Асуулт
Арван Хууль гэж юу вэ?
Хариулт
Арван Хууль нь Бурхан Израилийг Египетээс чөлөөлөгдөн гарсаны дараахан бүх ард түмэндээ өгсөн Библи дээрх арван хууль юм. Арван Хууль бол Хуучин гэрээний хуулийн бичээст буй 613 тушаалуудыг нэгтгэсэн үндсэн гол хэсэг. Эхний дөрвөн хууль нь бидний Бурхантай харилцах харилцааг авч үздэг. Сүүлийн зургаан хууль нь бидний бие биетэйгээ харилцах харилцааг авч үздэг. Арван Хууль нь Библийн Египетээс гарсан нь 20:1-17 болон Дэд хууль 5:6-21 гэсэн хэсгүүдэд бичигдсэн. Үүнд:
1) “Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй.” Энэ нь цор ганц, үнэн Бурханаас өөр ямар нэг бурхан шүтэхийн эсрэг тушаал. Бусад бүх бурхад бол хуурамч бурхад.
2) “Чи өөртөө зориулан шүтээн эсвэл дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан доторх юмны ямар нэг дүрсийг бүү хий. Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний Бурхан ЭЗЭН Би бол хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнх нь нүглийн шийтгэлийг буулгадаг. Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрлээ үзүүлдэг.” Энэ нь Бурханы харагдах төсөөлөл, хиймэл дүрс хийхийн эсрэг тушаал. Бурханыг яг тодорхой зураглах ямар нэг дүрслэл бид бүтээж чадахгүй. Бурханыг дүрсэлсэн хиймэл шүтээн хийх нь хуурамч бурхдад мөргөж буй хэрэг.
3) “Чи өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийг дэмий бүү дурд. Учир нь ЭЗЭН Өөрийнх нь нэрийг дэмий дурдагчийг шийтгэлгүй орхихгүй.” Энэ нь Эзэний нэрийг дэмий дурьдахын эсрэг тушаал. Бид Бурханы нэрийг хөнгөн үзэж хандаж болохгүй. Түүний нэрийг хүндэтгэлтэй, эмээнгүй байдлаар дурьдаснаар Бурханд жинхэнэ хүндэтгэлийг харуулж байгаа юм.
4) “Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун. Зургаан өдөр чи хөдөлмөрлөж, бүх ажлаа хий. Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан ЭЗЭНий амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний мал, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй. Учир нь ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг зургаан өдөрт бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс ЭЗЭН Амралтын өдрийг ерөөн, тэр өдрийг ариун болгосон юм.” Саббат өдрийг тусгаарлаж байгаа тухай тушаал (Бямба гараг буюу долоо хоногын сүүлийн өдөр) бөгөөд Эзэнд өргөгдсөн учир амрах өдөр юм.
5) “Эцэг эхээ хүндэл. Тэгвэл чиний Бурхан ЭЗЭНий чамд өгсөн газар дээр чи урт наслах болно.” Өөрийн эцэг эхдээ хүндэтгэл, хайраа харуулан хандах тушаал юм.
6) “Чи хүн бүү ал.” Энэ бол өөр хүнийг санаатайгаар хороохын эсрэг тушаал юм.
7) “Чи бүү завхайр.” Энэ бол өөрийн гэрлэсэн нэгнээсээ өөр хэн нэгэнтэй сексийн харилцаатай байхын эсрэг тушаал.
8) “Чи бүү хулгайл.” Энэ бол өөрийнх нь биш ямар нэг зүйлийг эзэмшиж байгаа хүний зөвшөөрөлгүй авахын эсрэг тушаал.
9) “Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил.” Энэ бол өөр нэг хүний тухай худал гэрчлэхийг хориглосон тушаал. Үндсэндээ худал хэлэхийн эсрэг тушаал мөн.
10) “Чи хөршийнхөө гэр оронд бүү шунахайр. Чи хөршийнхөө эхнэр болон түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шунахайр гэв.” Өөрийнх биш ямар нэг юмыг хүсэж тэмүүлэхийн эсрэг тушаал. Шунан тэмүүлэх нь дээр дурьдагдсан аллага, завхайрал, хулгай гэх мэтийн нэгийг зөрчихөд хүргэнэ. Хэрэв ямар нэг зүйлийг хийх нь буруу бол, яг тэр зүйлийг хийхээр хүснэ гэдэг буруу болно.
Олон хүмүүс Арван Хуулийг сайн сахих юм бол үхлийн дараа тэнгэрийн улсад орох бүрэн баталгааг өгсөн дүрэм журмын багц гэж буруу хардаг. Үүнтэй харьцуулахад Арван Хуулийн зорилго нь Хуулийг бүрэн төгс сахиж чадахгүй (Ром 7:7-11) бөгөөд тийм болохоор Бурханы энэрэл, нигүүлсэл зайлшгүй хэрэгцээтэй гэдгийг мэдүүлэхээр өгөгдсөн гэж үзэж болно. Матай 19:16 дээр буй баян залуу удирдагчын хэлсэнээс өөр хэн ч Арван Хуулийг төгс сахиж чадаагүй (Номлогчын үгс 7:20). Арван хууль нь бид бүгд гэм нүгэл үйлдсэн (Ром 3:23), тийм учраас Бурханы энэрэл, нигүүлсэл зайлшгүй хэрэгцээтэй, энэ нь зөвхөн Есүс Христэд итгэх итгэлээр л боломжтой гэдгийг дүрслэн харуулдаг.
English
Арван Хууль гэж юу вэ?