Асуулт
Өөр үндэстэнтэй гэрлэх тухай Библи юу гэж хэлдэг вэ?
Хариулт
Хуучин гэрээний хуулинд Израильчуудыг өөр үндэстэнтэй гэрлэж, холбогдож болохгүй гэж тушаасан(Дэд хууль 7:3-4). Үүний шалтгаан нь хэрвээ Израильчууд харь үндэстэн, буруу шашинтан, хиймэл шүтээнд мөргөгчидтэй суух юм бол Бурханаас салж холдох аюул байсан. Үүнтэй адил зарчим Шинэ гэрээнд дурьдагдсан боловч арай өөр шатанд тавигдсан. “Үл итгэгчдийн хамт нэг буулганд бүү орогтун. Зөвт байдал ба ёс бус нь яаж хамтрах билээ? Гэрэл ба харанхуйн хооронд ямар нөхөрлөл байдаг билээ?”(2Коринт 6:14). Яг л Израильчууд(нэг үнэн Бурханд итгэгчид) итгэдэггүй хүмүүстэй гэрлэхгүй байхаар тушаагдсан шиг Христэд итгэгч ч гэсэн(нэг үнэн Бурханд итгэгчид) үл итгэгчидтэй гэрлэж болохгүй гэж тушаагдсан. Энэ асуултанд тодорхой хариулах юм бол “Үгүй”. Библи өөр үндэстэнтэй гэрлэх нь буруу гэж ер хэлээгүй.
Хүмүүс өөрсдийн зан чанараасаа болж шүүгдэх хэрэгтэй болохоос арьсны өнгөнөөс болж шүүгдэж болохгүй. Бид бүгдээрээ зарим хүмүүст илүү таалал, хүндэтгэл үзүүлж, зарим хүмүүсийг дорд үзэн, алагчлахгүй байх талаар анхаарах нь чухал(Иаков 2:1-10, ялангуяа 1, 9р ишлэл). Христэд итгэгч эрэгтэй эсвэл эмэгтэйчүүдийн хамгийн түрүүнд хосоо сонгох шаардлага байдаг гэвэл тэр нь тухайн хүн Христэд итгэдэг эсэх(2Коринт 6:14), Есүс Христэд итгэх итгэлээр дахин төрсөн хүн эсэх(Иохан 3:3-5)-г харах хэрэгтэй. Арьс өнгөөр бус, Христ доторх итгэлээр нь сонгох нь Библийн дагуух стандарт. Олон үндэстний гэрлэлт нь буруу зөвийн асуудал бус мэргэн ухаан, зориулалт, залбирлаар хандах ёстой зүйл юм.
Олон үндэстний гэрлэлтийг анхааралдаа авч үзэх цор ганц шалтгаан нь хүмүүс тэднийг хэрхэн хүлээж авах тухай асуудал юм. Арьс өнгөний ялгаатай байдал нь эргэн тойрны хүмүүс хүлээж авахад бэрхшээлтэй байдалд хүргэдэг. Бусад үндэстэн хүмүүстэй гэрлэсэн олон хосууд доромжлол, үзэн ядалтыг өөрсдийн гэр бүл дотроосоо амсах тохиолдол байдаг. Зарим хосуудад тэдний үр хүүхэд нь арьсны өнгө болон эргэн тойрны бусад гэр бүл, хүмүүсээс өөр байгааг мэдрэхээс болж бэрхшээл амсдаг. Тухайн хосууд эдгээр бэрхшээл амсахад бэлтгэлтэй байж, энэ асуудлын талаар нухацтай ярилцаж үзээд гэрлэхээр шийдэх хэрэгтэй. Дахин дурьдахад Библийн шалгуур нь зөвхөн тухайн гэрлэх гэж буй хүн Христийн биеийн гишүүн мөн эсэхээс л хамаардаг юм.
English
Өөр үндэстэнтэй гэрлэх тухай Библи юу гэж хэлдэг вэ?