Асуулт
Хэл ярихуйгаар залбирах гэдэг нь юу вэ? Хэл ярихуйгаар залбирах нь Бурхан болон итгэгчдийн хоорондох залбиралын хэл үү?
Хариулт
Ерөнхий суурийг нь ойлгохын тулд хэлээр залбирах бэлэг авъяас нэртэй бидний нэг нийтлэлийг уншаарай. Хэл ярихуйгаар залбирахын нотолгоо болгон авч үздэг Бичвэрийн ерөнхий дөрвөн багц хэсэг байдаг: Ром 8:26; 1Коринт 14:4-17; Eфес 6:18; болон Иуда 20-р ишлэл. Eфес 6:18 болон Иуда 20 нь “Сүнсээр залбирах” гэж дурддаг. Гэвч залбиралын хэл болох хэл ярихуйгаар залбирахыг “Сүнсээр залбирах” гэж тайлбарлах нь боломжгүй мэт харагдана.
Ром 8:26 нь ийнхүү өгүүлсэн: “Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг.” Энэ ишлэлийн өгүүлж буй хоёр тулгуур асуудал нь хэл ярихуйгаар залбирах залбиралын хэлний талаар дурдаж байгаа гэж харагдахгүй байна. Нэгдүгээрт, Ром 8:26 нь Сүнс Өөрөө “ёолон” залбирдаг гэснээс итгэгчид тэгдэг гэж хэлээгүй. Хоёрдугаарт, Ром 8:26 нь Сүнсний энэхүү “ёолон” залбирал нь “үгээр илэрхийлшгүй” гэсэн байна. Хэл ярихуйгаар залбирахын гол мөн чанар нь үгсийг давтан хэлэх явдал юм.
Эдгээр нь бидэнд 1Коринт 14:4-17 хэсэг буюу онцгойлон 14-р ишлэлийг үлдээж байна: “Учир нь би хэл ярихуйгаар залбирвал миний сүнс залбирдаг бөгөөд харин ухаанд минь үр жимс үгүй юм.” 1Коринт 14:14 нь маш тодорхой “хэл ярихуйгаар залбирах” хэмээн дурдаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ? Нэгдүгээрт, хам сэдвийг нь судлах нь маш ач холбогдолтой. 1Коринт 14 бүлэг нь голдуу хэлээр ярихуйн бэлэг болон эш үзүүллэгийн бэлэг хоёрыг харьцуулж өгүүлдэг. 2-5 ишлэлүүдээс харвал Паул эш үзүүллэгийг хэл ярихуйгаас илүү дээр бэлэг гэж үзэж байгаагаа тодорхой илэрхийлсэн. Үүний хажуугаар Паул мөн хэл ярихуйн үнэ цэнийг өгүүлдэг бөгөөд бусад хэнээс ч илүү хэл ярихуйгаар ярьдагтаа тэрээр баяртай байдгаа тунхагласан (18 ишлэл).
Үйлс 2 бүлэг нь хэл ярихуй бэлэг авъяасийг хамгийн анх дурдаж дүрсэлдэг. Пентекостын өдөр элч нар харь хэлээр ярьсан. Үйлс 2 бүлэг нь мөн элч нарыг хүний хэлээр ярьж байсан гэдгийг маш тодорхой илэрхийлсэн (Үйлс 2:6-8). Үйлс 2 бүлэг болон 1Коринт 14 бүлэг зэрэг газар хоёуланд нь дурьдагдсан “харь хэл” гэж орчуулагдах үг нь глосса бөгөөд “хэл яриа” гэсэн утгатай. Хэлээр ярихуй нь тухайн ярьж буй хүн өөрийн мэдэхгүй хэлээр ярих чадвар бөгөөд тухайн хэлийг нь мэддэг хэн нэгэн хүнд сайнмэдээг дамжуулахын тулд байв. Коринт гэх мэт олон соёлын талбарт хэлээр ярихуй нь маш чухал, ач холбогдолтой авъяас бэлэг байсан мэт харагддаг. Коринтын итгэгчид хэл ярихуйн бэлгийн үр дүнд Бурханы үг болон сайнмэдээг илүү сайн дамжуулах боломжтой байсан. Гэвч Паул энэхүү хэл ярихуйн хэрэглээг хүртэл зайлшгүй тайлбарлах ёстой юмуу эсвэл “орчуулах” ёстой гэж тодорхой хэлсэн (1Коринт 14:13, 27). Коринтын итгэгч хэлээр ярьж, тухайн хэлийг мэддэг нэгэнд Бурханы үнэнийг тунхагласан бөгөөд тэрхүү итгэгч юмуу эсвэл чуулган дахь өөр нэг итгэгч юуны талаар ярьсныг орчуулснаар бүх чуулган бүхэлдээ ойлгож чадах байв.
Тэгвэл хэл ярихуйгаар залбирах гэж юу бөгөөд энэ нь хэл ярихуйгаар ярихаас ямар ялгаатай байх вэ? 1Коринт 14:13-17 нь хэл ярихуйгаар залбирах нь ч бас тайлбарлагдах тухай заадаг. Дүгнэн хэлэхэд хэл ярихуйгаар залбирах нь Бурханд залбирал өргөж байгаа мэт харагдана. Энэ залбирал нь тухайн хэлээр ярьдаг хүнд үйлчлэх бөгөөд бас чуулганы бүх биед тайлбарласнаар тэднийг босгон байгуулах хэрэгтэй байдаг.
Энэ тайллыг хэл ярихуйгаар залбирах нь залбиралын хэл гэж үздэг хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй. Энэ өөр ойлголтыг дараах байдлаар дүгнэн хэлдэг: хэл ярихуйгаар залбирах нь Бурхан болон итгэгчийн хоорондох хувийн залбиралын хэл (1Коринт 13:1) бөгөөд итгэгч нь өөрийгөө босгон байгуулахын тулд хэрэглэдэг (1Коринт 14:4). Энэ тайлал нь дараах хэдэн шалтгааны улмаас библийн дагуу байж болохгүй нь харагдана: 1) Хэрэв хэл ярихуйгаар залбирах нь тайлбарлагдах хэрэгтэй юм бол яаж хувийн залбиралын хэл байж чадах вэ (1Коринт 14:13-17)? 2) Сүнслэг бэлгүүд нь хувь хүнийг бус чуулганыг босгон байгуулахын төлөө юм бол хэл ярихуйгаар залбирах нь яагаад хувийн босгон байгуулалтын төлөө юм бол (1Коринт 12:7)? 3) Хэрэв хэл ярихуйн бэлэг нь “үл итгэгчдийн төлөөх тэмдэг” болдог юм бол яаж хувийн залбиралын хэл байж чадах вэ (1Коринт 14:22)? 4) Хүн болгон хэлээр ярихуйн бэлгийг эзэмшиж чадахгүй гэж Библи маш тодорхой хэлдэг (1Коринт 12:11, 28-30). Хэрэв итгэгч болгон энэ бэлгийг авч чадахгүй юм бол хэл ярихуйн бэлэг нь яаж хувийн босгон байгуулалтын төлөө байдаг юм бол? Бид бүгд босгон байгуулагдах хэрэгтэй биш үү?
Зарим нь хэл ярихуйгаар залбирахыг Сатан болон түүний чөтгөрүүд бидний залбиралыг ойлгохоос сэргийлсэн “нууц код залбирал” гэж ойлгодог бөгөөд ингэснээр бид давуу талтай болно гэж боддог. Энэ тайлбар нь дараах хэдэн шалтгааны улмаас библийн байж чадахгүй: 1) Шинэ Гэрээ нь хэлээр ярихуйг хүний хэл гэж тууштай тайлбарладаг бөгөөд Сатан болон түүний чөтгөрүүд хүний хэлийг сайн ойлгож чадна. 2) Библид тоймшгүй олон итгэгчид өөрсдийн хэлээр, чангаар Бурханд залбирч буйг бичсэн бөгөөд тэд Сатан залбиралд нь саад болж байгаа талаар ер анхаараагүй. Сатан болон түүний чөтгөрүүд бидний залбирч байгаа ойлгож, сонсдог байлаа ч гэсэн тэд Бурхан Өөрийн хүслийн дагуу залбиралд хариулахад саад хийх ямар ч хүч байхгүй. Бурхан бидний залбиралыг сонсдог гэдгийг бид мэддэг бөгөөд энэ нь Сатан болон түүний чөтгөрүүд бидний залбиралыг сонсож, ойлгож байсан ч ямарч хамаагүй гэж үзэхэд хүргэнэ.
Тэгвэл олон Христэд итгэгчид хэл ярихуйгаар залбирсаны дараа өөрсдийг нь босгон байгуулсан чухал зүйл болсон гэж үзэж байгааг юу гэх вэ? Нэгдүгээрт, бид өөрсдийн итгэл болон үйлдлээ Бичвэр дээр суурилуулах ёстой болохоос туршлага мэдрэмж дээр байлгах ёсгүй. Бид Бичвэрийн дагуу өөрсдийн туршлага мэдрэмжээ үзэх ёстой болохоос өөрсдийн туршлага мэдрэмжийн дагуу Бичвэрийг тайлбарлахгүй. Хоёрдугаарт, олон гаж урсгал болоод бусад шашнууд хэл ярихуйгаар залбирах юмуу үглэж байгаа тохиолдлууд бичигдсэн байдаг. Мэдээж хэрэг Ариун Сүнс эдгээр үл итгэгч хүмүүст бэлэг авъяас өгөөгүй. Тэгэхлээр диавол ч гэсэн хэл ярихуйн бэлгийг хуурамчаар бий болгох чадвартай юм байна. Энэ нь биднийг өөрсдийн туршлага мэдрэмжээ Бичвэртэй илүү анхааралтайгаар харьцуулахыг сануулж байна. Гуравдугаарт, олон судалгаагаар хэл ярихуйгаар ярих болон залбирах нь суралцах боломжтой зан хандлага гэдгийг тодорхойлсон. Бусад хүмүүс хэл ярихуйгаар ярихыг сонсох юмуу ажиглаж байгаад хүн тухайн үйл явцыг санаатай болон санамсаргүйгээр суралцах боломжтой. Энэ нь Христитгэгчдийн дунд байдаг хэл ярихуйгаар ярих болон залбирах олон үйл явцыг тайлбарлах боломжтой хэлбэр. Дөрөвдүгээрт, өөрийгөө босгон байгуулж буй мэдрэмж нь байдаг л зүйл. Хүний бие нь ямар нэг шинэ, гайхалтай, сэтгэл хөдлөлийн зүйл мэдрэх юмуу эсвэл рациональ сэтгэлгээнээс салгагдах үедээ адреналин болон эндорфин ялгаруулдаг.
Хэл ярихуйгаар залбирах нь Христитгэгчдийн хувьд хүндэтгэлтэйгээр болон хайраар бие биенээсээ ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөрч чадах чухал асуудал юм. Хэл ярихуйгаар залбирах нь аврагдах эсэхийг тодорхойлдог асуудал биш. Хэл ярихуйгаар залбирах нь төлөвшсөн Христитгэгч болон төлөвшөөгүй Христитгэгч гэдгийг харуулдаг зүйл ч биш. Хэл ярихуйгаар залбирах нь хувийн залбиралын хэл мөн эсэх талаарх асуудалтай боловч энэ нь Христэч итгэлийн үндсэн тулгуур зүйл биш. Тиймээс, хэдий хэл ярихуйгаар залбирах талаарх библийн ойлголт нь өөрийн босгон байгуулалтын төлөө хувийн залбиралын хэлээр ярьж байна гэсэн үзэл баримтлалаас биднийг холдуулж болох авч, үүний хажуугаар ийм зүйлсийг үйлдэж байгаа олон хүн нь Христ доторх бидний ах эгч дүүс бөгөөд бидний хайр хүндэтгэлтийг авах зохистой гэдгийг мөн хүлээн зөвшөөрөх ёстой.
English
Хэл ярихуйгаар залбирах гэдэг нь юу вэ? Хэл ярихуйгаар залбирах нь Бурхан болон итгэгчдийн хоорондох залбиралын хэл үү?