settings icon
share icon
Асуулт

Библи боолчлолыг зөвтгөдөг үү?

Хариулт


Боолчлол гэдэг өнгөрсөн түүхэнд л байсан гэж харах хандлага их бий. Харин тэгтэл өнөөдөр энэ дэлхий дээр 12 сая орчим хүн боолчлолын бай болж буй тухай статистик байна. Үүнд: албадан хөдөлмөр, сексийн худалдаа, өв залгамжлагдсан хөрөнгө гэх мэт. Гэмийн боолчлолоос бүрэн чөлөөлөгдсөн хүмүүс болох Есүс Христийн дагалдагчид өнөөдрийн дэлхий ертөнцөд хүний боолчлолыг төгсгөн дуусгахад тэргүүнд явах баатрууд байх ёстой. Харин үүнтэй хамааралтай нэг асуулт гарч ирнэ. Яагаад Библи боолчлолын эсрэг хатуу ярьдаггүй юм бол? Яагаад бодит байдал дээр Библи хүнийг боолчлох үйл ажиллагааг заримдаа дэмжээд байгаа юм шиг харагддаг вэ?

Библи боолчлолын үйл ажиллагааг онцгойлон хориглосонгүй. Харин боол хүмүүст хэрхэн хандах ёстой вэ гэсэн заавар өгсөн байдаг(Дэд хууль 15:12-15; Eфес 6:9; Колоссай 4:1) бөгөөд үүгээрээ боолчлолыг хориглоогүй мэт харагдана. Олон хүмүүс үүнийг нь Библи боолчлолын бүх төрлийг дэмжиж байна гэж хардаг. Гэвч Библийн үед байсан боолчлол нь өнгөрсөн хэдэн зууны туршид дэлхийн янз бүрийн хэсгүүдэд байсан боолчлолоос маш ялгаатай бөгөөд энэ тал дээр олон хүмүүс буруу ойлгосон байдаг. Библид байдаг боолчлол нь тусгайлсан үндэстэн ястанд хамааралтай байгаагүй. Угсаа гарал юмуу арьсны өнгөнөөсөө болж хүмүүс боолчлогдоогүй. Библийн үед боолчлол гэдэг бол илүү их нийгмийн байр суурийн шинжтэй байсан. Хүмүүсийг өөрсдийн өрөө төлж чадахгүй юмуу гэр бүлээ тэжээж чадахгүй үед боол болгож худалддаг байв. Шинэ гэрээний үед эмч нар, хуульчид, бүр улс төрчид хүртэл хэн нэгний боол байх тохиолдол байсан. Зарим хүмүүс нь үнэндээ өөрсдийн бүхий л хэрэгцээтэй зүйлсээ эзнээрээ хангуулах гэж боол болох замыг сонгодог байжээ.

Өнгөрсөн хэдэн зууны боолчлолын хэлбэр нь үндсэндээ арьсны өнгөн дээр голдуу үндэслэж байв. АНУ-д олон хар хүмүүс өөрсдийн угсаа гарлаасаа болоод боол гэж тооцогдож байсан төдийгүй олон боолын эзэд өөрсдийгөө хар хүмүүсээс дээгүүр байр суурьтай гэж үнэхээр итгэж байсан. Библи үндэс угсаанд тулгуурласан боолчлолыг маш тодорхой хориглосон байдаг. Еврейчүүдийн Египетэд байх үедээ амсаж байсан боолчлолыг авч үзэж болно. Еврейчүүд өөрсдийнхөө сонголтоосоо болоод боол болж байсан бус харин ч Еврей байснаасаа болж байв (Eгипетээс гарсан нь 13:14). Египетчүүдийн дээр буулгасан Бурханы гамшиг нь Бурхан үндэс гарлаар боолчлох явдалд ямар хандаж байсныг тодорхойлно (Eгипетээс гарсан нь 7-11). Тиймээс Библи яах аргагүй боолчлолын зарим төрлийг буруутгадаг байна. Мөн үүний хажуугаар Библи бусад төрлийн боолчлолыг зөвшөөрөөд байгаа юм шиг харагдана. Энэхүү асуудлын гол түлхүүр нь Библийн зөвшөөрсөн мэт харагдаж байгаа боолчлол нь өнгөрсөн хэдэн зуунд дэлхийд тархсан байсан арьс өнгөний боолчлолтой ерөөсөө адилхан биш гэх зүйл.

Нэмж хэлэхэд 19 зууны үед Африкт тохиолдож байсан “хүн-хулгайлах” явдлыг Хуучин болон Шинэ гэрээ хоёулаа хориглодог. Африкчууд боолын ангуучдад бүслэгдэж, боолын худалдаачдад зарагдан, тэр хүмүүс тэднийг Шинэ Ертөнцөд тариалангийн талбай болон фермүүдэд авчирч, ажиллуулдаг байв. Энэ үйл ажиллагаа нь Бурханы жигшлийг төрүүлдэг. Үнэндээ ийм хэрэг хийсэн хүнийг Мосегийн хуулиар алах ял оноодог байв: “Хүн хулгайлагч түүнийгээ зарсан ч бай, эсвэл хулгайлагдсан хүн нь түүний эзэмшлээс олдсон ч бай, хулгайчийг заавал алах ёстой” (Eгипетээс гарсан нь 21:16). Үүнтэй адил Шинэ гэрээнд ч боолын худалдаачдыг эцэг эхээ хороогчид, алуурчид, садар самуун, ижил хүйстэн, худалч, тангаргаасаа няцдаг хүмүүстэй нэг ангилалд оруулж “бурханлаг бус болон нүгэлтнүүд” хэмээн жагсаасан (1 Тимот 1:8-10).

Бас нэг чухал тал нь Библийн зорилго бол авралын тухай заах болохоос нийгмийн шинэчлэлийн тухай биш. Библи ихэвчлэн дотроосоо гадагшаа гэсэн арга барилыг заадаг. Хэрэв хэн нэгэн Бурханы авралыг хүлээн авснаар хайр, энэрэл, Түүний нигүүлслийг мэдэх болсон бол Бурхан түүний сүнсийг шинэчилж, бодох болон үйлдэх арга замыг нь өөрчилдөг. Бурханы авралын бэлэг амсаж, гэмийн боолчлолоос чөлөөлөгдсөн хүн Бурхан түүний сүнсийг шинэчилсэн шиг бусад хүмүүсийг боолчлох нь буруу гэдгийг ухаардаг. Бурханы нигүүлслийг үнэхээр амсаж мэдсэн хүн бусдад нигүүлсэнгүй хандах болдог. Энэ нь л Библийн боолчлолыг устгахын төлөөх үндсэн жор байж болох юм.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Библи боолчлолыг зөвтгөдөг үү?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries