settings icon
share icon
Асуулт

Итгэгч хүн Ариун Сүнсийг мэдрэх чадвартай байх хэрэгтэй юу?

Хариулт


Ариун Сүнсний зарим үйлчлэлд гэм нүглийн буруутгал, тайтгарал, хүчирхэгжүүлэлт зэргийн мэдрэмж төрүүлэх нь бий авч Ариун Сүнстэй харилцах үедээ бид өөрсдөө юуг, хэрхэн мэдэрч байгаа дээрээ суурилж хандахыг Бичвэр бидэнд заагаагүй. Дахин төрсөн итгэгч бүрт Ариун Сүнс оршин байдаг. Тайтгаруулагч ирэхдээ бидэнтэй хамт байх бөгөөд бидний дотор байна гэж Есүс бидэнд заасан. “Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. Тэр бол үнэний Сүнс бөгөөд Түүнийг харахгүй мэдэхгүйгээсээ болж ертөнц Түүнийг хүлээн авч чадахгүй. Тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх тул та нар Түүнийг мэднэ” (Иохан 14:16-17). Өөрөөр хэлбэл, Есүс Өөртэйгөө адил Нэгнийг бидэнтэй хамт бас бидний дотор байлгахаар илгээж байна.

Бурханы үг бидэнд Ариун Сүнс бидэнтэй хамт байгаа гэж хэлдэг учраас бид тийм гэж ойлгож мэддэг. Дахин төрсөн итгэгч бүхэнд Ариун Сүнс оршдог боловч итгэгч болгон Ариун Сүнсний удирдлага дор байдаггүй, энэ хоёр тал дээр ялгаа байгаа. Бид өөрсдийн махан биеийн дагуу үйлдэл гаргах үед хэдий Ариун Сүнс бидний дотор оршсоор байгаа боловч бид Түүний удирдлаган дор байхгүй байна. Элч Паул энэ талаар тэмдэглэн хэлсэн бөгөөд үүнийг бидэнд ойлгомжтой болгохын тулд жишээ хэрэглэжээ. “Дарсанд бүү согтуур. Эс бөгөөс хэт самуурал буй. Харин Сүнсээр дүүр” (Эфэс 5:18). Олон хүмүүс энэ ишлэлийг уншаад элч Паул дарс уухгүй байх талаар ярьж байна гэж тайлбарладаг. Гэвч энэ багцлалын хам сэдэв нь Сүнсээр дүүрэн итгэгчийн амьдрал ба дайны тухай өгүүлдэг. Тийм болохоор зүгээр л их дарс уухгүй байхыг сэргийлэхээсээ илүү өөр утгыг агуулж байгаа.

Хүмүүс их дарс уух үедээ хөдөлгөөн нь эв хавгүй болох, үг яриа нь муудах, эрүүл ухаанаа алдах гэх мэт онцлог шинжийг харуулдаг. Элч Паул энд иймэрхүү харьцуулалт хийж байна. Их дарс ууж, түүгээрээ удирдуулсан хүнд дээрх онцлог шинж илэрдэг шиг Ариун Сүнсээр удирдуулсан хүнд тиймэрхүү онцлог шинж бас байх хэрэгтэй. Галат 5:22-24 хэсгээс бид Ариун Сүнсний үр жимсний тухай уншдаг. Энэ бол Ариун Сүнсний үр жимс бөгөөд дахин төрсөн итгэгч Түүний удирдлага дор байвал ийм үйлдлүүд гарна.

Ефес 5:18 дээр гарч байгаа үйл үгийн төлвийг харвал Ариун Сүнсээр “дүүргэгдсээр бай” гэсэн үргэлжилсэн явцыг заадаг. Нэгэнтээ энэ нь уриалга өгүүлэмж учраас Сүнсээр удирдуулах эсвэл дүүргэгдэх боломжгүй байж болох хувилбар бас байгаа гэдгийг мэдэж болно. Ефес 5 бүлгийн үлдсэн хэсэг нь Сүнсээр дүүрэн итгэгчдийн онцлог шинжийг бидэнд харуулдаг. “Ингэхдээ дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар өөр хоорондоо ярилцаж, Эзэнд хандаж зүрхэндээ дуулж, ая дуу зохиож, Бурхан ба Эцэгт бүхний төлөө бидний Эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал өргө. Христээс эмээн нэг нь нөгөөдөө захирагд” (Eфес 5:19-21).

Бид мэдрэхгүй байгаа учраас Сүнсээр дүүрэхгүй байгаа биш харин энэ нь Христитгэгчийн эзэмшил болон онцгой эрх гэдгийг мэдэж байх ёстой. Сүнсээр дүүрэн байх эсвэл удирдуулах нь Эзэнд дуулгавартай амьдарсны үр дагавар юм. Энэ бол нигүүлслийн бэлэг болохоос сэтгэл хөдлөлийн мэдрэмж биш. Сэтгэл хөдлөл биднийг хуурдаг, хуурах ч боломжтой бөгөөд бид өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг өндөр болгох чадвартай юм. Энэ нь цэвэр махан биеийн үйлдэл бөгөөд Ариун Сүнснийх биш. “Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүсэлээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ … Хэрэв бид Сүнсэнд амьд байгаа юм бол мөн Сүнс дотор явцгаая” (Галат 5:16, 25).

Энэ бүхний хажуугаар зарим үед Ариун Сүнсний хүч чадал болон оршихуй биднийг хучин нөмрөх үед ерөнхийдөө байнга л сэтгэл хөдлөлийн өндөр мэдрэмж төрдөг явдлыг бид үгүйсгэж чадахгүй. Ийм зүйл тохиолдох үед баяр хөөр нь юутай ч зүйрлэшгүй байдаг. Хүмүүс Иерусалим руу гэрээний авдар авчирах үед Давид хаан “хамаг чадлаараа бүжиглэв” (2Самуел 6:14). Сүнсээр баяр хөөрийг мэдрэх нь Бурханы нигүүлслээр ерөөгдөж байгаа Бурханы хүүхэд мөн гэдгээ ойлгож байгаа явдал юм. Тиймээс, мэдээжийн хэрэг Ариун Сүнсний үйлчлэл нь бидний мэдрэмж болон сэтгэл хөдлөлийг татан оролцуулдаг. Гэхдээ Ариун Сүнс бидэнд байгаа гэх баталгааны хувьд үүнийгээ бид зүгээр л хэрхэн мэдэрч байгаа дээрээ үндэслэн тодорхойлж болохгүй юм.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Итгэгч хүн Ариун Сүнсийг мэдрэх чадвартай байх хэрэгтэй юу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries