Асуулт
Ноагийн үер дэлхийг хамарсан уу, эсвэл бүс нутгийг уу?
Хариулт
Үерийн талаарх библийн багц ишлэлүүдэд дэлхийг хамарсан байсан болох нь тодорхой харагддаг. Эхлэл 7:11-д “газрын гүний бүх булаг асар ихээр оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ” гэж дурьдсан. Эхлэл 1:6-7 болон 2:6 бидэнд үерийн өмнөх байгаль орчин нь өнөөгийн бидний харж байгаагаас огт өөр байсан тухай хэлдэг. Эдгээр зүйлс болон дээр нь нэмэгдэх библийн бусад дүрслэл дээр үндэслэвэл хэсэг хугацаанд дэлхий усан халхавчаар бүрэн бүрхэгдсэн байсан гэж төсөөлөхөд болохгүй юм байхгүй. Энэ халхавч нь уур манангийн халхавч байсан юмуу эсвэл санчир гаригийн мөсөн бүрхлэгтэй адил бөгж мэт хүрээлсэн усан бүрхлэг ч байсан байж мэдэх юм. Энэ зүйл газар дороос ундран гарч ирсэн усны ундаргатай нийлэн газрын гадаргууг бүхэлд нь (Эхлэл 2:6) усанд автуулж дэлхийг хамарсан үерийн үр дүнд хүргэсэн байх.
Үерийн хэмжээг харуулдаг хамгийн тодорхой ишлэлүүд нь Эхлэл 7:19-23. Усны талаар ингэж дурьдсан. “Газар дэлхий дээр дөчин хоног үер бууж, ус нэмэгдэхэд, хөвөгч авдар газраас дээш хөвөн гарч ирэв. Ус улам ихсэн, газар дээгүүр бялхан хальж, хөвөгч авдар усны мандал дээр хөвж байв. Газар дэлхий дээрх ус улам хүчтэй хальж, тэнгэрийн доорх өндөр уулс бүгд усаар бүрхэгджээ. Ус арван таван тохой дээш өргөгдөж, уулс усаар бүрхэгджээ. Газар дэлхий дээр хөдлөгч хамаг амьтан: жигүүртэн шувуу, мал адгуус, ан араатан, газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүн төрөлхтөн үхжээ. Хуурай газар дээрх хамартаа амийн сүнсний амьсгаатай бүхэн үхэв. Ингээд Тэрээр хүн төрөлхтнөөс авахуулаад араатан амьтад, газраар мөлхөгч, тэнгэр огторгуйн жигүүртэн шувууд хүртэл газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгд газрын хөрснөөс арчигджээ. Гагцхүү Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байгсад л үлджээ.”
Энэ дээрх багц ишлэлд “бүх” гэдэг үг давтан хэрэглэгдээд зогсохгүй “тэнгэрийн доорх өндөр уулс бүгд усаар бүрхэгдсэн”, “ус арван таван тохой дээш өргөгдөж, уулс усаар бүрхэгдсэн, мөн “газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан” гэж дүрсэлжээ. Энэ тодорхойлолтууд нь дэлхийн хэмжээний үеэр газар дэлхийг бүхэлд нь бүрхэж байсан тухай тодорхой зураглажээ. Мөн, хэрэв үер бүс нутгийн чанартай байсан бол Бурхан яагаад Ноад зүгээр л амьтдын хамт нүүдэллэхийг хэлчихгүй том хөвөгч авдар барихыг тушаасан юм бол? Мөн яагаад газар дэлхийн бүхий л амьтдыг төрөл төрлөөр нь багтааж хүрэх аварга том хөвөгч авдар барихыг Тэр тушаасан юм бол? Хэрэв үер бүс нутгийн чанартай байсан бол авдар барих хэрэггүй байх байсан.
Петр мөн 2 Петр 3:6-7 дээр үерийн газар дэлхийг бүхэлд нь хамарсан тухай ингэж дурьдсан байна. “Тэр үед ертөнц усан галавт автан, усаар устгагдсан аж. Харин өнөөгийн тэнгэр болоод газар нь Түүний үгсээр байгаа бөгөөд галд зориулагдсан, бурханлаг бус хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдрийн төлөө хадгалагдаж байна.” Эдгээр ишлэлд Петр ирж буй “бүх дэлхийн” шийтгэлийг Ноагийн үеийн үертэй харьцуулснаараа өмнө нь оршиж байсан дэлхий усаар шийтгэгдсэн тухай дурьдаж байна. Цаашилбал олон библийн бичээчид дэлхийд тархсан үерийн түүхийг хүлээн зөвшөөрсөн байдаг (Исаиа 54:9; 1 Петр 3:20; 2 Петр 2:5; Еврей 11:7). Эцэст нь Эзэн Есүс Христ дэлхийг хамарсан үерт итгэсэн байсан төдийгүй үүнийг Түүний эргэн ирэх үед бий болох дэлхийн сүйрлийн хэлбэр болгон авсан байдаг (Maтай 24:37-39; Лук 17:26-27).
Мөн олон библиэс гадуурх баримтууд дэлхийг хамарсан үер мэт дэлхий дахиныг нөмөрсөн гамшиг байсан гэж заадаг. Маш их хэмжээний чулуужсан үлдэц бүхий оршуулгын газар тив бүхэнд олддог бөгөөд их хэмжээний нүүрсний баялаг нь их хэмжээний ургамлыг огцом хурдтайгаар далдлан бүрхэж байж үүсэх боломжтой байдаг. Далайн үлдэгдэл чулуужсан үлдэц дэлхийн эргэн тойрны уулын оройгоос олддог. Дэлхийн эргэн тойрны бүхий л соёлуудад үерийн домгийн ямар нэг хэлбэр байдаг. Эдгээр баримтууд бүгдээрээ, мөн бусад олон баталгаанууд дэлхийг хамарсан үерийг гэрчилдэг.
English
Ноагийн үер дэлхийг хамарсан уу, эсвэл бүс нутгийг уу?