Асуулт
Христэч золилт гэж юу гэсэн үг вэ?
Хариулт
Бүх хүн золигдох хэрэгцээтэй. Бидний төрөлх нөхцөл байдал гэм буруугийн шинжтэй: “Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй” (Ром 3:23). Христийн золилт нь биднийг гэм буруугаас чөлөөлсөн бөгөөд бид “Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгджээ” (Ром 3:24).
Золилтын үр ашиг нь мөнх амь (Илчлэл 5:9-10), гэм нүглийн уучлал (Eфес 1:7), зөвт байдал (Ром 5:17), хуулийн хараалаас эрх чөлөөнд хүрэлт (Галат 3:13), Бурханы гэр бүлд үрчлэлт (Галат 4:5), гэм нүглийн дарлалаас чөлөөлөлт (Тит 2:14; 1Петр 1:14-18), Бурхантай энх тайван байгуулалт (Колоссай 1:18-20), болон Ариун Сүнсний дотор оршилт (1Коринт 6:19-20) зэрэг юм. Золигдоно гэдэг нь тэгэхлээр уучлагдах, ариусгагдах, зөвтгөгдөх, чөлөөлөгдөх, үрчлэгдэх, болон эвлэрүүлэгдэх гэсэн үг. Мөн Дуулал 130:7-8; Лук 2:38; ба Үйлс 20:28 зэргийг үз.
Золигдох гэдэг үг нь “худалдагдан авагдах” гэсэн утгатай. Нэр томъёо нь боолын эрх чөлөөг худалдан авахтай хамааралтай онцгойлон хэрэглэгддэг байж. Энэ нэр томъёог Христийн загалмай дээрх үхэлтэй холбон хэрэглэх нь маш ихийг өгүүлнэ. Хэрэв бид “золигдсон” бол бидний өмнөх нөхцөл байдал нь боолчлолд л байсан гэсэн үг болно. Бурхан бидний эрх чөлөөг худалдан авсан бөгөөд бид цаашид гэм нүгэл юмуу Хуучин гэрээний хуулийн боолчлол (дарлал) дор байхгүй байна гэсэн үг. “Золилтын” талаарх зүйрлэсэн хэрэглээ нь Галат 3:13 болон 4:5 хэсгийн зааж буй гол зүйл.
Золилтын Христэч үзэл баримтлалтай холбоотой нэг үг бол төлөөс юм. Есүс гэм нүгэл болон түүний үр дагавраас биднийг чөлөөлөх үнэ төлөөсийг төлсөн (Maтай 20:28; 1Тимот 2:6). Түүний үхэл нь биднийг амьдруулах солилцоо байв. Үнэндээ Бичвэр нь золилт зөвхөн “Түүний цусаар л” буюу Түүний үхлээр л боломжтой болно гэж маш тодорхой заадаг (Колоссай 1:14).
Тэнгэрийн улсын гудамж нь өөрсдийн гавъяагаар бус золигдож, уучлагдан, эрх чөлөөтэй болсон хуучин боолуудаар дүүрэн байх болно. Гэм нүгэлд боол байсан хүмүүс гэгээнтнүүд болно. Тэгэхлээр бид шинэ дуу болох алагдсан Золигчид зориулсан магтаал дуулна гэхлээр гайхах хэрэггүй аж (Илчлэл 5:9). Бид гэм нүглийн боолууд, Бурханаас мөнхөд тусгаарлагдан яллагдсан байв. Есүс биднийг золих төлбөрийг төлсөн бөгөөд үр дүнд нь гэм нүглээс бид эрх чөлөөтэй болж, гэм мөнхийн үр дагавраас аврагдсан байна.
English
Христэч золилт гэж юу гэсэн үг вэ?