settings icon
share icon
Асуулт

Авралын залбирал гэж юу вэ?

Хариулт


“Авралаа баталгаажуулах залбирал байдаг юм уу?” гэж олон хүн асуудаг. Гэвч зөвхөн залбирснаар, тодорхой үг хэллэг хэрэглэснээр аврал авдаггүй гэдгийг санах нь маш чухал. Залбираад л аврал авсан хүний тухай Библийн хаана ч гардаггүй. Залбираад л аврагдана гэдэг бол Библийн арга зам биш юм.

Библийн дагуу бол Есүс Христэд итгэх итгэлээр дамжин аврал ирдэг. Иохан 3:16-д “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй, харин мөнх амьтай байх болно” гэжээ. Аврал өгдөг тогтсон залбирал гэж байдаггүй, харин аврал нь зөвхөн Есүсийг өөрийнхөө Аврагч гэдэгт итгэх (Иохан 1:12) итгэлээр дамжин (Ефес 2:8), Есүст бүрэн итгэж найдсанаар (Иохан 14:6, Үйлс 4:12) ирдэг.

Библид авралын тухай маш энгийнээр, тодорхой, мөн гайхамшигтайгаар өгүүлдэг. Бид бүгдээрээ Бурханы эсрэг нүгэл үйлдсэн (Ром 3:23). Насан туршдаа нэг ч нүгэл үйлдээгүй хүн Есүсээс өөр байхгүй (Номлогчийн үгс 7:20). Гэм нүглээсээ болж бидний Бурханаас авах шийтгэл бол үхэл (Ром 6:23) юм. Гэм нүгэл болон үүнд оногдох шийтгэлээс болоод бид өөрсдөө Бурхантай харилцах боломжгүй байв. Харин Бурхан биднийг үнэхээр хайрласандаа Есүс Христ хэмээх хүн болон дэлхийд ирсэн. Есүсийн амьдрал төгс төгөлдөр байж, үргэлж үнэнийг заадаг байсан. Гэсэн хэдий ч, хүн төрөлхтөн Есүсийг эсэргүүцэж загалмайд цовдлон алсан. Гэвч гэмгүй ариун Түүнийг хөнөөсөн аймшигт аллага бидэнд авралыг авчирсан юм. Есүс бидний оронд үхсэн. Тэр бидний ачааг үүрэн, Өөр дээрээ нүглийн шийтгэлийг авсан (2 Коринт 5:21). Тэгээд Есүс бидний гэм нүглийн төлөөсийг бүрэн төлж, гэм нүгэл ба үхлийг ялж дахин амилсан (1 Коринт 15). Золиос болгон өргөгдсөн Есүсийн улмаас Бурхан бидэнд авралын бэлгийг авахыг санал болгодог. Бурхан бид бүхнийг гэмшилд дуудаж, (Үйлс 17:30) бидний гэм нүглийн төлөөсийг бүрэн төлсөн (1 Иохан 2:2) бөгөөд Христэд итгэхийг уриалан дуудаж байдаг. Аврал тодорхой нэг залбирлаар дамжин ирдэггүй. Харин Бурханы бидэнд санал болгож байгаа бэлгийг хүлээн авснаар ирдэг.

Гэвч авралыг хүлээн авахад залбирал оролцож болохгүй гэсэн үг биш. Хэрэв чи сайнмэдээг ойлгож, үүнийг үнэн гэдэгт итгэн, Есүсийг Аврагчаар хүлээн авч байгаа бол энэ итгэлээ залбирч байхдаа Бурханд илэрхийлэх нь сайн бөгөөд зохистой хэрэг юм.

Чи анх Есүсийн тухай үнэн баримтуудыг хүлээн аваад, цааш Түүнийг өөрийн Аврагч гэдэгт бүрэн итгэх үйл явцад чинь туслах арга хэрэгсэл нь залбирал байж болно. Авралынхаа төлөө зөвхөн Есүст бүрэн итгэх алхамтай чинь залбирал холбогдож болно.

Дахин хэлэхэд зөвхөн залбираад л аврагдана гэж ойлговол эндүүрэл болно гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Есүсийн өгдөг авралыг та хүлээн авахыг хүсэж байгаа бол Түүнд итгэ. Түүний үхэл бол гэм нүглийн чинь хангалттай төлөөс гэдэгт итгэ. Түүнийг өөрийн Аврагч хэмээн бүрэн итгэл найдвараа тавь. Энэ бол Библийн өгүүлдэг аврал юм. Хэрэв та Есүсийг өөрийн Аврагчаар хүлээгээд авчихсан бол Бурханд залбир. Есүсийг өгсөнд нь Бурханд таларх. Бурханы хайр болон золиосонд нь талархан магтаалыг өргө. Чиний гэм нүглийн төлөөс болж, аврал өгөхийн тулд нас барсан Есүст таларх. Энэ бол аврал, залбирал хоёр хоорондоо хэрхэн холбогддог талаарх Библийн ойлголт юм.

Та энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээн авах шийдвэрээ гаргасан уу? Хэрвээ тийм бол "Би өнөөдөр Христийг хүлээж авлаа" гэсэн товчин дээр дарна уу.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Авралын залбирал гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries