Асуулт
Бурхан өнөөдөр ч хүмүүст үзэгдлүүдийг харуулсаар байна уу?
Хариулт
Бурхан өнөөдөр ч хүмүүст үзэгдэл харуулж чадах уу? Тийм! Бурхан өнөөдөр ч хүмүүст үзэгдэл харуулсаар байгаа юу? Магадгүй. Бид үзэгдлүүдийг байнга л тохиолдож байх ёстой гэж хүсэн хүлээж чадах уу? Үгүй. Библид бичигдсэн шиг Бурхан хүмүүстэй олон удаа үзэгдэл хэмээх арга барилаар ярьсан байдаг. Жишээлбэл Иаковын хүү Иосеф, Марийн нөхөр Иосеф, Соломон, Исаиа, Езекиел, Даниел, Петр болон Паул. Иоел үзэгдлүүдийг дүүрэн асгах тухай эш үзүүлсэн бөгөөд үүний биелэл Үйлс 2 бүлэгт элч Петрээр баталгаажсан. Зүүд болон үзэгдлийн ялгаа нь үзэгдэл бол хүнийг сэрүүн байх үед өгөгддөг бол зүүд нь хүнийг унтаж байхад өгөгддөг гэдгийг санаж байх нь чухал.
Дэлхийн олон янзын газар оронд Бурхан үзэгдлүүд болон зүүдийг нэлээд ашиглаж байгаа мэт харагддаг. Сайн мэдээ сонсох боломжгүй, бага тархсан газар нутгуудад, Библи байхгүй хүмүүст Бурхан Өөрийн мэдээгээ зүүд, үзэгдлүүдийг ашиглан шууд хүргэж байна. Энэ нь Христитгэлийн тархаж эхэлсэн анхны үеүүдэд Бурхан Өөрийн үнэнийг хүмүүст илчлэхдээ зүүд үзэгдлийн жишээг байнга хэрэглэж байсан библийн жишээтэй бүрэн нийцтэй харагддаг. Хэрвээ Бурхан Өөрийн мэдээгээ хүмүүст хүргэхийг хүсэх юм бол Тэрбээр миссионер, тэнгэр элч, үзэгдэл эсвэл зүүд гэх мэт хэрэгцээтэй ямар ч арга барилаа ашиглаж чадна. Мэдээж хэрэг Бурхан бас сайн мэдээ нь өргөн хүрээгээр тархсан газар нутагт ч үзэгдлийг өгөх чадвартай. Бурханы хийж чадах зүйлд хязгаар байхгүй.
Гэхдээ үүний хажуугаар үзэгдлүүд болон үзэгдлүүдийг тайлбарлах аргатай холбоотой зайлшгүй анхаарах зүйл байна. Библи аль хэдийн бүрэн төгссөн бөгөөд бидний мэдэх хэрэгцээтэй бүх зүйлийг библи хэлэх боломжтой гэдгийг ой тойндоо байлгах ёстой. Тулгуур үнэн нь хэрвээ Бурхан үзэгдэл өгсөн гэж үзвэл Түүний Өөрийн үгэндээ өмнө нь аль хэдийн илчилсэн үнэнтэй бүрэн нийцтэй байх ёстой. Бурханы урьд нь өгсөн Үгнээс үзэгдэл нь илүү эрх мэдэлтэй, эсвэл тэгш эрх мэдэлтэй байх боломжгүй. Бурханы Үг нь бидний Христэч итгэл болон үйл ажиллагаан дахь туйлын эрх мэдэл болдог. Хэрвээ та үзэгдэл үзсэн бөгөөд магадгүй Бурхан таньд өгсөн гэж бодож байвал таны үзэгдэл Бичээстэй нийцтэй эсэхийг шалган үзээрэй. Тэгээд тухайн үзэгдэлтэй хамаатай ямар хариу үйлдэл гаргахыг Бурхан танаас хүсч буйг залбиран тунгаах хэрэгтэй (Иаков 1:5). Бурхан тухайн хүнд үзэгдэл өгсөн бол үзэгдлийн утга учрыг нь нууцлах учир байхгүй. Бичээст, тухайн хүн Бурханаас үзэгдлийнх нь утга учрыг асуух үед Бурхан зайлшгүй тайлбарлан харуулах болно гэсэн (Даниел 8:15-17).
English
Бурхан өнөөдөр ч хүмүүст үзэгдлүүдийг харуулсаар байна уу? Итгэгч хүмүүс тэдний Христэч амьдралын туршлагын нэг хэсэг болгож заавал үзэгдэл авсан байх хэрэгтэй юу?