Асуулт
Чуулганы өргөгдөлт гэж юу вэ?
Хариулт
“Өргөгдөлт” гэдэг үг Библид байдаггүй. Гэвч өргөгдөлтийн талаарх үзэл баримтлалыг Бичээст маш тодорхой заасан байдаг. Чуулганы өргөгдөлт нь зовлонгийн үеэр Бурхан энэ дэлхийд Өөрийн зөвт шийтгэлээ буулгах замыг засахын тулд дэлхийгээс бүх итгэгчдийг авах үйл явдлыг хэлдэг. Өргөгдөлт нь үндсэндээ 1 Тесалоник 4:13-18 болон 1 Коринт 15:50-54 зэрэг библийн ишлэлд дүрслэгдсэн. Бурхан нас барсан бүх итгэгчдийг амилуулан, тэдэнд сүр жавхлантай биеийг өгч, тухайн үед амьд байсан итгэгчид ч гэсэн сүр жавхлантай биед хувирч тэднийг хамтад нь авч явах болно. “Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно” (1 Тесалоник 4:16-17).
Өргөгдөлт нь мөн чанарын хувьд хоромхон зуур болох бөгөөд тухайн үед бид сүр жавхлантай биеийг хүлээн авна. “Харагтун, би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, бүрээн эцсийн дуугаар тийм болно. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудах уруу амилуулагдаж, бид ч өөрчлөгдөнө” (1 Коринт 15:51-52). Өргөгдөлт гэдэг бол бидний хүсэн хүлээх хэрэгтэй сайхан үйл явдал юм. Эцсийн эцэст бид гэм нүглээс чөлөөлөгдөх болно. Бид Бурханы оршихуйд үүрд мөнхөд байна. Өргөгдөлтийн хүрээ болон утга учрын талаар дэндүү их маргаан хэлэлцүүлэг байдаг. Энэ бол Бурханы хүсэл, тааламж биш. Харин өргөгдөлттэй хамааралтай зүйлд Бурхан биднийг “эдгээр үгсээр бие биеэ тайвшруул” (1 Тесалоник 4:18) гэдэг.
English
Чуулганы өргөгдөлт гэж юу вэ?