Асуулт
Эцсийн үеийн тэмдэг, дохионууд нь юу байх вэ?
Хариулт
Mатай 24:5-8 бидэнд маш чухал учрийг мэдүүлдэг бөгөөд тэгснээр эцсийн үе ойртож буйг бид ялган мэдэж чадна. Үүнд: “Учир нь олон хүн “Би бол Христ” хэмээн Миний нэрээр ирж, олныг төөрөлдүүлнэ. Та нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсоно. Айж сандруузай. Тэдгээр нь зайлшгүй болох учиртай бөгөөд төгсгөл нь хараахан биш юм. Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно. Харин энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм” гэсэн. Хуурамч Мессиа ихэсч, дайн тулаан, өлсгөлөн, тахал, байгалийн гамшиг газар авах бөгөөд эдгээр нь эцсийн үеийн тэмдэг дохио гэжээ. Энэ багц ишлэлд мөн бидэнд анхааруулга өгсөн байдаг. Эдгээр нь төрөх өвдөлтийн эхлэл төдий учраас бид хууртагдахгүй байх ёстой бөгөөд эцсийн үе хараахан ирээгүй байх болно гэсэн.
Зарим тайлбарлагчид газар хөдлөлт болгоныг, улс төрийн эргэлт, өөрчлөлт болгоныг, Израиль руу хийсэн дайралт болгоныг эцсийн үе тун удахгүй ирэх гэж буй яг тодорхой тэмдэг мөн гэж заадаг. Хэдийгээр тухайн үйл явдлууд эцсийн өдөр ойртон ирж буй дохио байж болох ч эцсийн үе аль хэдийн ирчихээд байна гэсэн тэмдэг байх шаардлагагүй. Элч Паул эцсийн өдрүүд нь хуурамч сургаалийн онцгой тархалт байх болно гэж анхааруулсан. “Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг” (1 Тимот 4:1). Эцсийн өдрүүд нь хорон муу зан төрхтэй хүмүүс маш их нэмэгдэн “үнэнийг идэвхитэй эсэргүүцэх” учир “хэцүү цаг” гэж дүрслэгдсэн байна (2 Тимот 3:1-9; мөн 2 Tесалоник 2:3-г харах).
Мөн өөр боломжит тэмдэг дохионд Иерусалимд Иудейн сүмийг дахин барих, Израильчуудын эсрэг дайсагнал нэмэгдэх, дэлхий нэг засаглалтай байдал руу хүрэх зэрэг орж болох юм. Хамгийн их ач холбогдолтой эцсийн үеийн тэмдэг бол Израиль үндэстэн юм. 1948 онд Израиль МЭ 70 оноос хойш анх удаа онцгойлон тусгаар тогтносон улс болсон нь хүлээн зөвшөөрөгдсөн. Бурхан Абрахамд түүний үр удам нь Канааныг “мөнхийг эзэмшил” болгон хүлээн авна гэж амласан (Эхлэл 17:8) бөгөөд Езекиел Израилийн бодит болон сүнслэг дахин сэргэлтийн тухай эш үзүүлсэн (Езекиел 37 бүлэг). Израиль өөрийн нутагтаа нэг үндэстэн болох нь эцсийн үеийн эш үзүүлэгтэй хамааралтайгаар маш чухал ач холбогдолтой юм. Яагаад гэвэл Израилийн тусгаар улс болох нь эцсийн үетэй холбоотой (Даниел 10:14; 11:41; Илчлэлт 11:8).
Эдгээр тэмдэг, дохионуудыг оюун санаандаа хадгалж эцсийн үеийг найдан хүлээхдээ бид ухаалаг бас хэрсүү байж чадна. Гэвч эдгээр үйл явдлын аль нэгийг нь тайлбарлахдаа энэ нь эцсийн үе тун удахгүй гарцаагүй ирнэ гэж зааж болохгүй. Бурхан бидэнд биднийг бэлтгэлтэй байж болох хангалттай мэдээллийг өгсөн бөгөөд Түүний төлөө, тийм байдалд байхаар бид дуудагдсан билээ.
English
Эцсийн үеийн тэмдэг, дохионууд нь юу байх вэ?