Мөрийтэй тоглоомын талаар Библи юу гэж хэлдэг вэ? Мөрийтэй тоглох нь гэм үү?




Асуулт: Мөрийтэй тоглоомын талаар Библи юу гэж хэлдэг вэ? Мөрийтэй тоглох нь гэм үү?

Хариулт:
Мөрийтэй тоглох гэдэг нь “ямар нэгэн таамаглахад бэрхшээлтэй, эрсдэл ихтэй зүйлээр мөнгөө үржүүлэх оролдлого хийн мөнгө зарцуулах” гэж тодорхойлогдож болно. Библи мөрийтэй тоглох, мөрий тавих эсвэл хонжворт сугалаа гэх мэтийг нэр заан хориглоогүй. Гэвч мөнгөний хайраас хол байхыг Библи бидэнд анхааруулсан(1Тимот 6:10; Еврей 13:5). Бичээст бас “түргэн баяжих” гэсэн оролдлогоос зайлсхийхийг урамшуулдаг(Сургаалт үгс 13:11; 23:5; Номлогчын үгс 5:10). Мөрий тавьж тоглох нь ихэнхдээ мөнгийг хайрлах байдал дээр үндэслэх юмуу эсвэл хурдан амархан баяжих гэсэн оролдлого байдаг нь няцаашгүй зүйл юм.

Мөрийтэй тоглохын юу нь буруу вэ? Мөрий тавих гэдэг нь шийдвэрлэхэд нэлээд бэрхшээлтэй асуудалд орно. Яагаад гэвэл өнөө үед энэ үйлдлийг буруутгах цор ганц шалтгаан мөнгө хамаа намаагүй үрэхэд л байдаг болохоос бусдаар бол “хорон” муу гэм нүгэл гэж нэрлэх шаардлагагүй гэж үздэг. Мөрийтэй тоглох нь ихэнхдээ кино үзэх, тансаг биенд хэрэгцээгүй хоол идэх, эсвэл ямар ч хэрэглэх шаардлагагүй үнэ цэнэтэй зүйл худалдан авахтай ялгаагүй мөнгө үрж байгаа хэрэг гэж боддог. Иймэрхүү байдлаар бусад үйлдэлтэй адилхан л мөнгө үрэх асуудал гэж мөрийтэй тоглохыг бас зөвтгөж болохгүй. Мөнгө гэдэг дэмий үрэгдэх ёсгүй зүйл. Илүүдэл мөнгийг ирээдүйн хэрэгцээний төлөө хадгалах юмуу эсвэл Эзэний ажилд зориулахаас бус мөрийтэй тоглоход зарцуулж болохгүй.

Библи дээрх мөрийтэй тоглоом: Библи яг тодорхой мөрийтэй тоглоомын талаар дурьдаагүй боловч “аз” эсвэл “боломж” үзэх тоглоом мэт зүйлсийн талаар дурьдсан. Жишээлэхэд Левит номонд тахил өргөх ямаа, цөл рүү явуулах ямааг сонгохын тулд шавга хаях үйлдэл хэрэглэгдсэн байдаг. Иошуа олон овгийн хүмүүст ямар газар өгөхөө тогтоохын тулд шавга хаясан. Нехемиа хэн Иерусалимын хэрмийн дотор, хэн гадна амьдрахыг тодорхойлохын тулд шавга хаясан байдаг. Элч нар Иудагийн элчийн орыг залгамжлах хүнийг тогтоох гэж шавга хаясан. Сургаалт үгс 16:33 “Шавга хаявч шийдвэр бүр нь ЭЗЭНээс ирдэг” гэсэн байна. Гэвч Библийн хаана ч ийм мөрийтэй тоглоом гэх мэт “боломж” үзэх нь Бурханы дагалдагчдын хувьд гол шийдвэрлэх зөвшөөрөгдсөн арга барил байсан гэж тодорхойлон хэлээгүй.

Казино болон хонжворт сугалаа: Казино тоглоомчдыг аль болох их хэмжээний мөнгөө үрж зарцуулахын тулд хорхойг нь хүргэх янз бүрийн маркетингийн төсөл төлөвлөгөөг хэрэглэдэг. Тэд байнга хямдхан эсвэл ямар ч үнэгүй архи, согтууруулах ундааны зүйлс санал болгож, тэднийг согтоон, ухаалаг шийдвэр гаргах чадварыг нь бууруулдаг байна. Казино доторх бүхий л зүйлс их хэмжээний мөнгө бусдаас өөртөө бүрэн ашигтайгаар авч, өөр юу ч үлдээхгүй хоослон, зөвхөн хоосон зугаа цэнгэл хөөлгөхөд зориулагдсан байдаг. Хонжворт сугалаанууд бол нийгмийн ямар нэг программ юмуу эсвэл боловсролыг дэмжих сан үүсгэх гэх мэт зүйлсээр өөрсдийгөө далдлах гэж оролддог. Тийм боловч хонжворт сугалаанд оролцож байгаа хүмүүсээс авсан судалгааг харвал ихэнх нь тухайн хонжворт сугалааг ч худалдан авах чадалгүй шахам хүмүүс байдаг байна. “Хурдан баян болох” гэсэн шохоорхол, уруу татлагыг эдгээр цөхөрсөн хүмүүс даван туулахад дэндүү хэцүү байх нь тодорхой. Хожих боломж бол хязгааргүй бага бөгөөд үүний үр дүнд олон хүмүүсийн амьдрал сүйрдэг байна.

Яагаад хонжворт сугалаа Бурханд тааламжгүй вэ: Олон хүмүүс хонжворт сугалаанд оролцох юмуу мөрийтэй тоглоом тоглоод олсон мөнгөө чуулганд өгөх юмуу бусад сайн зүйлсэд зориулна гэж хэлдэг. Хэдийгээр энэ нь сайхан хандлага мэт харагдаж байгаа ч цөөхөн нь бурханлаг зорилгын дагуу олсон мөнгөө хэрэглэдэг байна. Судалгаанаас харвал мөрийтэй тоглоом юмуу ямар нэгэн хонжворт сугалаанд их мөнгө хожсон хүмүүсийн санхүүгийн нөхцөл нь хэдэн жил өнгөрсний дараа тухайн хожихоос өмнөх нөхцлөөсөө хамаагүй долоон дор болсон байдаг байна. Үнэндээ цөөхөн нь мөнгөө сайн үйлсийн төлөө өгдөг байна. Цаашилбал Бурханы Өөрийнх нь сайн мэдээ дэлхийд тарах үйлсэд бидний мөнгө шаардлагатай биш. Сургаалт үгс 13:11-д “Луйвраар олсон эд хөрөнгө хорогдоно. Харин хүч хөдөлмөр шингэсэн бол арвижна” гэсэн. Бурхан энэ дэлхий дээгүүр туйлын хэмжээлшгүй эрх мэдэлтэй байдаг учир Өөрийн чуулганы хэрэгцээгээ шударга арга замаар хангах нь тодорхой. Бурхан хар тамхи зарсан мөнгө, эсвэл банк дээрэмдсэн мөнгийг өргөлөөр авч алдаршина гэж үү? Түүнтэй адилаар Бурхан ядуугийн зовлонтой хүмүүс баян болох гэсэн хүслээр нь “дээрэмдэж” авсан мөнгийг хүсэхгүй эсвэл хэрэглэхгүй нь тодорхой.

1Тимот 6:10 бидэнд "Учир нь мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн. Зарим хүмүүс үүнийг хүссэнээр итгэлээсээ төөрөн одож, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ" гэж анхааруулсан. Еврей 13:5 "Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй” гэж айлдсан" гэж тунхаглаж байна. Матай 6:24 "Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй" гэж бичсэн байна.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Мөрийтэй тоглоомын талаар Библи юу гэж хэлдэг вэ? Мөрийтэй тоглох нь гэм үү?