Асуулт
Хүлээн Зөвшөөрөгдсөн Бичвэр (Textus Receptus) гэж юу вэ?
Хариулт
Латин хэлээр Textus Receptus буюу “Хүлээн Зөвшөөрөгдсөн Бичвэр” гэж нэрлэдэг хувилбар бол грек хэл дээрх Шинэ гэрээний нэг юм. Шинэчлэлийн үед Библийг бусад хэл рүү орчуулахдаа энэ хувилбарыг үндсэн эх бичвэр болгож байжээ. Бичвэрийн хувьд алдаагүй Шинэ гэрээний Грек хувилбарын шаардлагыг хангах зорилгоор 16-р зууны үед энэхүү гараар хуулаагүй, хэвлэмэл хувилбарыг гаргаж байсан түүхтэй. Христийн тухай мэдээг бусад орнуудад хүргэх үед итгэгчид Шинэ гэрээний номуудыг авч яваад зогсохгүй сайнмэдээг хүргэж байгаа ард түмнийхээ хэл рүү Шинэ гэрээг орчуулдаг байлаа. Ингэхдээ эх бичвэрийг гараар хуулж авдаг байсан агаад тухайн хуулах ажлын нарийн чадварт суралцаагүй итгэгчид алдаа мадаггүй эсэх талаар бага анхаардаг байжээ. Олон хэл дээр олон хувилбар гарах тусам хоорондын ялгаа, зөрүү илэрхий олширч ирсэн ба яваандаа эх бичвэрийн шүүмжийг хийх хэрэгцээ шаардлага гарч ирсэн байдаг.
Зөөдөг үсгийн хэвлэх машиныг 15-р зууны дунд үед зохион бүтээсэн нь бичиг үсгийн ертөнцөд том хувьсгал авчирсан гэдгийг хэлэх нь илүүц биз. Ингээд 1456 онд хэвлэгдсэн анхны Библи нь латин хэл дээрх Вулгата (Vulgata) байжээ. Үүнийг Гутенбергийн Библи гэдгээр хүмүүс мэддэг. Тухайн цаг үеийн Библийн эрдэмтэд грек хэл дээрх Шинэ гэрээг нэг их анхаардаггүй байсан бөгөөд латин хэл дээрх Вулгата л тэдний Библи нь байв.
Гэвч хэдэн зууны туршид үл мэдэгдэх хэл байж ирсэн грек хэл 15-р зууны сүүлээр барууны улсууд буюу латин хэлтэй сүм дуган бүхий бүс нутагт сэргэж эхэлжээ. Тухайн үеийн ард түмний голлох хэл болж байсан грекийг дахин судлан нээснээр латин хэл дээрх Вулгата орчуулгыг грек эх хувьтай нь харьцуулах шүүмжлэлт судалгаа хийгдэх болов. Эрдэмтэд Вулгата орчуулгаас олон тооны буруу орчуулга, илэрхий алдааг олж илрүүлсэн бөгөөд энэ явдал нь Шинэ гэрээний эх бичвэрийг эх грек хэлээр нь хэвлэн гаргах шалтгаан болсон юм.
15-р зуунд Голландын теологич Эрасмус (Erasmus) Испанид хэвлэхээр бэлтгэгдэж байсан бас нэг Грек Шинэ Гэрээнээс түрүүлж гаргахын тулд өөрийн олж чадах гараар хуулсан Грек эх бичвэрүүдийг маш хурдан цуглуулж эхэлсэн. Тэрээр ихэнх нь 12-р зууны үед хамаарах тав юмуу зургаан гар бичмэлийг олж авч, чадах чинээгээрээ хурдан нэгтгэхдээ гар бичмэлүүдийг галигласангүй, харин эх хуулбарууд дээр зүгээр тэмдэглэл хийгээд, хэвлэлтэд явуулсан байдаг. Ингээд бүтэн Шинэ гэрээ 6-8 сарын дотор буюу 1516 онд хэвлэгдсэн байна. Алдаа мадаг байсан хэдий ч хамгийн өндөр борлуулалттай ном болж, эхний хэвлэлт удалгүй дуусчээ. Хоёр дахь хэвлэлтийг 1519 онд гаргахдаа зарим алдааг засаж оруулсан байдаг.
Улмаар Эрасмус 1527, 1535 онуудад хоёр засварласан хувилбар гаргажээ. Түүний бүтээл нь олон тооны текстийн алдаатай гэсэн шүүмжлэлээс болж, тэрээр сүүлийн засвартаа Испанид хэвлэгдсэн Грек Шинэ гэрээнээс зарим хэсгийг нь нэмж оруулсан байдаг. Эрасмусын грек текст Библи орчуулгын талбарт стандарт болж, 1536 онд түүнийг нас барснаас хойш ч бусад засварлагчид болон хэвлэгчид ажлыг нь үргэлжлүүлсээр байжээ. Ингээд 1633 онд бас нэг засварласан хувилбар гарсан бөгөөд энэхүү хувилбарын хэвлэлийн өмнөх үгэнд латин хэлээр “Textum ergo habes, nunc ab omnibus receptum” буюу “одоо (уншигчид) бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн бичвэртэй боллоо” гэж бичигдсэнийг олж харж болно. Энэхүү хэвлэгчийн тэмдэглэлээс “Хүлээн Зөвшөөрөгдсөн Бичвэр” гэдэг үгс тогтож, энэ хувилбар нь дараагийн 250 жилийн туршид Шинэ гэрээний голлох грек эх бичвэр болсон. Харин 1881 онд Весткотт, Хорт нарын хэвлүүлсэн Грек Шинэ гэрээ гарах үед “Хүлээн Зөвшөөрөгдсөн Бичвэр” зонхилох байр сууриа алдсан юм.
Библийн текстийн тайлбар болох гол эх бичвэр гэгдэх байр сууриа алдсан шалтгаан нь эх бичвэрийн шүүмжийн үүсэлтэй холбоотой. Энэ хугацаанд нөлөө бүхий эрдэмтэд шүүмж бүхий бичвэрийг (critical text) хүлээн зөвшөөрөх замыг засаж иржээ. Весткотт ба Хорт нарын бүтээл нь Хүлээн Зөвшөөрөгдсөн Бичвэр хувилбарыг ноёлох байр сууринаас нь буулгаж, шүүмж бүхий бичвэрийн гол зарчмыг бий болгосон. Гэхдээ “Хүлээн Зөвшөөрөгдсөн Бичвэр” бол теологийн болон хэрэглээний хувьд аль ч талаасаа “муу” эсвэл “буруу” бичвэр гэсэн үг биш. Харин мэргэжлийн үүднээс авч үзвэл энэ хувилбар жинхэнэ эх бичвэрээс нилээд хол юм. Тиймээс энэхүү яаран цуглуулж нэгтгэсэн хувилбарыг Шинэ гэрээний номуудын бичмэл эх хувилбартай адил, нотолгоотой хувилбараар солих бэрхшээлтэй ажилд эрдэмтэд 300 жилийг зарцуулж байж ялжээ.
Олон хүн Жеймс Хааны Хувилбарыг (King James Version) англи хэл дээрх Библийн манлай гэж үздэг. Тэртээ 17-р зууны эхэн үед энэ орчуулгыг хийхдээ ашигласан грек текст нь “Хүлээн Зөвшөөрөгдсөн Бичвэр” байсан юм. Лютер болон Тиндейль нарын хэн хэн нь Библийг нутгийнхаа хэл рүү орчуулахдаа мөнөөх л грек текстийг ашигласан байдаг. Лютер орчуулгадаа Эрасмусын Шинэ гэрээний хоёр дахь хэвлэлтийг, харин Тиндейль гурав дахь хэвлэлтийг ашигласан юм.
Тиймээс “Хүлээн Зөвшөөрөгдсөн Бичвэр” хувилбарын талаар хүмүүс юу гэж үзэхээс хамааралгүйгээр энэ нь Бурханы амьсгалсан Үгийг олон зууны туршид хадгалах их үйлсэд үлэмж нөлөө үзүүлсэн гэдгээрээ ач холбогдолтой. Бурханы үгийг судлагч оюутан, эрдэмтдийн хувьд “Өөрийгөө ичих зүйлгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэдгээ Бурханд батлан харуулахын тулд хичээн суралц” (2Тимот 2:15) гэсэн Библийн үүрэг даалгаврыг гүйцэтгэхийн тулд эх бичвэрийн шүүмжийн зарчмыг ашиглах нь их чухал.
English
Хүлээн Зөвшөөрөгдсөн Бичвэр (Textus Receptus) гэж юу вэ?