн та нар дээр ирэх хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Дотроо харин тэд хомхой чононууд юм. …Тэгэхээр та нар тэднийг үр жимсээр нь танина" (Матай 7:15-20). Хуурамч эш үзүүлэгчид бурханлаг эрчүүд, эмэгтэйчүүд болж жүжиглэн, хүчтэй эвангелийн удирдагч мэт харагддаг. Гэвч тэдний "үр жимс" (ичгүүрт явдлууд) нь тэднийг ярьж буй зүйлсээсээ яг эсрэгээр нь амьдардаг болохыг эцэст нь харуулдаг. Иймэрхүү байдлаараа тэд Сатаны жишээг дагалдаж байна. "Гайхах юм алга. Сатан хүртэл өөрийгөө гэрлийн тэнгэрэлч болгон хувиргадаг. Тиймээс хэрэв түүний үйлчлэгчид бас өөрсдийгөө зөвт байдлын үйлчлэгчид болгож хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Тэдний төгсгөл үйлсийнх нь дагуу байх болно" (2Коринт 11:14-15).
2) "Сүйрлийн өмнө бардам зан, уналтын өмнө ихэрхүү зан" гэж Библи маш тодорхой илэрхийлдэг (Сургаалт үгс 16:18). "Бурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд нигүүлсэл өгдөг" гэж Иаков 4:6 бидэнд сануулдаг. Библи бардам байдлыг маш их эсэргүүцдэг. Олон Христэч удирдагчид үйлчлэлээ даруу байдлаар, Бурханд найдлага тавьж эхлүүлдэг боловч үйлчлэл нь өсөж, хөгжих үед үүнийхээ нэр хүнд, алдрыг өөрсдөөсөө болсон мэт бодох явдалд уруу татагддаг. Зарим эвангелийн Христэч удирдагчид амаараа л Бурхан хийсэн гэх мэт ярьж байгаа боловч үйлчлэлээ байгуулж, удирдан авч явахдаа өөрийн хүч чадал, ухаанаараа л хийх гэж оролддог. Иймэрхүү төрлийн бардам байдал нь сүйрэх замдаа л явж байдаг. Энэ талаар "Бэлчээртэй болмогцоо тэд цаджээ. Цадмагцаа зүрх нь бардам болжээ. Тиймээс тэд Намайг мартсан" гэж Бурхан Хосеагаар дамжуулан анхааруулсан байна" (Хосеа 13:6).
3) Эвангелийн Христэч удирдагчтай холбоотой ичгүүртэй явдал гаргаснаар бусдад маш их нөлөөлж болно гэдгийг Сатан мэдэж байгаа. Яг л Давид хаан Батшебатай завхайрч, Уриаг хороолгох явуулга үйлдсэнээр Давидын гэр бүл болоод Израилийн бүхий л үндэстний дээр аймшигт хохирол бий болгосон шиг удирдагчынх нь ёс суртахууны алдаанаас болж олон чуулган юмуу үйлчлэл хохирч бас сүйрч байдаг. Удирдагч нь унаж байгаа харсаны үр дүнд олон Христэд итгэгчдийн итгэл нь сулардаг. Үл итгэгч хүмүүс "Христэч" удирдагчдын эдгээр алдааг ашиглаж Христитгэлийг үгүйсгэх шалтгаан гаргадаг. Сатан болон түүний чөтгөрүүд үүнийг мэдэх бөгөөд ийм л шалтгааны улмаас удирдлагын байр сууринд байгаа хүмүүс өөрсдийн дайралтаа чиглүүлсээр байдаг. "Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг" гэж Библи бид бүхэнд анхааруулжээ (1Петр 5:8).
Тэгэхлээр Христэч удирдагч ичгүүрт явдалд унаж, буруутгагдах үед бид ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? 1) Ямар ч баталгаагүй, тодорхой биш гүтгэлгийг сонсох юмуу хүлээн авах хэрэггүй (Сургаалт үгс 18:8, 17; 1Тимот 5:19). 2) Гэм нүгэл үйлдсэн хүмүүсийг зэмлэж, буруутгах библийн хэм хэмжээний дагуу үйлдэл гаргана (Maтай 18:15-17; 1Тимот 5:20). Хэрэв гэм нүгэл нь батлагдсан, маш ноцтой бол үйлчлэлийн удирдлагаас бүр мөсөн болиулах арга хэмжээ авах нь зүйтэй (1Тимот 3:1-13). 3) Гэм нүгэл үйлдсэн хүмүүсийг уучлах (Eфес 4:32; Колоссай 3:13) ба гэмшил нь батлагдсан бол эргээд нөхөрлөлийг нь сэргээж болох (Галат 6:1; 1Петр 4:8) авч удирдлагад буцаан тавихгүй. 4) Өөрсдийн удирдагчдын төлөө залбиралдаа итгэмжтэй бай. Тэдний тэмцэж буй асуудлууд, тэдний тулгарч буй уруу татлага, тэдний тэвчиж буй дарамт зовлон мэдэн, тэдгээр удирдагчдыг Бурхан хүчирхэгжүүлж, хамгаалан, урамшуулахын төлөө залбирч байх хэрэгтэй. 5) Хамгийн чухал нь эвангелийн Христэч удирдагчийн алдааг хараад Бурхан, зөвхөн Бурханд л итгэл найдвараа тавих ёстой гэдгийг өөртөө сануулах хэрэгтэй. Бурхан хэзээ ч худал хэлж, гэм нүгэл үйлдэн, алдаа гаргадаггүй. "Түг түмдийн ЭЗЭН ариун, ариун, ариун. Бүх л газар алдраар нь дүүрэн байна" (Исаиа 6:3).
English
Яагаад ийм олон эвангелийн Христэч удирдагч нар ичгүүрт явдалтай холбогдоод байна вэ?