Асуулт
Христэд итгэгчид дасгал хийх хэрэгтэй юу? Эрүүл мэндийн талаар Библи юу гэж хэлдэг вэ?
Хариулт
Хүн ер нь олон зүйлд туйлшрах тохиолдол байдгийн дотор бие махбодийн дасгалын хувьд туйлшрах нь бий. Зарим хүмүүс сүнслэг байдал дээр бүх чармайлтаа тавьж бие махбодийн талбарыг үл тоомсорлодог. Бусад нь биеийн хэлбэр, формд дэндүү их анхаарал тавьж, сүнслэг төлөвшилт, өсөлтөө орхигдуулдаг. Эдгээрийн аль нь ч библийн хэлж буй баланс биш. 1 Tимот 4:8 “Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тус болох юм. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий сүсэглэл нь бүх зүйлд тустай” гэж бидэнд анхааруулдаг. Энэ ишлэл дасгалын хэрэгцээг үл тоомсорлосон мэт харагдахгүй байгааг анхаар. Харин ч энэ ишлэл дасгал хийхийн ач холбогдолыг үнэлж байгаа мэт харагдаад зогсохгүй бурханлаг байдал илүү агуу үнэ цэнэтэй гэснээрээ алийг нь нэн тэргүүнд тавих ёстойг сануулж байна.
Элч Паул ч бас сүнслэг үнэний тухай хэлэхдээ биеийн дасгалыг дурьдсан тохиолдол 1 Коринт 9:24-27-д бий. Тэрээр Христэч амьдралыг “шагнал авахаар” гүйж буй гүйлтийн тэмцээнтэй адилтгасан. Харин бидний авах гэж буй мөнхийн титэм нь хэзээ ч муудах юмуу алга болохгүй. 2 Tимот 2:5-д Паул “хэрэв хэн нэгэн нь барилдахдаа дүрмийн дагуу барилдахгүй бол шагнал авахгүй” гэж хэлдэг. Паул бас дахин атлетикийн тухай жишээ 2 Тимот 4:7-д ашиглаж байна: “Би сайн тэмцлээр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахисан.” Хэдийгээр эдгээр Бичээсүүдийн гол фокус нь бие махбодийн дасгал дээр биш байгаа ч Паул бидэнд сүнслэг үнэний тухай заахдаа атлетикийн нэр томъёо хэрэглэж байгаа нь түүний бие махбодийн дасгалын талаарх, ялангуяа тэмцээний талаарх үзэл нь ч эерэг байгааг нь онцлон харж болно. Бид бол бие махбодийн болон сүнслэг шинжийг аль алиныг нь агуулсан оршигчид. Библийн хэлж буйгаар бидний амьдралд сүнслэг талбар илүү чухал боловч эрүүл мэндийн хувьд эдгээр талбаруудын аль алиныг нь үл тоомсорлох ёсгүй.
Тиймээс Христэч хүмүүс дасгал хийх нь буруу зүйл ер байхгүй. Нөгөө талаар бид өөрсдийн биедээ сайн анхаарал тавих ёстой тухай Библи тодорхой хэлдэг (1 Коринт 6:19-20). Үүний хажуугаар Библи гоёж гангалахын эсрэг анхааруулдаг (1 Самуел 16:7; Сургаалт үгс 31:30; 1 Петр 3:3-4). Бидний дасгалын маань зорилго биеийн хэлбэр, гоо үзэмжээрээ бусад хүмүүсийн анхаарал татах, хүндлэл хүлээхийн тулд байх ёсгүй. Харин ч дасгал сургуулилтын маань зорилго нь биеийн эрүүл мэндээ сайжруулснаар сүнслэг зорилгодоо илүү их анхаарал тавих эрч хүчтэй байх явдал юм.
English
Христэд итгэгчид дасгал хийх хэрэгтэй юу? Эрүүл мэндийн талаар Библи юу гэж хэлдэг вэ?