Асуулт
Урьдаас товлолт гэж юу вэ? Энэхүү товлолт нь библийн дагуу мөн үү?
Хариулт
Ром 8:29-30 “Тэр Өөрийнхөө Хүүг олон ах дүүсийн дунд ууган нь байлгахын тулд, урьдаас мэдсэн хүмүүсээ Тэр бас Түүний дүртэй адил болгохоор урьдаас тогтоосон юм. Тэр урьдаас тогтоосон хүмүүсээ мөн дуудсан. Тэр дуудсан хүмүүсээ мөн зөвтгөсөн. Тэр зөвтгөсөн хүмүүсээ мөн алдаршуулсан” гэсэн. Ефес 1:5 болон 11 “Тэр Өөрийн хүслийн сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр Өөрийнхөө хөвгүүд болгон үрчлэн авахаар урьдаас тогтоожээ... Бүх юмсыг хүслийнхээ зөвлөгөөгөөр үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Түүний дотор өв залгамжлагчид болсон юм” гэж тунхагласан. Олон хүмүүс урьдаас товлолтын онолыг дайсагнаж үздэг. Гэвч үнэндээ урьдаас товлолт бол библид үндэслэсэн онол юм. Гол түлхүүр нь урьдаас товлолт гэж юу вэ гэдгийг библийн дагуу ойлгох явдал.
Бичээст “урьдаас товлолт/тогтоолт” гэж орчуулагдсан үг бол Грек хэлний прооризо гэдгээс гаралтай бөгөөд “урьдаас тодорхойлсон”, “томилсон”, “цаг хугацааны өмнөөс шийдэх” гэсэн утгыг тээж байдаг. Тиймээс урьдаас товлолт гэдэг нь Бурхан цаг хугацаа нь болохоос өмнө ямар нэг зүйлсийг бий болгохоор тогтоосон гэсэн үг. Цаг хугацаа нь болохоос өмнө Бурхан юуг тогтоосон юм бол? Ром 8:29-30-г харвал Бурхан тодорхой хувь хүмүүсийг Өөрийн Хүүтэй адилхан болж, дуудагдан, зөвтгөгдөж, алдаршуулагдах байдлыг баталж урьдаас тогтоосон. Хамгийн чухал нь Бурхан тодорхой хувь хүмүүсийг аврагдахаар урьдаас тогтоосон байна. Христ доторх итгэгчид сонгогдсон байсан гэдгийг маш олон бичээсийн хэсгүүд дурьдсан (Матай 24:22, 31; Марк 13:20, 27; Ром 8:33, 9:11, 11:5-7, 28; Eфес 1:11; Колоссай 3:12; 1 Tесалоник 1:4; 1 Тимот 5:21; 2 Тимот 2:10; Тит 1:1; 1 Петр 1:1-2, 2:9; 2 Петр 1:10). Урьдаас товлолт бол Бурхан Өөрийн хэмжээлшгүй эрх мэдлээр тодорхой хувь хүмүүс аврагдана гэж сонгосон гэх библийн үзэл баримтлал юм.
Урьдаас товлолтын онолыг асуудал болгон тавьдаг хамгийн нийтлэг эсэргүүцэл бол энэ үзэл “шударга бус” гэдэг. Яагаад Бурхан бүхнийг бус “тодорхой хувь хүмүүсийг” сонгох вэ? Энэ асуудалтай холбоотой нэг чухал зүйл бол бид бүгд бүгдээрээ аврагдах зохисгүй байсан. Бид бүгд гэм нүгэлтэй (Ром 3:23) бөгөөд мөнхийн шийтгэл авах ёстой (Ром 6:23) байсан. Үүний үр дүнд хэрэв Бурхан бид бүхнийг бүгдийг нь тамд үүрд мөнх байлгах хэвээр нь орхисон байсан ч Тэр төгс зөв байх байсан. Гэвч Бурхан бидний заримыг нь аврахаар сонгодог. Сонгогдоогүй хүмүүсийн хувьд Тэр шударга бус байхгүй, яагаад гэвэл тэд авах ёстой зүйлээ л хүлээн авдаг. Бурханы сайн дурын, нигүүлслийн сонголт заримд нь байх нь бусдын хувьд шударга бус зүйл биш. Хэн ч Бурханаас ямар нэг зүйл авах зохисгүй. Тийм болохоор хэн нэгэн Бурханаас ямар нэг юм аваагүйгээ асуудал болгон заргалдах ёсгүй. Энэ нь хорин хүний ямар ч шалгуургүй, аль нэг таван хүнд нь мөнгө өгч байгаа жишээтэй адил болно. Мөнгө аваагүй үлдсэн арван таван хүн уурлах ёстой юу? Тэгж магадгүй. Гэхдээ тэд уурлах эрх байгаа юм уу? Үгүй, тэдэнд байхгүй. Яагаад? Тухайн хүн ямар ч мөнгө өгөхөөр амлаагүй шүү дээ. Тэр зүгээр л гэнэт зарим хүнд нь энэрэнгүй байхаар шийдсэн.
Хэрэв Бурхан аврагдах хүмүүсийг сонгодог бол тэр нь биднийг Христийг сонгож, Түүнд итгэх чөлөөт сонголтыг хүчингүй болгохгүй гэж үү? Библи бидэнд сонголт байгаа бөгөөд Есүс Христэд итгэсэн бүхэн аврагдах болно (Иохан 3:16; Ром 10:9-10) гэдэг. Бурхан Түүнд итгэж байгаа хэнийг ч үл тоомсорлож, Түүнийг хайж байгаа хэнээс ч нүүрээ буруулж байсан гэж Библид хэзээ ч дүрслэгдээгүй (Дэд хууль 4:29). Ямар ч байсан Бурханы нууцлаг мэдлэгээр урьдаас товлолт нь Бурханаар татагдсан (Иохан 6:44), аврал авахаар итгэж байгаа хүний (Ром 1:16) үйлдэлтэй маш их уялдаа, нийцтэй байдаг нь харагддаг. Бурхан аврагдах хүмүүсийг урьдаас тогтоодог бөгөөд бид ч аврагдахын тулд Христийг сонгох ёстой. Энэ хоёр зарчим хоёул тэнцвэртэй үнэн. Ром 11:33 ингэж тунхагладаг. “Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ!”
English
Урьдаас товлолт гэж юу вэ? Энэхүү товлолт нь библийн дагуу мөн үү?