Асуулт
Би яаж тамаас зайлж чадах вэ?
Хариулт
Тамд орохгүй байх нь чиний бодсоноос ч амархан. Тамд орохгүйн тулд арван хуулийг насан туршдаа чандлан сахих ёстой гэж зарим хүмүүс боддог. Тодорхой ёс жаяг, зан үйлийг үйлдсэнээр тамд очихгүй байж чадна гэж боддог хүмүүс ч бий. Бид үнэхээр тамд орох уу, үгүй юу гэдгийг ч мэдэх арга байхгүй хэмээн зарим хүмүүс итгэдэг. Дээрх үзлүүдийн аль нь ч үнэн биш. Хүн нас барсныхаа дараа хэрхэн тамд орохгүй байж болох талаар Библид маш тодорхой өгүүлдэг.
Библид тамыг маш аймшигтай, муухай газраар дүрсэлсэн байдаг. Жишээлбэл, “мөнхийн гал” (Матай 25:41), “унтаршгүй гал” (Матай 3:12), “гутамшиг ба мөнхийн жигшил” (Даниел 12:2), “гал нь унтрахгүй” газар (Марк 9:44-49), “мөнх сүйрэл” (2 Тесалоник 1:9) гэх мэтээр тамыг дүрсэлсэн. Мөн Илчлэлт 20:10-т тамыг “ёр муучууд хүхэр бүхий галт нуурт хаягдан” “үеийн үед өдөр шөнөгүй тарчлах” газар гэсэн” (Илчлэлт 20:10). Эндээс харвал там нь зугтвал зохилтой газар гэдэг нь илэрхий байна.
Там яагаад оршин байдаг, Бурхан яагаад хүмүүсийг тийш нь явуулдаг юм бэ? Библийн Матай номын 25:41-т диавол болон уналтанд орсон тэнгэр элч нар Өөрийг нь эсэргүүцэн тэрсэлсний дараа Бурхан тэдэнд зориулан тамыг “бэлдсэн” гэж гардаг. Бурханы санал болгодог нигүүлслээс татгалзсан хүмүүсийг диавол болон уналтанд орсон тэнгэр элч нар шиг мөнхөд зовох хувь заяа хүлээж байдаг. Ер нь там яагаад байх хэрэгтэй вэ? Бүх гэм нүгэл нь Бурханы эсрэг байдаг (Дуулал 51:4), бөгөөд Бурхан цаглашгүй болоод мөнхөд Оршигч Нэгэн тул шийтгэл ч гэсэн цаглашгүй, мөнхийн байж гэмээнэ зохих шаардлагыг хангана. Там нь Бурханы ариун бөгөөд зөвт байдлын шаардлагыг биелүүлдэг газар юм. Бурхан гэм нүглийг яллаж, Өөрийг нь эсэргүүцэгчдийг шийтгэдэг газар нь там юм. Бид бүгдээрээ нүгэл үйлдсэн учраас тамд орох нь зохилтой (Номлогчийн үгс 7:20, Ром 3:10-23) гэдгийг Библи тодорхой хэлдэг.
Тэгэхээр, бид яаж тамаас зайлсхийж чадах вэ? Цаглашгүй, мөнхийн шийтгэл л зохих шаардлагыг хангах юм бол үүнээс биднийг аврах зүйл нь мөн л цаглашгүй, мөнхийн байж таарна. Бурхан хүмүүний биеийг өмсөн Есүс Христ болж энэ дэлхийд ирсэн. Есүс Христ доторх Бурхан бидний дунд амьдарч, сургаал зааж, өвчнийг эдгээж байсан. Гэвч энэ бүхэн Түүний үйлчлэлийн эцсийн зорилго байгаагүй юм. Бурхан хүн болсноор (Иохан 1:1,14) бидний төлөө үхэх боломжтой болсон. Хүний биеийг өмссөн Бурхан болох Есүс загалмай дээр үхсэн. Бурхан болох Түүний үхэл хэмжээлшгүй үнэ цэнэтэй бөгөөд мөнх чанартай учир бидний гэм нүглийн төлөөсийг бүтэн төлсөн. (1 Иохан 2:2) Есүс Христийг өөрийн Аврагчаар хүлээн авч, Түүний үхлийг гэм нүглийн зөв шударга, бүрэн төлөөс хэмээн хүлээж авах урилгыг Бурхан бидэнд өгдөг. Есүст итгэн (Иохан 3:16), зөвхөн Түүнийг л өөрийн Аврагчаар хүлээн авсан (Иохан 14:6) хэн боловч аврагдах бөгөөд өөрөөр хэлбэл тамд орохгүй хэмээн Бурхан амлаж байна.
Бурхан хэнийг ч тамд ороосой гэж хүсдэггүй (2 Петр 3:9). Тиймээс Бурхан бидэнд зориулан нэгмөсөн, төгс, хангалттай золиосыг бидний төлөө өргөсөн юм. Хэрэв чи тамд орохыг хүсэхгүй байгаа бол Есүсийг өөрийн Аврагчаараа хүлээн аваарай. Ийм л энгийн. Чи өөрийгөө гэм нүгэлтэй, тиймээс тамд орох зохилтой гэдгээ Бурханы өмнө хүлээн зөвшөөр. Тэгээд Есүс Христийг өөрийн Аврагчаар хүлээн авч байна гэдгээ Бурханд тунхаглан хэл. Чамайг тамаас хэлтрүүлж, авралыг өгсөн Бурханд таларх. Есүс Христийг өөрийн Аврагчаа хэмээн итгэх энгийн итгэл чинь чамайг тамаас аврах болно!
Та энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээн авах шийдвэрээ гаргасан уу? Хэрвээ тийм бол "Би өнөөдөр Христийг хүлээж авлаа" гэсэн товчин дээр дарна уу.
English
Би яаж тамаас зайлж чадах вэ?