Асуулт
Илчлэл номыг би яаж ойлгох вэ?
Хариулт
Библийг тайлах, ялангуяа Илчлэл номыг ойлгох гол түлхүүр нь тууштай хермениутик хэрэглэх явдал юм. Хермениутикс гэдэг нь тайллын зарчмуудыг судлах ухаан. Өөрөөр хэлбэл, таны Бичвэрийг тайлах арга зам юм. Бичвэрийн энгийн хермениутик эсвэл энгийн тайлал нь тухайн зохиогч тухайн ишлэл юмуу багц хэсэгт уран сайхны зүйрлэл хэрэглээгүй гэдэг нь тодорхой аваас ердийн утгаар нь ойлгох хэрэгтэй гэж үздэг. Хэрэв өгүүлбэрийн энгийн утга нь ойлгомжтой бол бид өөр утгыг хайх ёсгүй. Түүнээс гадна, тухайн зохиогч Ариун Сүнсний удирдлага дор яг л бичигдсэн шигээ ойлгогдох ёстой гэсэн нь тодорхой байхад тэдгээр үгс болон хэлцүүдэд бид өөр утга оноож, Бичвэрийг сүнслэгжүүлэхгүй байх ёстой.
Үүний нэг жишээ бол Илчлэл 20. Мянган жилийн хугацаа гэдэгт олон хүмүүс янз бүрийн утга өгдөг. Гэсэн хэдий ч мянган жилийн хугацаа нь бодитой мянган жилийн хугацааг л ярьж байгаа гэхээс өөр ямар нэг утгыг хэл шинжлэлийн зүгээс үүнд нэмэх боломжгүй.
Илчлэл номын энгийн тойм нь Илчлэл 1:19 ишлэлээс харагддаг. Эхний бүлэгт амилсан бөгөөд өргөмжлөгдсөн Христ Иохантой ярилцдаг. Христ Иоханд "...чи юу харснаа, юу байгааг болон эдгээрийн дараа юу тохиолдохыг бичигтүн" гэдэг. Иоханы аль хэдийн үзсэн зүйлс нь 1-р бүлэгт тэмдэглэгдсэн байна. "Юу байгаа" (Иоханы өдрүүдэд болж байсан) нь 2-3 бүлэгт бичигдсэн (чуулгануудад захидал байдлаар). "Дараа нь юу тохиолдох" (ирээдүйн зүйлс) нь 4-22 бүлэгт тэмдэглэгджээ.
Ерөнхийд нь харвал Илчлэл 4–18 бүлэгт дэлхий дээрх хүмүүсийг шүүх Бурханы шүүлтүүдийг харуулдаг. Эдгээр шүүлтүүд нь чуулганд зориулагдаагүй (1Тесалоник 5:2, 9). Шүүлтүүд эхлэхээс өмнө чуулган нь өргөгдөлт гэж нэрлэгддэг үйл явдлаар дэлхийгээс авагдсан байх болно (1Тесалоник 4:13-18; 1Коринт 15:51-52). 4–18 бүлгүүд нь "Иаковын зовлон" гэж нэрлэгддэг Израилийн зовлонгийн үеийг дүрсэлдэг (Иеремиа 30:7; Даниел 9:12, 12:1). Энэ нь мөн Бурхан Өөрийнх нь эсрэг боссон үл итгэгчдийг шүүх үе мөн.
19-р бүлэг нь Өөрийн сүйт бүсгүй болох чуулгандаа Христийн эргэн ирж буйг дүрсэлдэг. Тэр араатан болон хуурамч эш үзүүлэгчийг ялж, тэднийг галт нууранд хаядаг. 20-р бүлэгт Христ Сатаныг хүлж, Оёоргүй гүнд хаядаг. Дараа нь Христ мянган жил үргэлжлэх Өөрийн хаанчлалаа дэлхий дээр байгуулдаг. 1000 жилийн эцсээр Сатан суллагдаж, тэр Бурханы эсрэг бослогыг удирддаг. Тэр маш хурдан ялагдаж, галт нуурт хаягдана. Эцэст нь нэг сүүлчийн шүүлт эхэлж, бүх үл итгэгчдийг шүүн, тэд ч мөн галт нуурт хаягдана.
21, 22-р бүлгүүдэд мөнхийн төлөв гэж тодорхойлогддог зүйлсийг дүрсэлнэ. Эдгээр бүлгүүдэд Бурхан Түүнтэй хамт үүрд мөнх байна гэдэг ямар байхыг хэлж өгдөг. Илчлэл ном нь ойлгогдох боломжтой. Хэрэв үүний утга нь бүхэлдээ нууц байсан бол Бурхан бидэнд үүнийг өгөхгүй байх байсан. Илчлэл номыг ойлгох түлхүүр нь үүнийг аль болох хадмал, шууд утгаар нь тайлбарлах явдал юм. Өөрөөр хэлбэл хэлж зүйлээ л хэлж байгаа гэсэн үг.
English
Илчлэл номыг би яаж ойлгох вэ?