Асуулт
Ариун Сүнсний үр жимс гэж юу вэ?
Хариулт
Галат 5:22-23 ишлэл дээр “Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй” гэжээ. Ариун Сүнсний үр жимс бол Христитгэгчийн амьдралд Ариун Сүнсний оршихуй байсны үр дагавар юм. Есүс Христэд итгэсэн тохиолдолд тухайн хүн болгон Ариун Сүнсийг хүлээн авдаг гэж Библи маш тодорхой өгүүлсэн байдаг (Ром 8:9; 1Коринт 12:13; Ефес 1:13-14). Ариун Сүнс Христитгэгчийн амьдралд орж ирж буй үндсэн зорилгын нэг бол тэрхүү амьдралыг өөрчлөх юм. Биднийг Христийн дүр төрхтэй нийцүүлэх, Түүнтэй улам адилхан болгох нь Ариун Сүнсний ажил мөн.
Ариун Сүнсний үр жимс нь мөн Галат 5:19-21 хэсэг дээр гарах дараах гэмт чанарын үйлстэй шууд харьцуулагддаг. “Харин махбодын үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхайрал, бузар тачаал, садарлал, шүтээн шүтлэг, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, харгалдаан, хагарал, тэрс үзэл, атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм. Би урьд нь та нарт сануулж байсанчлан урьдчилан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй.” Энэ багцлал нь ямар нэг байдлаар бүх хүмүүсийг дүрсэлж байгаа бөгөөд тэдний Христэд итгээгүй байх үеийн, тухайлбал Ариун Сүнсний нөлөөн дор байхгүй байгаа байдлыг дүрсэлдэг. Бидний гэмт махан бие нь бидний мөн чанарыг тусгасан үр жимсний төрлийг гаргадаг бөгөөд Ариун Сүнс нь мөн Өөрийн мөн чанарын тусгал болсон үр жимсний төрлийг бий болгодог.
Христитгэлт амьдрал бол Христээс өгөгдсөн шинэ мөн чанарын эсрэг гэмт махан биеийн хийж буй дайн тулаан юм (2Коринт 5:17). Гэмд унасан хүний хувьд бид гэмт зүйлсийг хүсэмжилсэн биеийн шоронд амьдардаг (Ром 7:14-25). Христитгэгчийн хувиар бидэнд Өөрийн үр жимсээ бидний дотор бий болгож буй Ариун Сүнс байгаа бөгөөд гэмт мөн чанарын үйлсийг байлдан дагуулах боломжтой Ариун Сүнсний хүч чадал бас бий (2Коринт 5:17; Филиппой 4:13). Ариун Сүнсний үр жимс бидний дотор байнга харагдах боловч Христитгэгч хүн хэзээ ч бүрэн төгс ялалтанд байхгүй. Харин Ариун Сүнсийг аажим аажмаар бидний амьдралд Өөрийн үр жимсээ гаргахыг зөвшөөрөх, мөн гэмт хүслийг эсэргүүцэн байлдан дагуулахыг Ариун Сүнсэнд зөвшөөрөх зэрэг нь Христитгэлт амьдралын гол зорилгын нэг мөн. Бидний амьдралаас Бурханы хүсдэг зүйл бол Ариун Сүнсний үр жимс бөгөөд Ариун Сүнсний тусламжтайгаар энэ нь бий болох боломжтой!
English
Ариун Сүнсний үр жимс гэж юу вэ?