Асуулт
Бурхан яагаад Есүсийг яг тухайн үед илгээсэн бэ? Яагаад өмнө нь биш гэж? Яагаад дараа нь биш гэж?
Хариулт
“Харин цаг нь болоход эмэгтэй хүнээс хуулийн дор төрөх Хүүг Бурхан илгээсэн юм” (Галат 4:4). Эцэг Бурхан Хүү Есүсээ “цаг нь болоход илгээсэн” гэж дээрх ишлэл тунхаглаж байна. Тухайн үеийн нэгдүгээр зуунд маш олон зүйлс тохиолдож байсан бөгөөд ядаж л хүний шалтгаанлаг сэтгэлгээгээр бодоход Христ тухайн үед ирэх нь тохирох байж гэж харагддаг.
1) Мессиаг ирнэ гэсэн том хүлээц тухайн үеийн иудейчүүдийн дунд байсан. Ром улс Израилийг захирах болсон нь иудейчүүд Мессиа ирэхийг тэсгэл алдан хүлээхэд хүргэсэн.
2) Ром дэлхийн ихэнх хэсгийг өөрийн засаг захиргаан дороо нэгтгэсэн нь олон газар нутагт эв нэгдлийн мэдрэмж төрүүлж байв. Мөн уг эзэнт гүрэн харьцангүй амар тайван байсан учир аялал жуулчлалыг хөгжүүлж, анхны итгэгчдэд сайнмэдээг тараах боломжийг олгосон.
3) Ром цэргийн хүчээр байдлан дагуулсан бол Грек соёлоор байлдан дагуулсан байлаа. Грек хэлний “хар ярианы” хэлбэр (сонгодог Грек хэлнээс ялгаатай) худалдаа наймааны хэл болж, эзэнт гүрэн даяар хэрэглэгдэж байсан нь сайнмэдээг олон янзын бүлэг хүмүүст нийтлэг хэлээр дамжуулан тархаах боломжтой болгосон.
4) Олон хуурамч шүтээнүүд Ромын байлдан дагуулагчдад ялахад нь ашиг тусаа өгөөгүй шалтгаанаар олон хүмүүс эдгээр шүтээнд мөргөхөөс татгалзахад хүргэсэн. Үүнтэй зэрэгцэн, илүү “соёлжсон” хотуудад тухайн үеийн грекийн философи, шинжлэх ухаан нь хүмүүсийг сүнсний хоосролд оруулж байсан нь өнөөгийн коммунист засгийн газартай орнуудын шашингүй үзэл (атейзм) хүмүүсийг сүнсний цангаасалд оруулж байгаатай адил байв.
5) Тухайн үеийн олон учир битүүлэг шашин аврагч-бурханыг онцолж, мөргөлчдөөс цусан тахил өргөхийг шаардаж байсан нь нэг удаагийн бүрмөсөн тахил болох талаар өгүүлэх Христийн сайнмэдээ тэдэнд итгэж болохуйц болсон байжээ. Грекчүүд мөн сүнсний үхэшгүй байдалд (бие махбодийн биш) итгэсэн байв.
6) Ромын арми янз бүрийн мужаас цэрэгт татаж тэдэнд Ромын соёл болон үзэл баримтлал (сайнмэдээ гэх мэт) танилцуулж байсан нь тухайн үед хүрээгүй байсан хязгаар мужуудад хүрэх бололцоо олгожээ. Британид сайнмэдээ хамгийн эрт танилцуулсан нь тэнд байрласан Христитгэлт цэргүүдийн хичээл зүтгэлийн үр дүн байсан гэж үздэг.
Дээрх нотолгоо нь чухам тухайн түүхэн цаг үед яагаад Христ ирэхэд тохирох сайн цаг байсныг хүмүүс эргэцүүлж гаргасан дүгнэлтүүд юм. Гэвч Бурханы арга замууд нь бидний арга зам шиг биш гэдгийг (Исаиа 55:8) бид ойлгодог бөгөөд Бурхан яагаад Өөрийн Хүүгээ илгээхээр тэр цаг үеийг онцлон сонгосныг тайлбарлахад эдгээр шалтгаан зөв дүгнэлт мөн ч байж болно, үгүй ч байж болох юм.
Галат 3 болон 4-р бүлгийн хам сэдвээс харахад Бурхан Иудейн хуулийг Мессиагийн ирэлтэнд бэлтгэх суурь болгон тавихыг эрэлхийлсэн нь тодорхой байна. Хууль нь хүмүүсийг өөрсдийн гэм нүглийн хэр гүнзгий болохыг ойлгоход туслах (үүнд тэд Хуулийг сахин биелүүлэх чадваргүйгээ ухаарах), ингэснээр Мессиа Есүсээр ирэх гэм нүглийн эдгэрлийг даруй шууд л хүлээн авахад бэлэн болгох явдал байв (Галат 3:22-23, Ром 3:19-20). Хууль нь мөн хүмүүсийг Мессиа болох Христ уруу удирдах “зааварчлага болов” (Галат 3:24). Хууль нь үүнийгээ Есүсийн гүйцэлдүүлсэн Мессиагийн талаарх олон эш үзүүллэгүүдээр биелүүлсэн. Үүн дээр нэмж тахилын систем байгаа бөгөөд энэ нь нүгэлд тахил шаардлагатайг илэрхийлэхийн сацуу уг тахил нь өөрөө хэзээ ч хангалтгүй (тахил бүр нь дахин дахин өргөхийг шаарддаг байв) гэдгийг харуулж байв. Мөн Хуучин Гэрээний түүх нь хэд хэдэн үйл явдал болон шашны баярууд (Абрахамын хүү Исаакаа өргөх гэсэн тэмүүлэл, Египетээс гарах гэтлэлийн үеийн Алгасал баярын нарийвчилсан заавар гэх зэрэг) зэргээр Христийн мөн чанар ба ажлыг зураглан будаж дүрсэлсэн.
Эцэст нь хэлэхэд, Христ яг тухайн үед ирэхдээ маш тодорхой зөгнөлийг биелүүлсэн. Даниел 9:24-27 хэсэгт “далан долоо хоног”, эсвэл далан “долоонууд” зэргийн тухай өгүүлдэг. Хам сэдвээс нь харвал “долоо хоногууд”, эсвэл “долоонууд” зэргээр долоон өдрийг биш тус бүр нь долоон жилийг агуулсан бүлгүүдийг дурдаж байна. Бид түүхийг нягталж, эхний жаран есөн долоо хоногуудын нарийн ширийн хэсгүүдийг жагсаан харж болно (дал дахь долоо хоног нь ирээдүйд бий болох болно). Далан долоо хоногийг тоолж эхлүүлэх нь “Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас” аж (25-р ишлэл). Уг тушаалыг Артаксеркс Лонгиманус МЭӨ 445 онд гаргасан (Нехемиа 2:5-г үз). Долоон “долоо” дээр нэмэх нь 62 “долоо” буюу 69-ийг 7-р үржүүлсэн жилийн дараа “Тослогдсон Нэгэн таслагдаж, юу ч үгүй болно. Хожим ирэх Жононгийн ард түмэн хот хийгээд ариун газрыг эвдэх болно”, мөн “төгсгөл нь үерээр ирж” (гол сүйрэл гэсэн утгатай) хэмээн эш үзүүлсэн (26-р ишлэл). Нэг зуун жилийн өмнө бичсэн “Ирж буй Хунтайж” номондоо ноён Роберт Андерсон жаран есөн долоо хоногийг “эш үзүүллэгийн жилүүд” ашиглан хийж, өндөр жилүүдийг оруулан, календарь дахь алдаануудыг бодож, МЭӨ тооллоос МЭ тоололд шилжсэн зэргийг нарийвчлан тооцож үзсэн чинь жаран есөн долоо хоног нь Есүсийн үхлээс таван өдрийн өмнөх Түүний Иерусалим руу сүр жавхлантайгаар орсон яг тэр өдөр дуусан болохыг дурдсан. Хэдий энэ тооцооллын хүснэгтийг ашиглах эсэхээс хамаарахгүйгээр Христийн биежилтийн цаг үе нь Түүнийг ирэхээс 500 гаруй жилийн өмнө бичигдсэн Даниелын нарийвчлал бүхий зөгнөлтэй тохирч байгаа нь л гол санаа юм.
Хүн төрхөөр Христ ирсэн цаг нь сайн тохирсон байсныг тухайн үеийн хүмүүс Түүний ирэлтэнд бэлтгэгдсэн байснаас мөн харж болно. Ирэлтийнх нь талаар Бичвэрт нарийн дэлгэрэнгүй эш үзүүлэгдэж, зурагдлагдсаар Есүсийг үнэндээ амлагдсан Мессиа болохыг нотлох арвин их баримтууд зуун зууны туршид хүмүүст хангалттай байсаар ирсэн.
English
Бурхан яагаад Есүсийг яг тухайн үед илгээсэн бэ? Яагаад өмнө нь биш гэж? Яагаад дараа нь биш гэж?