Асуулт
Бурхан Христитгэгчдийг шаббат сахил буюу амралтын өдөр таслахгүй байхыг шаарддаг уу?
Хариулт
Колоссай 2:16-17 багц ишлэлд Паул, "Тиймд та нар хоол унд, эсвэл баяр, шинэ сар, амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд. Эдгээр нь ирж буй юмсын сүүдэр нь юм. Харин бие нь Христийнх юм" гэжээ. Үүнтэй адил Ром 14:5-д "Зарим нь нэг өдрийг нөгөөгөөс нь онцгойлон үздэг байхад, зарим нь өдөр бүрийг адилхан гэж үздэг. Хүн бүр өөрийн бодолдоо бат итгэлтэй байг" гэсэн байна. Эдгээр Бичвэр нь Христитгэгчид шаббат сахихыг Бурханаас ирсэн тушаал бус харин сүнслэг эрх чөлөөний асуудал гэж үзэх хэрэгтэйг тодорхой харуулж байна. Шаббат сахих нь бидний хувьд бие биенээ шүүх асуудал биш гэж Бурханы үг заадаг. Шаббат сахил нь тухайн Христитгэгч бүр өөрөө ухамсарлаж, шийдэх хэрэгтэй асуудал мөн.
Үйлс номын эхний хэдэн бүлгүүдэд анхны Христитгэгчид ихэнхдээ Еврей байсан. Харь хүмүүс Есүс Христээр дамжуулж авралын бэлэг хүлээн авч эхлэхэд Еврей Христитгэгчдэд ярвигтай асуудал тулгарчээ. Харь үндэсний Христитгэгчдэд Мосегийн Хууль болон Еврей уламжлалын аль талыг нь сахих талаар сургах ёстой вэ? Элч нар уг асуудлыг Иерусалимын зөвлөл дээр уулзаж, хэлэлцсэн (Үйлс 15). Шийдвэр нь ийнхүү гарав: "Тиймээс миний санаа бол харийнхан дундаас Бурхан өөд эргэж буй хүмүүсийг дарамтлахгүй байх нь дээр юм. Харин бид тэдэнд шүтээнээр бузарлагдсан зүйлс, садар самуун, боомилогдсон зүйл болон цуснаас цээрлэж явахыг бичье" (Үйлс 15:19-20). Шаббат сахил нь элч нарын хувьд харь үндэстэн итгэгчдээс шаардах ёстой заавар тушаалын нэг биш байв. Христитгэгчдийн хувьд амралтын өдөр сахих ёстой нь Бурханы тушаал байсан бол энэхүү шаббат сахилыг элч нар тоохгүй орхино гэдэг бодохын аргагүй зүйл юм.
Шаббат сахилын талаарх маргааны нийтлэг алдаа бол шаббат нь мөргөлийн өдөр байсан гэх үзэл баримтлал юм. Долоо дахь өдрийн Адвентистууд гэх мэт бүлэглэл нь чуулганы мөргөлийн зан үйлийг Шаббат өдөр болох Бямба гарагт хийхийг Бурхан шаарддаг гэж үздэг. Энэ нь Амралтын өдрийн тушаалын зорилго биш байсан. Амралтын өдрийн тушаал нь Шаббат өдөр ажил хийхгүйтэй холбоотой (Гэтлэл 20:8-11). Бичвэрийн хаана ч гэсэн Амралтын буюу шаббат өдөр нь мөргөлийн өдөр байх тухай тушаал байхгүй. Мэдээж Хуучин Гэрээ, Шинэ гэрээний болон орчин үеийн Еврейчүүд Бямба гарагийг мөргөлийн өдөр болгодог боловч энэ нь Амралтын өдрийн тушаалын гол мөн чанар биш. Үйлс номд Шаббат өдөрт цугларсан тухай дурсах бүрд Христитгэгчдийн бус Еврейчүүдийн уулзалт байсан нь харагдана.
Анхны Христитгэгчид хэзээ уулзсан бэ? Үйлс 2:46-47 бидэнд хариулт өгдөг. "Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, талархал хийгээд өгөөмөр зүрхээр хооллоцгоон, Бурханыг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа." Хэрэв Христитгэгчдэд тогтмол цуглардаг өдөр байсан бол энэ нь шаббат өдөр бус (бидний хувьд Бямба) харин долоо хоногийн эхний өдөр (бидний хувьд Ням) байсан аж (Үйлс 20:7; 1Коринт 16:2). Ням гарагт болсон Христийн амилалтыг хүндэтгэж анхны Христитгэгчид ням гарагийг "Христэч шаббат" утгаар бус харин Есүс Христэд онцгойлон мөргөх өдөр болгон тэмдэглэх болсон.
Еврейн шаббат буюу Бямба гарагт мөргөл өргөхөд ямар нэг буруу бий юу? Мэдээж үгүй! Бид зөвхөн Ням, Бямба гарагуудад бус, харин өдөр бүр Бурханд мөргөл өргөх хэрэгтэй! Өнөөдөр олон чуулганууд Бямба болон Ням гарагийн мөргөлийн цугларалт хийдэг. Христийн дотор эрх чөлөө бий (Ром 8:21; 2 Коринт 3:17; Галат 5:1). Христитгэгч Бямба гарагт ажиллахгүй байн шаббат сахих шаардлагатай юу? Хэрэв Христитгэгч ингэж сахихаар дуудагдсан бол мэдээжийн хэрэг тийм (Ром 14:5). Гэвч шаббат сахихаар шийдсэн хүмүүс нь энэ өдрийг сахидаггүй хүмүүсийг шүүх хэрэггүй (Колоссай 2:16). Цаашилбал шаббат сахидаггүй хүмүүс нь энэхүү өдрийг сахидаг хүмүүст бүдрүүлгэ (1Коринт 8:9) болохоос зайлсхийх хэрэгтэй. Галат 5:13-15 энэ асуудлыг бүхэлд нь дүгнэн өгүүлдэг. "Ах дүү нар аа, та нар эрх чөлөө өөд дуудагдсан юм. Гэхдээ та нар эрх чөлөөгөө махбодын төлөөх таатай боломж болгож бүү ашигла. Харин бие биендээ хайраар үйлчил. Учир нь хууль бүхэлдээ нэг үгэнд л багтдаг юм. Энэ нь "Чи хөршөө өөрийн адил хайрла" гэсэн нь мөн. Хэрэв та нар нэг нэгнээ зуудаг, цөлмөдөг бол та нар бие биенээ хөнөөх вий гэж болгоомжлогтун."
English
Бурхан Христитгэгчдийг шаббат сахил буюу амралтын өдөр таслахгүй байхыг шаарддаг уу?