Сүнслэг тэмцлийн талаар Библи юу гэдэг вэ?




Асуулт: Сүнслэг тэмцлийн талаар Библи юу гэдэг вэ?

Хариулт:
Сүнслэг тэмцлийн талаар хүмүүсийн ер нь гаргадаг хоёр үндсэн алдаа байдаг. Үүнд: хэтэрхий чухалчлах, эсвэл тоохгүй байх. Зарим нь гэм нүгэл болгонд, зөрчил болгонд, асуудал болгонд чөтгөр диаволыг буруушааж, түүнийг хөөн зайлуулах гэдэг. Зарим нь Библид бидний тэмцэл бол сүнслэг хүчнүүдийн эсрэг гэж хэлсэн бодит баримт байхад ч сүнслэг ертөнц байгаа гэдгийг бүрэн үл тоомсорлон ханддаг. Сүнслэг тэмцлийн амжилттай байх түлхүүр нь библийн балансыг олж авах явдал. Есүс зарим үед хүмүүсээс диаволыг хөөн гаргаж, зарим үед ямар муу сүнсний үйл ажиллагааг дурьдалгүй хүмүүсийг эдгээсэн тохиолдол бий. Элч Паул Христитгэгчдэд өөрсдөд нь буй гэм нүглийн эсрэг тэмцэх (Ром 6), мөн хорон муу нэгний эсрэг тэмцэхийн (Ефес 6:10-18) аль алинд нь уриалсан.

Eфес 6:10-12 “Эцэст нь Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн. Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ” гэж тунхагладаг. Энэхүү хэсэг маш чухал ач холбогдолтой дараах үнэнийг бидэнд мэдүүлдэг. Бид энэ ертөнцөд хорон муу нэгний эсрэг сүнслэг тулаан хийх тэмцэлдээ зөвхөн Эзэний хүч чадал дотор, биднийг хамгаалж буй Бурханы хуяг дуулга дотор л хүчтэй байж чадна.

Эзэний хүч чадал дотор хүчирхэг байгаа нэгний тухай маш тод жишээ нь Иуда 9 ишлэлд гарч буй тэргүүн тэнгэр элч Михаел юм. Бурханы бүх тэнгэр элчүүдийн хамгийн хүчирхэг нэгэн байх боломжтой Михаел өөрийн хүчээр Сатаныг зэмлэлгүй харин оронд нь “Эзэн чамайг буруушааг” гэж хэлсэн. Илчлэлт 12:7-8 дээр эцсийн өдрүүдэд Михаел Сатаныг ялах болно гэж бичигдсэн. Гэсэн ч Сатантай зөрчилдөх үедээ Михаел Сатаныг өөрийнхөөрөө бус Бурханы нэр болон эрх мэдлээр буруушаасан. Христэд итгэгчид зөвхөн Есүс Христтэй харилцах харилцаагаараа л Сатан болон түүний диаволуудын дээгүүрх эрх мэдэлтэй байдаг. Зөвхөн Түүний нэрээр л бидэнд буруушаах хүч чадал байгаа билээ.

Eфес 6:13-18 дээр Бурханы бидэнд өгсөн сүнслэг хуяг дуулгын талаар дүрсэлсэн. Бид үнэний бүс, зөвт байдлын хуяг, амар тайвны сайн мэдээ, итгэлийн бамбай, авралын дуулга, Сүнсний сэлэмтэйгээр болон Сүнс дотор залбирснаар зоригтой зогсож чадна. Сүнслэг байдлын хуяг дуулгын эдгээр хэсгүүд нь сүнслэг тэмцлийн юуг төлөөлж байгаа бол? Бид Сатаны худал хуурмагын эсрэг үнэнийг ярьдаг. Бид Христийн бидний төлөөх өргөлөөс болж зөвт хэмээн тунхаглагдсан гэх үнэн дотор амралтыг эдэлдэг. Бид хичнээн их эсэргүүцэлтэй тулгарч байсан ч ямар ч шалтаггүй сайн мэдээг тунхагладаг. Биднийг хичнээн хүчтэйгээр эсэргүүцэн дайрч байсан ч итгэлдээ эргэлзэхгүй зогсдог. Бидний туйлын хамгаалалт бол ямар ч сүнслэг хүчин булаан авч чадахгүй аврал, буюу түүний баталгаа бидэнд байдаг. Бидний дайрах зэвсэг бол бидний мэдрэмж юмуу үзэл бодол бус харин Бурханы үг. Бид Есүсийн жишээг дагаж зарим сүнслэг тэмцэл зөвхөн залбирлаар л боломжтой байдаг гэдгийг таньж мэдсэн.

Сүнслэг тэмцлийн хувьд Есүс бол бидний туйлын жишээ мөн. Есүс цөлд соригдож байх үедээ Сатанаас шууд ирсэн дайралтыг хэрхэн давж байсныг ажигла (Матай 4:1-11). Уруу татлага бүр нь яг л адилхан арга замаар буюу “ингэж бичигдсэн байдаг” гэх үгсээр хариулт өгөгдсөн. Есүс диаволын уруу татлагын эсрэг хамгийн хүчирхэг зэвсэг бол амьд Бурханы үг гэдгийг мэдэж байсан. Хэрвээ Есүс Өөрөө диаволтой тулгарахдаа Үгийг ашигласан бол бид яаж өөр зүйлийг ашиглах гэж зүрхлэх вэ?

Сүнслэг тэмцэлд ийм байдлаар оролцож болохгүй гэх хамгийн муу жишээг Скюгийн долоон хөвгүүдийн түүхээс харж болно. “Гэвч мөн шившлэг хийдэг тэнүүлчин иудейчүүдийн зарим нь бузар сүнснүүдтэй хүмүүст Эзэн Есүсийн нэрээр -Паулын тунхагладаг Есүсээр та нарыг би хөөж байна гэж шившлэг хийхийг завджээ. Иудей ахлах тахилч Скюгийн долоон хөвгүүн үүнийг үйлдэж байв. Муу сүнс тэдэнд -Би Есүсийг танина. Паулыг ч мэднэ. Харин та нар хэн юм бэ? гэв. Тэгтэл муу сүнстэй мөнөөх хүн тэдэн уруу ухасхийн дайрч мөнөөх хэдийг хүчээрээ түрэмгийлж, дийлэв. Нөгөө хэд ч гэмтэж шархдан тэр байрнаас нүцгэн шалдан гараад зугтав” (Acts 19:13-16). Скюгийн долоон хөвгүүн Есүсийн нэрийг ашигласан. Тэр нь хангалтгүй байв. Скюгийн долоон хөвгүүн Есүстэй ямар ч харилцаагүй байсан болохоор тэдний үгс нь ямар ч хүч чадал эсвэл эрх мэдэлгүй хоосон байсан. Скюгийн долоон хөвгүүн зөвхөн арга барилд найдаж байв. Тэд Есүсийг өөрсдийн Эзэн болон Аврагч гэж найдахгүй, мөн сүнслэг тэмцэлдээ Бурханы үгийг эзэмшээгүй байсан. Үүний үр дүнд тэд доромжлол, зодуур амссан. Бид тэдний муу жишээнээс суралцаж Библийн зааварлаж байгаа сүнслэг тэмцлийн хандлагатай байхыг сурч болох юм.

Дүгнэн хэлэхэд сүнслэг тэмцэлд амжилттай байх ялалтын түлхүүр нь юу вэ? Нэгдүгээрт, бид өөрсдийн бус Бурханы хүч чадалд найдах юм. Хоёрдугаарт, бид өөрсдийн бус Есүсийн нэрээр буруушаадаг. Гуравдугаарт, бид өөрсдийгөө Бурхан бүрэн хуяг дуулгаар хамгаалдаг. Дөрөвдүгээрт, бид тэмцэлдээ Бурханы үг болох Сүнсний сэлмийг ашигладаг. Эцэст нь хэлэхэд бид Сатан болон түүний чөтгөрүүдтэй сүнслэг тэмцлийг хийж байх үедээ гэм нүгэл эсвэл асуудал болгонд диаволыг зэмлэн зайлуулах ёстой биш гэдгийг санаж байх нь чухал.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Сүнслэг тэмцлийн талаар Библи юу гэдэг вэ?