Асуулт
Бие даасан Баптист гэж хэн бэ, тэд юунд итгэдэг вэ?
Хариулт
Бие даасан Баптистууд, мөн ихэнхдээ Бие даасан Фундаментал Баптистууд (Independent Fundamental Baptists-IFB) гэж нэрлэдэг бүлгийхэн нь 19-р зууны эцэс ба 20-р зууны эхэн үед үндсэн Баптист урсгал дотор үүссэн. Тухайн үед үндэсний олон Баптист урсгалууд Библийн алдаа мадаггүйн онол болон бусад уламжлалт итгэл үнэмшлээсээ холдсоноор орон нутгийн олон жижиг чуулганыг “бие даасан” гэх нэршлийг авч, урсгалын холбооноосоо салан тусгаарлахад хүргэсэн аж. Итгэлийн үндсээ ноцтой чухалчилсан учир “Фундаментал” гэх нэрсийг мөн авсан байдаг. Бусдад таниулах зорилгоор ихэнх чуулганууд нь өөрсдийгөө “Бие даасан, Фундаментал, Библид итгэдэг”, зарим нь нэмээд “зөвхөн Жеймс Хааны Хувилбарыг баримталдаг” (KJV-only) гэж сурталчилдаг байна.
Бие даасан Баптистуудын олонх нь өөрсдийн үүслийг Есүсийн үйлчлэлийн үеэс эхлэлтэй гэж үздэг байна. Тэд түүхэн дэх олон бүлэглэлүүд Баптист зарчмыг баримталж болохоор Баптист гэдэг нэр зүүгээгээгүй ч үйлдлээрээ “Баптист” байсан гэж заадаг байна. Баптист уламжлалыг өвөг, эцгүүд нь Мессалианчууд, Монтанистууд, Новатианууд, Донатистууд, Паулицианчууд, Валдочууд, Албигенчүүд, Лионистууд, Арнолдууд, Meннонайтчууд болон Aнабаптистууд байсан гэж үздэг. Сүүлд нь 17-р зууны үеэс “Баптист” хэмээх нэршил нь эцэстээ гарч ирсэн бөлгөө.
Орчин цагийн Бие даасан Баптистууд өөрсдийгөө ертөнцөөс болон Бие даасан Баптист нэртэй хамаагүй бусад ямар ч чуулгануудаас бүрмөсөн тусгаар байх ёстой гэж итгэдэг. Тэд Бие даасан Баптист хөдөлгөөнөөс гадуурх чуулгануудтай хамтрахгүй байгаагаа “Харанхуйн үр жимсгүй үйлсэд бүү оролц, харин ч оронд нь буруутгацгаа” гэж Eфес 5:11 ишлэлийг баталгаа болгон хэлдэг.
Бие даасан Баптистууд Библийг үгчилж, хадмал утгаар тайлбарладаг. Тэд Библийг түүхэн ба дүрмийн хам сэдэвт тулгуурлан тайлбарладаг гэж өөрсдийгөө тунхаглах боловч, хэрэв махчилж тайлбарлах нь “утга төгөлдөр” байвал тэр утгаар нь хүлээн авдаг. Хувцаслалтын хувьд тэд хуучинсаг үзлийг баримталдаг. Тухайлбал: эмэгтэйчүүд нь өвдөг дарсан урт банзал, эрчүүд нь захтай цамц өмсдөг. Тэд гял цал хувцас өмсдөггүй бөгөөд зөвхөн Бие даасан Баптистын хүмүүстэйгээ нийгмийн харилцаанд орох хандлагатай байдаг. Уламжлал ёсоор тэд зөвхөн магтуу дуунуудыг (hymn) цуглаан дотор дуулах ба бөмбөр тоглох, бичлэгтэй хөгжим тавихаас татгалздаг. Ихэнх Бие даасан Баптист чуулган зөвхөн Жеймс Хааны Хувилбар Библийг (King James Version; монгол хэлний төстэй орчуулга нь “Уламжлалт Бичээс Библийн Орчуулга”) хэрэглэдэг. Тэд Жеймс Хааны Хувилбарыг “Бурханы амьсгалсан” орчуулга гэж үздэггүй байж болох авч, “Хүлээн Зөвшөөрөгдсөн Бичвэр (Textus Receptus)”-ийг Бурханы амьсгалснаар бичигдсэн Бурханы Үгийг жинхэнээр хадгалсан цор ганц эх гар бичвэрийн цуглуулга гэдэгт итгэдэг.
Бие даасан Баптист Чуулганууд “Бие даасан Баптистын Онцлог” хэмээх дараах зарчмуудыг баримталдаг. Үүнд:
1. Шинэ Гэрээ бол итгэл ба зан үйлтэй холбоотой бүхнийг заах эрх мэдэл.
Бие даасан Баптист чуулганууд онолын байр сууриа тодорхойлохдоо итгэлийн тунхаг, итгэлийн өчил, чуулганы зөвлөлүүдийн шийдвэр авч хэлэлцдэггүй гэсэн үг. Тэд онолоо тодорхойлохдоо зөвхөн Бичвэрээс хамаарах бөгөөд чуулганы үйл ажиллагаагаа явуулахдаа уламжлал эсвэл урсгал чиглэлийн онцлогт үндэслэхгүй, Бичвэрт танилцуулагдсаны дагуу л баримтална гэж тунхагладаг байна (2 Тимот 3:16).
2. Чуулган бол аврагдсан, баптисм хүртсэн итгэгчдээс бүрддэг.
Нутгийн чуулганы гишүүнчлэлтэй болохын тулд эхлээд өөрөө Есүст хувьчлан итгэхийг шаардаж, ингэснээр дахин төрж, дараа нь усанд булхуулах байдлаар баптисм хүртэнэ гэсэн утгатай. Бие даасан Баптист чуулганууд нялх хүүхдэд баптисм хүртээх, мөн ус дуслуулан баптисм хүртээхийг эсэргүүцдэг. Хүн зөвхөн Есүст итгэсний дараа л баптисм хүртэх нь зохистой (Үйлс 2:41–42) гэдэг.
3. Чуулган нь төрөөс бүрэн ангид байх ёстой.
“Бие даасан” гэж өөрсдийгөө нэрлэсэн шалтгааных нь нэг. Есүс Христээс өөр хэн ч цуглааных нь дээгүүр эрх мэдэлтэй байх ёсгүй гэж тэд итгэдэг. Тиймээс Бие даасан Баптистууд чуулганых нь үйл ажиллагаанд оролцож, хянах гэсэн төр засгийн аливаа оролдлого, эрх мэдлийг эрс эсэргүүцдэг (2 Коринт 6:14).
4. Итгэгчдийн тахилчлал.
Бие даасан Баптист чуулган нь итгэгч хүн бүр Бурхантай хувьчлан ганцаар харилцах чадвартай гэдэгт итгэдэг. Хэн ч Бурхантай холбогдохын тулд Хуучин гэрээний үеийнх шиг тахилчаар дамжих шаардлагагүй. Итгэгч бүр “хэрэгцээтэй цагт туслах өршөөлийг авч, мөн нигүүлслийг олохын тулд, нигүүлслийн сэнтий рүү зоригтойгоор дөхөж” чадна (Еврей 4:16).
5. Орон нутгийн чуулганы өөрөө-засаглах эрх.
Энэ нь баптисм хүртсэн итгэгчдээс бүрдсэн орон нутгийн чуулган бол дэлхийд байх чуулганы хамгийн дээд эрх мэдэл мөн гэсэн утгатай үзэл баримтлал юм. Орон нутгийн чуулганууд өөрсдийн бодлого, зан үйлийг тодорхойлохдоо нийгмийн эрх мэдэлтнүүдэд эсвэл урсгал чиглэлүүдийн эвсэл, холбоодод захирагдах ёсгүй гэж үздэг. Орон нутгийн чуулган бүр өөрөө өөрийгөө засаглах ёстой. Зарим Бие даасан Баптист чуулганууд өөрөө-засаглах эрхээ хэт онцолж, өөр чуулганд хийгдсэн баптисмыг хүлээн зөвшөөрдөггүй. Тухайлбал, өөр чуулганд баптисм хүртсэн итгэгч уг чуулганд нь шилжиж ирвэл, албан ёсны гишүүн болохын тулд заавал тухайн Бие даасан Баптист чуулганд дахин баптисм хүртэх ёстой гэж үздэг.
Олонх Бие даасан Баптистууд “гишүүдийн эрх барих” (конгрегэйшнализм) засаглалын загварыг баримталдаг. Өөрөөр хэлбэл, чуулганы гишүүн бүр чуулганы талаарх бүх асуудлыг шийдэхэд оролцох нэг саналын эрхтэй байна гэсэн үг. Хэдийгээр пастор нь цуглааны тогтсон удирдагч мөн боловч, цуглааны бүх гишүүдийн санал хураалт явуулахгүйгээр чуулганы ямар нэг шийдвэр гаргах эрхгүй. Тэд чуулганы үйл ажиллагааг удирдахдаа Удирдах зөвлөл, эсвэл нийгэмлэгүүдийг оролцуулахыг эрс эсэргүүцдэг. Гишүүн бүр тахилч бөгөөд тэд нутгийн чуулганаа удирдах, шийдвэр гаргах чадвартай гэдэгт тэд бүрэн итгэдэг.
Ихэнх талаараа Бие даасан Баптист Чуулганууд Бурханы үгийг итгэмжтэйгээр тунхаглаж, сайнмэдээний үндсэн агуулгыг баримталдаг. Хэдий тийм боловч, тэдний өөрсдийгөө хэт онцгойлох үзэл баримтлал, Библийн Жеймс Хааны Хувилбар л үнэн зөв гэх хандлага нь асуудал дагуулдаг. Мөн Бие даасан олон Баптист чуулганууд онолын хувьд алдаатай “ландмарк үзэл”, “Баптист Сүйт Бүсгүй” теологи зэрэг сургаал руу хазайн орсон. Тэгэхлээр Бие даасан Баптист чуулганы албан ёсны гишүүн болохоосоо өмнө тэднийг сайтар судалж, ялган таних нь зохистой.
(Энэ өгүүллэгийн Библийн ишлэлийг Бие даасан Баптистын орчуулсан “Уламжлалт Бичээс Библийн Орчуулга”-аас авав.)
English
Бие даасан Баптист гэж хэн бэ, тэд юунд итгэдэг вэ?