settings icon
share icon
Асуулт

Амьдралын зорилгоо хэрхэн олж авах тухай Библи юу гэж хэлдэг вэ?

Хариулт


Бидний амьдрал дахь зорилго юу байх ёстой талаар Библи маш тодорхой өгүүлдэг. Хуучин болон Шинэ Гэрээний үед амьдарч байсан хүмүүс бүгд л амьдралын зорилгоо эрж хайн, олцгоосон байдаг. Энэ дэлхийд амьдарч байсан хамгийн ухаантай хүн болох Соломон зөвхөн энэ дэлхийн төлөө л амьдарлаа зориулах нь ямар ч утга учиргүй болохыг илчилсэн. Тэрээр Номлогчын үгс номондоо ийнхүү дүгнэн өгүүлсэн: "Энэ бүхнийг сонордоод, дүгнэхэд Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. Бурхан сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юмс бүрийг, бүх үйлсийг шүүлтэд аваачих болно" (Номлогчын үгс 12:13-14). Бидний амьдрал бол бүхэлдээ өөрсдийн бодол санаа, амьдралаараа Бурханыг хүндэтгэх тухай бөгөөд ийм байдлаар Түүний тушаалуудыг сахиж, нэг өдөр Түүний өмнө шүүгдэхээр зогсох болно гэж Соломон тайлбарласан. Бидний амьдралын зорилгын нэг тал нь Бурханаас эмээж, Түүнийг дуулгавартай дагах юм.

Бидний зорилгын нөгөө тал нь энэ дэлхийн амьдралыг ирээдүйн хэтийн төлөв байдлаас харах явдал юм. Зөвхөн энэ амьдрал дээрээ фокус тавьдаг хүмүүстэй адилгүй нь Давид хаан ирэх үед буюу ирээдүйд өөрийн сэтгэл хангалуун байдлыг даатгасан байна. Тэрээр "миний хувьд бол би зөв шударгаар Таны нүүрийг харна. Би сэрэхдээ Таны дүр төрхөнд сэтгэл хангалуун байна" (Дуулал 17:15). Давидын хувьд Бурханы нүүр царайг харж (Түүнтэй нөхөрлөх явц), Түүнтэй адилхан болох (1 Иохан 3:2) боломжтой тэрхүү нойрноос сэрэх өдөр (дараагийн амьдрал) бүрэн сэтгэл хангалуун байх болно гэж үзсэн.

Дуулал 73 бүлэгт Асаф ядуу дорой дарлагдсан хүмүүсийн нуруун дээр өөрсдийн тансаг сайн сайхныг барин байгуулж, тэдэнд ерөөсөө анхаарал тавьдаггүй хорон муу хүмүүст атаархан уруу татагдсан талаараа өгүүлж, дараа нь тэдний туйлын төгсгөл нь ямар байх талаар хэлсэн байдаг. Тэдний араас нь хөөн тэмүүлдэг зүйлстэй харьцуулахад өөрт нь юу илүү чухал байгаа талаар тэрээр 25 ишлэлд ингэж өгүүлжээ: "Тэнгэрт Танаас гадна надад хэн байгаа вэ? Танаас өөр юуг ч газар дээр би хүсдэггүй." Асафын хувьд Бурхантай харилцах харилцаа нь энэ амьдралын ямар ч зүйлсээс илүү дээр тавигдсан. Энэ харилцаагүйгээр амьдралд нь жинхэнэ зорилго байхгүй гэж үзэж байна.

Элч Паул амилсан Христтэй тулгарахаасаа өмнө шашны хувьд түүний ололт амжилт байсан бүхий л зүйлс нь Есүс Христийг таньж мэдэхийн гайхалтай байдалтай харьцуулахад яг л овоолсон хог мэт гэж дүгнэсэн. Филиппой 3:9-10-д Паул Христийг мэдэж, Түүнд итгэх итгэлээр ирэх цагаатгалаар “Түүний дотор олдох”-с өөр юуг ч хүсэхгүй байгаагаа, энэ нь түүнд зовлон, үхлийг авчирсан ч хамаагүй тухай илэрхийлсэн байна. Паулын зорилго нь хэдий зовлон бэрхшээлтай байсан ч хамаагүй Христийг мэдэх, Түүнд итгэх итгэлээр ирэх зөвт байдлыг олж авах, Түүнтэй нөхөрлөх амьдралтай байх (2 Tимот 3:12) гэж хэлж байна. Дүгнэн хэлэхэд тэрээр ирээдүйн “үхэгсэдээс амилуулагдах” үйл явцын нэгээхэн хэсэг байхыг хүсэн хүлээсэн гэсэн үг.

Бурхан анх хүнийг бүтээсний дагуу бидэнд байх амьдралын зорилго нь, 1) Бурханыг алдаршуулж, Түүнтэй сэтгэл хангалуун нөхөрлөлийн харилцаатай байх, 2) бусад хүмүүстэй сайн сайхан харилцаатай байх, 3) ажиллах болон 4) энэ дэлхийг захиран удирдах юм. Харин хүний уналт, завхарлын дараа Бурхантай нөхөрлөх харилцаа тасарч, бусад хүмүүстэй харилцах харилцаа нь эвдэрч, ажиллах нь байнга л цөхрөл, ядаргаанд хүргэх хандлагатай болж, байгалийг захиран удирдах чадвараа тогтоох гэж тэмцэлдэхэд хүрсэн байна. Бурхантай харилцах харилцаагаа сэргээснээр, Есүс Христэд итгэх итгэлээр амьдралын зорилго нь дахин олдох боломжтой.

Хүний зорилго нь Бурханыг алдаршуулах, Түүнтэй хамт үүрд мөнх сэтгэл хангалуун байх юм. Бид Бурханаас эмээж, Түүнд дуулгавартай байснаараа, тэнгэрийн улсад байх ирээдүйн гэр рүүгээ анхаарал хандуулснаараа, Түүнийг илүү дотно байдлаар таньж мэдсэнээрээ Бурханыг алдаршуулдаг. Бид өөрсдийн маань амьдралд өгсөн Бурханы зорилгыг дагахад Тэрээр жинхэнэ, үүрд мөнхөд үргэлжлэх баяр хөөрийн мэдрэмжийг бидэнд амтлуулж, Түүгээр сэтгэл хангалуун байлгаж, Түүний бидний амьдралд тавьсан бялхам амьдралыг олж авдаг.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Амьдралын зорилгоо хэрхэн олж авах тухай Библи юу гэж хэлдэг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries