Асуулт
Сайн Мэдээ Чуулган (Good News Mission) гэж юу вэ? Тэд юунд итгэдэг вэ?
Хариулт
Сайн Мэдээ Чуулган 1960-д оны сүүлээр Өмнөд Солонгосын Сөүл хотод илгээлтийн эздийг бэлтгэх зорилгоор байгуулагдсан сургуулиас эхэлсэн юм. Сайн мэдээ Чуулган нь одоо ч пасторууд, илгээлтийн эздийг сургаж бэлтгэсээр байгаа бөгөөд одоогоор 600 илгээлтийн эздийг бэлтгэж гаргасны тал хувь нь Солонгосоос бусад улс орнуудад үйлчилдэг. Сайн Мэдээ Чуулган нь мөн сургалт, хурал цуглаануудыг зохион байгуулж, томоохон хэмжээний барилга байгууламжууд, зуны сургалтын байруудыг эзэмшдэг бөгөөд Маханаим Цахим Библийн Сургууль болон залууст зориулсан Олон улсын Залуучуудын Нийгэмлэг (IYF) хэмээх үйлчлэлийг зохион байгуулдаг. Залууст зориулсан энэ үйлчлэлийг Пастор Паг Ук Сү 1972 оноос хойш удирдаж байна.
Сайн Мэдээ Чуулган бол гурвалд итгэдэг, шинэчлэлийн теологитой (Reformed) бөгөөд Есүс Христэд итгэх итгэлээр ирдэг нигүүлслийн авралын тухай заадаг мэт харагддаг. Мөн илгээлтийн үйлчлэл болохынхоо хувьд сайн мэдээг тараах, алдагдсанд хүрэх талаар ихээхэн анхаарал хандуулдаг нь тодорхой.
Гэвч Сайн Мэдээ Чуулганыг тойрсон хэд хэдэн маргаантай асуудал бий. Сайн мэдээ Чуулганыг орхисон хүмүүс (зарим пасторуудыг оролцуулан) үүнийг тэрс урсгал хэмээн тодорхойлдог. (Орч. Энэхүү үйлчлэлийн талаарх нэг шүүмж бол хүний төрөлх нүгэлт чанарыг тухайн хүний үйлддэг гэм нүглээс нь салгаж тайлбарладаг явдал юм. Өөрөөр хэлбэл, Христэд итгэгч хүний үйлддэг гэм нүглүүд нь бүгд загалмай дээр аль хэдийн өршөөгдсөн тул тэднийг гэмших ямар ч шаардлагагүй гээд, харин Адамаас өвлөн авсан нүгэлт чанараа л гэмшиж улайх ёстой хэмээн үздэг байна. Энэ үзэл нь “Нүгэлгүй төгс байдал” хэмээх хуурамч онолтой ойролцоо бөгөөд, Христитгэгчид ч нүгэл үйлддэг хэмээн заадаг 1Иохан 1:8-р эшлэлтэй зөрчилддөг.) Үүнээс гадна пастор Паг Ук Сү байгууллагыг удирдахдаа хэт туйлширсан хяналт тогтоох хандлагатай байдаг талаар олон гомдол шүүмжлэлүүд байдаг.
Бид аливаа сүм чуулган, урсгал чиглэл, шашны байгууллагын зааж буй онол сургаалыг Библитэй жишиж харьцуулснаар үнэн зөв эсэхийг нь шалгаж мэддэг. Сайн Мэдээ Чуулганыг ч гэсэн ийм шалгуураар шалгах нь зүйтэй. Сайн Мэдээ Чуулганы талаар базаахгүй санал шүүмжлэл хангалттай бий учраас, энэ байгууллагын бие бүрэлдэхүүнд элсэх гэж байгаа хэн боловч хянуур болгоомжтой байж, ухаалаг хэрсүү хандвал зохино.
English
Сайн Мэдээ Чуулган (Good News Mission) гэж юу вэ? Тэд юунд итгэдэг вэ?