settings icon
share icon
Асуулт

Агуу Их Цагаан Сэнтийн Шүүлт гэж юу вэ?

Хариулт


Агуу их цагаан сэнтийн шүүлт нь Илчлэлт 20:11-15 дээр дүрслэгдсэн бөгөөд төөрөлдсөн хүмүүс галт нууранд хаягдахаас өмнөх эцсийн шүүлт юм. Илчлэлт 20:7-15 дээрээс бид шүүлт нь мянган жилийн хаанчлалын дараа мөн Сатан, араатан, хуурамч эш үзүүлэгчид галт нууранд хаягдсаны дараа болно гэдгийг мэдэж болно (Илчлэлт 20:7-10). Дэлгэгдсэн номд (Илчлэлт 20:12) бүх хүний сайн, муу бүх үйлсийг тэмдэглэсэн. Учир нь Бурхан хийгдсэн, хэлэгдсэн, бүр бодсон бүх зүйлийг бүгдийг нь мэддэг төдийгүй түүнийх нь дагуу тэр шийтгэх юмуу эсвэл шагнах болно (Дуулал 28:4; 62:12; Ром 2:6; Илчлэлт 2:23; 18:6; 22:12).

Мөн энэ үед бас нэг ном нээгдэх бөгөөд үүнийг “амийн ном” гэж нэрлэсэн байдаг (Илчлэлт 20:12). Энэ ном нь тухайн хүн Бурхантай хамт мөнх амийг өвлөх үү эсвэл галт нууранд хаягдах мөнхийн шийтгэл хүлээн авах уу гэдгийг тогтооно. Хэдийгээр Христэд итгэгчид өөрсдийн үйлдсэн зүйлдээ хариуцлага хүлээх ёстой ч тэд Христ дотор уучлагдсан бөгөөд тэдний нэрс “ертөнцийн сууриас хойш амийн номонд” (Илчлэлт 17:8) бичигдсэн байна. Бичээсээс мөн энэхүү шүүлтэн дээр үхэгсэд “өөрсдийн үйлсийн дагуу шүүгдсэн” (Илчлэлт 20:12) бөгөөд “хэн нэгний нэр” “амийн номонд бичигдсэн нь олдохгүй” тохиолдолд “галт нууранд хаягдсан” (Илчлэлт 20:15) байна.

Итгэгч байна уу итгэгч бус байна уу хамаагүй бүх хүн төрөлхтөн эцсийн шүүлтэнд орох болно гэдэг нь Бичээсийн маш олон ишлэлүүдэд тодорхой дүрслэгдсэн баримт юм. Хүн нэг бүр нэгэн өдөр Христийн өмнө зогсож өөрийн хийсэн үйлсийн дагуу шүүгдэнэ. Агуу их цагаан сэнтийн шүүлт нь эцсийн шийтгэл болох нь тодорхой харагдаж байгаа боловч Христэд итгэгчид Библид бичигдсэн бусад шүүлтүүдтэй энэ нь яаж холбогдох, хэн энэхүү агуу их цагаан сэнтийн шүүлтийн өмнө зогсох вэ гэдэг тал дээр маргаантай ханддаг.

Зарим Христэд итгэгчид Бичээс ирээдүйд болох гурван өөр шүүлтийг илчлэн хэлж байгаа гэж итгэдэг. Эхнийх нь хонь, ямаануудын талаар өгүүлсэн шийтгэл буюу үндэстнүүдийн шийтгэл (Матай 25:31-36). Энэ нь мянган жилийн хаанчлал эхлэхээс өмнө зовлонгийн үед явагдана. Зорилго нь мянган жилийн хаанчлалд орох хүмүүсийг тодорхойлохын тулд байна. Хоёр дахь нь бол итгэгчдийн үйлсийн талаарх шийтгэл бөгөөд үүнийг ихэвчлэн “Христийн шүүлтийн суудал [бема]” гэж тодорхойлдог (2 Коринт 5:10). Энэ шүүлтээр Христэд итгэгчид Бурханд үйлчилсэн юмуу хийсэн үйлсээрээ шагнал хүлээн авна. Гурав дахь нь мянган жилийн хаанчлалын төгсгөлд болох агуу их цагаан сэнтийн өмнөх шийтгэл (Илчлэлт 20:11-15) юм. Энэ бол үл итгэгчдийн шийтгэл бөгөөд тэд хийсэн үйлсийнхээ улмаас ял тулгагдан галт нууранд хаягдах мөнхийн шийтгэл авна.

Бусад Христэд итгэгчид эдгээр бүх гурван шийтгэлүүд нь тусдаа зүйлсийн талаар ярьж байгаа бус харин нэг эцсийн шийтгэлийн тухай өгүүлсэн гэж итгэдэг. Өөрөөр хэлбэл Илчлэлт 20:11-15 дээр дурьдагдсан агуу их цагаан сэнтийн өмнөх шийтгэл нь итгэгч болон үл итгэгч бүх хүмүүс ялгаагүй шүүгдэх газар байна. Амийн номонд нэр бичигдсэн байх хүмүүс өөрсдийн үйлсийн дагуу шагналаа авах эсэхийг нь мэдэх зорилгоор шүүгдэнэ. Амийн номонд нэр нь байхгүй хүмүүс өөрсдийн үйлсийн дагуу галт нууранд хаягдах янз бүрийн шийтгэл авах нь тогтоогдоно. Энэ үзлийг баримталдаг хүмүүс Матай 25:31-46 бол агуу их цагаан сэнтийн өмнө явагдах шүүлтийн өөр нэг тайлбар гэж итгэдэг. Үүнийг батлах баримт нь шүүлтийн үр дүн бөгөөд Илчлэлт 20:11-15 дээр дурьдагдсан агуу их цагаан сэнтийн шүүлтийн үр дүнтэй ялгаагүй байна гэж үздэг. Хонь (итгэгчид) мөнхийн амьдралд орж, ямаанууд (үл итгэгчид) “мөнхийн шийтгэлд” (Матай 25:46) хаягдах болно.

Энэхүү агуу их цагаан сэнтийн шийтгэлийн талаар ямар ч үзлийг баримталж байсан гэсэн ирж буй шийтгэлийн талаарх дараах зарим нэг баримтанд анхаарах нь их ач холбогдолтой. Нэгдүгээрт, Есүс Христ шүүгч байх бөгөөд бүх үл итгэгчид Христээр шүүгдэж, үйлдсэн үйлсийнхээ дагуу шийтгэгдэх болно. Үл итгэгчид өөрсдийнхөө эсрэг уур хилэнг хурааж байгаа гэдгийг Библи маш тодорхой хэлсэн (Ром 2:5) бөгөөд Бурхан “хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг нь” өгөх болно (Ром 2:6). Итгэгчид мөн Христээр шүүгдэх бөгөөд нэгэнт Христийн зөвт байдал биднийх болж тооцогдсон учир бид шийтгэл авахгүй, харин үйлдсэн үйлсийнхээ дагуу шагнагдах болно. Ром 14:10-12 дээр бид бүгд Христийн шүүлтийн суудлын өмнө зогсох бөгөөд хүн нэг бүр Бурханы өмнө хариуцлагаа хүлээн тайлагнах болно гэсэн байдаг.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Агуу Их Цагаан Сэнтийн Шүүлт гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries