Асуулт
Авъяас болон сүнслэг бэлгийн хоорондын ялгаа юу вэ?
Хариулт
Авъяас болон сүнслэг бэлгийн хооронд ялгаатай тал бас ижил тал ч бий. Хоёул Бурханаас өгөгдсөн бэлэг. Хоёул ашиглах тусам үр дүн нь ихэсдэг. Хоёул өөрийн амин хувийн зорилгын төлөө бус бусдын төлөө ашиглахын тулд өгөгдсөн. 1Коринт 12:7 дээр сүнслэг бэлгүүд нь өөрсдөдөө бус бусдад үр ашигтай байхаар өгөгдсөн гэсэн. Бурханыг болон бусдыг хайрлахтай холбоотойгоор хоёр агуу тушаал байдаг учир хүн өөрийн авъяасаа тэдгээр зорилгын төлөө ашиглах хэрэгтэй болно. Гэхдээ авъяас болон сүнслэг бэлэг нь хэнд, хэзээ өгөгдөж байгаагаараа ялгаатай болдог. Хүнд (тэр хүн нь Христэд эсвэл Бурханд итгэдэг эсэх нь хамаагүй) дараах хэдэн шалтгааны улмаас төрөлхийн авъяас өгөгдсөн байдаг. Үүнд генетикийн холбоо (зарим нь хөгжим, урлаг эсвэл математикт төрөлхийн чадвартай), амьдрах орчин (хөгжимчний гэр бүлд өсөх нь хөгжимтэй холбоотой авъяас хөгжихөд тусламж болдог) зэргийн үр дүн байх юмуу эсвэл Бурхан зарим нэг хүнийг тодорхой авъяастай төрүүлэхийг хүсдэг (жишээ нь Гэтлэл 31:1-6 дээр гардаг Безалел). Сүнслэг бэлэг нь бүх итгэгчдэд Ариун Сүнсээр (Ром 12:3, 6), тэд өөрсдийн гэм нүгэл уучлагдахын төлөө Христэд итгэлээ тавьсан хоромд өгөгддөг. Тэр хоромд Ариун Сүнс тухайн итгэгчдэд байхыг хүссэн сүнслэг бэлэг юмуу сүнслэг бэлгүүдээ өгдөг (1Коринт 12:11).
Ром 12:3-8 сүнслэг бэлгүүдийг дараах байдлаар дурдсан: эш үзүүлэх, бусдад үйлчлэх (ерөнхий утгаараа), заах, ятгах, өглөгч, удирдагч, өршөөл үзүүлэх. 1Коринт 12:8-11 нь мэргэн ухааны үг (сүнслэг мэргэн ухааныг дамжуулах чадвар), мэдлэгийн үг (практик үнэнийг дамжуулах чадвар), итгэл (Бурханд ер бусаар найдах чадвар), гайхамшгуудыг үйлдэх, эш үзүүлэх, сүнсүүдийг ялгах, хэл ярихуй (ер сураагүй хэлээр ярих чадвар) болон хэлүүдийг тайлбарлах чадвар зэрэг бэлгүүдийг жагсаасан. Гурав дахь жагсаалтыг Ефес 4:10-12 хэсэг дээрээс олж болох бөгөөд Бурхан чуулганд Өөрийн элч нар, эш үзүүлэгчид, сайнмэдээ тунхаглагч, хоньчин-багш нар өгсөн тухай өгүүлдэг. Эдгээр жагсаалт адилхан биш байгаа учир ер нь хэдэн сүнслэг бэлэг байдаг тухай асуулт ч гарч ирнэ. Бас мөн энэ библийн жагсаалт нь бүгдийг нь дурдсан биш, Библи дээр дурдаагүй нэмэлт сүнслэг бэлгүүд байж болно ч гэж үзнэ.
Хэдий тухайн хүн өөрийн авъяасаа хөгжүүлж, дараа нь мэргэжил эсвэл сонирхлоо түүний дагуу чиглүүлж болох авч, сүнслэг бэлгүүд нь Ариун Сүнснээс Христийн чуулганыг барьж байгуулахын төлөө өгөгдсөн. Энэ нь бүх Христитгэгчид Христийн сайнмэдээний тэлэлтэнд идэвхтэй нэг хэсэг нь болох ёстойг харуулна. Бүгд “үйлчлэлийн ажилд” оролцохын тулд дуудагдсан бөгөөд бэлтгэгдсэн (Eфес 4:12). Бүгдэд бэлэг өгөгдсөн бөгөөд ингэснээр Христийн тэдний төлөө хийсэн зүйлсэд талархах сэтгэлээсээ Христийн төлөө хувь нэмэр оруулж чадах юм. Ингэснээр Христийн төлөөх өөрсдийн ажлаар дамжуулан тэд мөн амьдралдаа утга учир олж чадна. Чуулганы удирдагчдын ажил нь ариун хүмүүсийг барьж байгуулагдахад нь туслах бөгөөд тэгснээр тэд өөрсдийг нь дуудсан Бурханы үйлчлэлд улам бүр бэлтгэгдэж чадна. Сүнслэг бэлгүүдийн хүсэж буй үр дүн нь чуулганыг бүхэлдээ өсөж, Христийн биеийн гишүүн бүрийн оролцоо бүхий нэгдсэн ажлаар хүчирхэгжиж чадах юм.
Сүнслэг бэлгүүд болон авъяасын ялгаатай талыг дүгнэвэл: 1) Авъяас нь генетикийн эсвэл дадлагын үр дүн байхад сүнслэг бэлэг нь Ариун Сүнсний хүчний үр дүн. 2) Христэч эсвэл Христэч бус хүн хэн ч байсан авъяастай байж чадах бол сүнслэг бэлгүүдийг зөвхөн Христитгэгчид л эзэмшдэг. 3) Авъяас болон сүнслэг бэлэг хоёул Бурханы алдар болон бусдад үйлчлэхийн төлөө хэрэглэгдэж болох авч сүнслэг бэлгүүд нь эдгээр үүрэгт төвлөрдөг бол авъяас нь сүнслэг бус зорилгын төлөө бүхэлдээ хэрэглэгдэх бас боломжтой.
English
Авъяас болон сүнслэг бэлгийн хоорондын ялгаа юу вэ?